Монголын их аваргууд Нагоя башёгийн түрүү булаалдлаа

Мэргэжлийн сүмогийн зуны барилдаан Нагоя башёд Монголын их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар хамгийн цөөхөн өвдөг шороодсоноор барилдааны сүүлчийн өдөр түрүү бөх тодорлоо. Хоёр их аваргын хооронд энэ башёгийн хамгийн сүүлчийн барилдаан болоход хэн хэн нь барьц булаалдан халж, сэлгэж байгаад Какүрюү мавашинаас давхар барьж, шигшиж түрэн ерикири мэхээр давснаар 14 давж, нэг унасан үзүүлэлттэй түрүүлэв. Ийнхүү мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нуруундаа гэмтэлтэй ч гэлээ долоон башёгийн дараа зургаа дахь түрүүгээ хүртсэн юм. Тэрбээр Нагоя башёд түрүүлж байгаагүй аж. Харин гэмтэл бэртэл нь бүрэн гүйцэд эдгээгүй ч их аварга Хакүхо М.Даваажаргал 12 давж, гурван удаа ялагдсанаар зуны тэмцээнийг дуусгав.

Сэкивакэ цолтой барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил энэ удаа тааруухан барилдаж, тав давж, 10 унасан бол маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн Ичиножо А.Ичинноров ес даван, ирэх есдүгээр сарын тэмцээнд чансаа өгсөх боллоо.

Дээд зиндаанд дээрх бөхчүүдээс гадна маэгаширагийн баруун жигүүрийн есдүгээрт эрэмбэлэгдэж, хүч сорьсон Дайшохо Ч.Шижирбаяр зургаа давж, есөн удаа ялагдсан үзүүлэлттэй долдугаар сарын тэмцээнийг дуусгасан юм.

Ташрамд сонирхуулахад, энэ башёг Гоэйдо, Такаяасү, Такакейшо, Точиношин гэсэн дөрвөн озэки цолтон өндөрлөж, ирэх есдүгээр сард Такакейшо цолоо хураалгаж, сэкивакэ цолтой барилдах бол Гоэйдо, Точиношин нар цол хамгаалах барилдаан хийх болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)