Монголын заяа өндөр

Би илүү ч үгүй, дутуу ч үгүй жирийн нэг монгол хүн. Магадгүй сэтгүүлч хэмээх мэргэжил маань л бусдаас жаахан ялгарах зүйл байж болох. Миний судсаар монгол хүний нэгэн адил цус урсаж, зүрх маань Монголын төлөө цохилдог. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлан, таван жилийн хугацаанд 1000 оюутан тэтгэлэгтэй сургах болсны эхний ээлжинд би багтаж, өнгөрсөн жил хилийн дээс алхан, тус улсад суралцах болсон юм.

Ийн дурдсаны учир нь тэнд амьдарсан нэг жил орчмын хугацаанд мэдэрсэн, туулсан, үзсэн бүхнээ элэг нэгтнүүдтэйгээ хуваалцах гэсэн хэрэг. Би монголчуудын нийтлэг жишгээр хятадуудад тийм ч талтай биш. Түүхээс улбаалсан энэ нүд үзүүрлэх сэтгэл надад хэзээ, хэрхэн бий болсныг харин мэдэхгүй юм.

Гадаадад амьдарч, галуу шувууны мах идэх гэсэндээ ч биш, Монголын боловсролын тогтолцоо, чанарыг чамласандаа анх хүний нутагт сурах боломжийг эрэлхийлсэн. Харин хэзээ ч Хятадад сурах тухай бодож байсангүй. Гэтэл сурах нөхцөл, хангамж зэрэг нь анхаарал татаж, материал бүрдүүлээд, тэнцсэн тул эл улсыг зорьсон юм.

Ханз үсэгний талаар “А”-гүй намайг Улаанбаатарт сургалтад суух гэтэл найзууд маань орчинд нь очиж сурахыг зөвлөсөн. Хүнд нь дургүй, хятад хэлний анхан шатны мэдлэггүй би хичээлийн эхний хэдэн хоногоос л шантарч эхэлсэн. Дашрамд хэлэхэд, гадаад хэл сурах сууриа Монголдоо тавих нь хамгийн зөв юм билээ.

Улсдаа эхний зургаад, боловсролын чиглэлээрээ толгой цохидог Бээжингийн багшийн их сургуульд би сурдаг. Сургуулийн удирдлага гадаад оюутнууддаа ихэд анхааран, бидэнд зориулж, жилд хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулна. Европ, солонгос хүмүүст хятадууд тун элгэмсүү. Харин монгол гэхээр тийм таатай хүлээж авахгүй ч дургүй байгаагаа улайм цайм илэрхийлэхгүй. Яг л бидэн шиг. Зарим нь түүхийн суурь ойлголтгүй юм уу, газар зүйн ерөнхий мэдлэггүй байдаг уу, аль эсвэл янз үздэг үү “Монгол гэж хаана байдаг юм” гэнэ.

Өөр нэг нь “Танай улс манай нэг хэсэг байсан” гэх нь ч бий. Тэгэхээр нь тэдэнд “Тэр үед Хятад гэж улс байгаагүй, хятад, монгол хоёулаа Манжийн эрхшээлд байсан юм шүү дээ” гэж хэлмээр байвч хэлний бяд хүрэхгүй нь хэцүүхэн. “Монгол” гэж хэлэхэд инээмсэглээд, зүгээр толгой дохиод өнгөрөх нэг нь ч бий. Манайхан ч бас хүний нүдэнд гэм хийж харагдаад, “Аль улс вэ” гэж асуувал улсынхаа нэрийг гаргахгүйг хичээнэ. Хятадуудад таалагдах нэн онцгой шаардлага гарсан үед бол солонгос гэнэ. Улаан цайм дэргэд нь монголоор яриад байхад зарим нь солонгос гэдэгт итгэчихдэг, сонин шүү.

Энэ нь монгол хүний яриаг төдийлөн сонсож байгаагүйтэй холбоотой юм уу гэж би хожим “тайлсан”. Бээжинд сурдаг оюутнуудын талаар монголчууд “Архиддаг, шоуддаг, хичээл номоо хаядаг” гэсэн нийтлэг ойлголттой. Эндхийн шөнийн цэнгээний газрууд нь дотоодынхныгоо татахын тулд гадаад иргэдээс төлбөр авдаггүй, бас уух зүйлээр үнэгүй дайлдаг учраас үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүд, зорилгогүй нэгэн бол замаа алдах магадлалтай. Харин манай сургуульд суралцдаг монголчуудын хувьд олонх нь нас тогтож, амьдрал ахуйгаа товхинуулчихсан, боловсрол эзэмшихийг илүүд үзэх тул зугаа цэнгэлээс хол.

Сургуулиас гадаад оюутнуудад зориулан зохион байгуулсан анхны үйл ажиллагаа нь түмэн газрын Цагаан хэрэм үзэх аялал байв. Бээжингээс хоёр цаг орчим яваад хүрэх, 8000 гаруй км үргэлжилдэг энэ хэрмийг барихад 2000-аад жил зарцуулсан гэдэг. Хаан нь луу зүүдлээд, ард түмнээ хамгаалах гэж луун хэлбэртэй байгууламж бариулсан гэх мэт олон домог бий. Хэрэм барих явцад гурван сая орчим хүн нас барсныг тэнд нь оршуулсан аж.

Тиймээс Цагаан хэрэмийг дэлхий дээрх хамгийн урт оршуулгын газар ч гэгддэг. Дэлхийн долоон гайхамшгийн нэгийг үзэж явахдаа энэ агуу байгууламжийг барьсан бус, барихад хүргэсэн өвөг дээдсээрээ бахархаж байлаа. Буцах замд бидэн дундаа хятад хэлэнд гаргууд эмэгтэй Хятадын гар урлалын хүүхэлдэй авсан юм. Тэрбээр “Хэлийг нь сурахаар соёлд нь уусдаг юм байна. Юм бүхэн нь л гоё харагдаад байдаг. Гэтэл гэрийнхэн маань ойлгохгүй. Муухай юм авчирлаа гэдэг” хэмээн ярив. Хэл сурах гэж үйлээ үзэж байгаа над мэтэд энэ үг хүнд туссан. Соёлд нь уусахын төлөө хэл сурах хэрэг байна уу гэж бодсон.

Харин хариултаа Д.Болдбаатар гуайн “Хятад хэлний сурах бичиг” номноос олсон юм. Тус номонд үндэсний аюулгүй байдлаа гадаад хэлээр дамжуулан, хэрхэн хамгаалах тухай цухас өгүүлсэн байлаа. “Дайсныхаа хэлийг мэдэхгүй байж, хариу үйлдэл үзүүлнэ гэдэг юу л бол”. Над мэтийн үндсэрхэг үзэлтэй хүнд энэ үг гадаад хэл сурахад ташуур өгнө. Ер нь хятад хэлийг хэцүү гэж бодсоны хэрэггүй. Толгой эргүүлсэн олон дүрэм үгүй, англи хэл шиг олон цаг байхгүй учраас харин ч амархан. Ингэж бодвол сурахад ч дөхөмтэй.

Хоёр дахь удаагаа Цагаан хэрмэн дээр гарахдаа анхныхаасаа огт өөр зүйл мэдрэв. Багш маань “Урьд очсонтой чинь адилгүй, илүү өндөр, үзэсгэлэнтэй” гэсэн тул дахин Цагаан хэрэмийг зорьсон юм. Эхний удаа дэлхийн долоон гайхамшгийн нэг гэдгээр нь л харсан бол хоёр дахь удаагаа “Энд монгол хүний цус урссан, эл хэрмийг давах гэж монгол хүн амиа алдсан” гэж бодохоор өөрийн эрхгүй гуниг хурж байлаа.

Энэ хэрмэн дээр гарсан анхны болоод сүүлчийн монгол хүн би биш ч гэлээ элэг нэгтгэн нь ирсэн шүү гэдгийг зарлах гэж, Цагаан хэрмэн дээр гараад буух хүртлээ гар утсан дээрх цорын ганц монгол дуугаа чангалж байгаад сонсов. Хэн нэгэнд энэ нь инээдтэй мэт санагдаж болох ч надад бол тийм байгаагүй юм шүү. Эх орныхоо төлөө амиа өгсөн эрэлхэг эрс тэр дууг сонссон гэдэгт яагаад ч юм би итгэсэн. Яг үнэндээ бид л хятадуудтай өөрсдийгөө харьцуулж, хэзээ мөдгүй бидэн рүү дайран, эзлэх юм шиг санадаг болохоос цаадуул чинь Америктай өрсөлдөөд, мань мэтийг анхаарах сөхөөгүй байдаг юм билээ.

Хятадын эдийн засаг сайжирсантай холбоотойгоор, бас бус зорилгоор тус улсын Засгийн газраас эх хэлээ дэлхий нийтэд дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарах болж. Тэр дундаа хөгжиж байгаа болон буурай улсад Засгийн газрын тэтгэлгээ их зарладаг. Өөрөөр хэлбэл, хятад хэл сурсных нь төлөө мөнгө өгдөг. Тэднээс гадна сүүлийн үед хөгжингүй орны иргэд ч англи хэлнээс дутахгүйгээр хятад хэл сурахыг эрмэлзэх болсныг жилд таван сая гадаад хүн хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгдгөөс харж болно. Хэдий дэлхийн долоон хүн тутмын нэг нь ярьж байгаа хэлийг сурах нь бидэнд илүүдэхгүй ч үндэсний аюулгүй байдал талаасаа харгалзан үзэж, хяналт тавихад гэмгүй юм шиг ээ.

Гурван саяулхнаа хэрнээ нэг тэрбум хүнтэй өөрсдийгөө харьцуулж, өндөлздөг бид ч аугаа ард түмэн. Хятадын сонсголын бэрхшээлтэй хүний тоо нь л манай хүн амын тооноос даруй гурав дахин их. Бидний ад үзэж, үл тоодог хятад хүмүүс хэчнээн хичээнгүй, хөдөлмөрч гэж санана. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл номын санд суух оюутнууд үүний нэгээхэн жишээ. Хүн ам ихтэйгээсээ ч болдог уу, оюутнууд нь өдөр, шөнөгүй хичээл хийнэ. Чадварлаг ч гэж жигтэйхэн.

Англи хэлний дуудлагаа засах гэж нэг эхийг хэдэн зуун удаа уншина. Өндөр настай гэлтгүй хүмүүс нь дугуй унаж, өглөө бүр алхан, үдэш бүр дасгал хийнэ. Хүмүүс нь ийм хичээнгүй, хөдөлмөрч байхаар улс орон нь хөгжилгүй ч яах билээ. Харин манай ахмад настнууд тэтгэвэртээ гарч, ач зээгээ харахаас илүү гардаггүй, өөрийнхөө эрүүл мэндэд төдий л анхаардаггүй. Түүнчлэн хятад багш нар хичээлийн цагийг чанд баримтална. Манайхны зарим багш хичээлийн цаг нөхцөөж, аахар саахар зүйл ярих энүүхэнд байдаг бол энд тэгж оромдох явдал өчүүхэн ч гардаггүй. Хичээлийн цагаас таван минут хоцорсон багш оюутнуудаасаа уучлал гуйж, бөхөлзөнө.

Ер нь барагтаа бол хоцрохгүй. Оюутнууддаа мэддэг бүх зүйлээ зааж өгөхийг эрмэлзэнэ. Манай багш нар асуусан зүйлийг нь мэдэхгүй бол загнаж, хараана. “Би та нарт заасан биз дээ” гэж уурлана даа. Харин тэд тэгэхгүй. “Маш сайн байна. Дахиад нэг оролдоод үз дээ” гэж урамшуулна. Хүний нутагт очоод өөрийнхийгөө ад үзэж байгаа юм биш шүү. Бусдын сайныг нь авч, мууг нь хаян, алдаа дутагдлаа засах нь бидэнд л хэрэгтэй.

Хятадуудын хөгжлийг хойш татдаг, бохир гэж нэрлэхэд хүргэдэг зүйл нь ариун цэврийн өрөө, нус цэрээ хаа хамаагүй хаядаг явдал. Хятадад байх хугацаандаа цэвэрхэн жорлонтой бараг таараагүй. Хаалгагүй, аль эсвэл нэг хүний бохир нь нөгөө хүний доогуур урсаж байж шугам хоолой руу орох жишээтэй. Гэсэн ч тэд үүнийг юман чинээ тоохгүй. Яг л манайхан нүхэн жорлондоо сэтгэл хангалуун бус ч бие зассаар байдаг шиг юм уу даа. Бид ч модон жорлонгоо сайжруулах гэж оролдохгүй шүү дээ.

Монгол гэж цээжээ дэлдэн, нулимс дуслуулах, бас “Би бол хятад хүн” гэж хэлэх өвөрмонголтой таарч байлаа. Бас тэд монголчуудыг хятадуудаас ч илүү залилдаг гэх. Өвөрмонголчуудыг Монголд очиход монголчууд дээрэлхдэг учраас тэд ч хариугаа авдаг гэлцэнэ. Эцсийн эцэст бидний судсаар нэг л цус гүйж байгаа. Хааяа би боддог юм. Дэлхийн талыг эзэлж явсан хүмүүс хаа одсон юм бол оо гэж. Зүгээр л заримдаа тэд монгол биш юм шиг зан гаргадаг.

Хүний нутагт амьдрахаар л эх орон гэж юу вэ гэдгийг ойлгож, нутаг амьтай болдог юм шиг ээ. Хөдлөх, ярих бүрт “Миний биш, Монголын нэр гарч байгаа” гэж бодогдоно. Ер нь “Монгол” гэж цээжээ дэлдэхээсээ өмнө эх орныхоо нэрийг муугаар гаргахгүй байх нь хамгийн энгийн байдлаар нутаг усаа хайрлан, хамгаалж байгаа явдал юм шиг надад санагдсан. “Би туурга тусгаар Монгол Улсын иргэн” гэж ам бардам хэлэх ямар сайхан гэж санана. Өөрийн гэсэн эх оронтой, ярих эх хэлтэй байна гэдэг ямар аугаа бахархал гээч. Минийх гэж хэлж чадах юм бүхэн бий, эх оронд минь. Монголын заяа өндөр гэдэгт би үргэлж итгэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)