Монголын Д.Урианхай Азийн тэргүүн найрагч боллоо

Монголын нэрт соён гэгээрүү­лэгч, зохиолч, яруу найрагч Дам­динсүрэнгийн Урианхай “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэ­мээх эрхэм хүндтэй шагналын анх­ны эзнээр тодорсныг өчигдөр албан ёсоор зарлав. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ. Тэд манайхаас Д.Урианхай зохиол­чийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сон­гогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарчээ. 

Асар хурдацтай хувиран өөрч­лөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламж­лал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэр­хийлсний учир...” хэмээн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тодорхойлсон байна. Д.Урианхай зохиолч шаг­налаа маргааш, Гвоньжу хотноо зохиогдож буй олон улсын яруу найргийн чуулганы хаалтын үеэр гардан авах гэнэ. Шагналаа гар­дах үеэр тэрбээр Орчин цагийн хүмүүсийн сэтгэл зүй хийгээд яруу найргийн тухай лекц унших юм байна. 

“Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх энэхүү шагнал нь шүүлт, зохион байгуулалт, тухайн зохиолчид олгох мөнгөн дүн гээд бүхий л талаараа Нобелийн шагнал­тай дүйцэхүйц гэдгийг Солонгос дахь “Азийн утга зохиол” сэтгүү­лийн редакцын зөвлөлийн гишүүн П.Батхуяг онцолсон. Тэрбээр өнгөр­сөн хугацаанд түүний уран бүтээ­лийн тухай шүүмж, өгүүлэл бичих хүндтэй бөгөөд хариуцлагатай үүр­гийг голлон гүйцэтгэжээ. 

Монгол зохиолч, монгол оюун санаа дэлхийд хүлээн зөвшөөрөг­дөж эхлэхэд томоохон түүчээ бол­сон хүн нь Д.Урианхай зохиолч гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Фран­цын нэрт эрдэмтэн судлаачдын багаас эрхлэн гаргадаг “Дэлхийн нэг шүлгийн ном”-д хүн төрөлхт­ний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг хоёр жил тутамд нэг удаа шалгаруулж зөвхөн ганц шүлгийг сонгож ном хэвлүүлдэг билээ. Тэгвэл таван жи­лийн өмнө түүний “Инээд шиг хуу­чин хүний амьдралд” хэмээх пост­ модерн авангард чиглэлийн шүлэг нь энэхүү номонд (олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаа­дын номын сангуудад үүнийг тус­гайлан дурсгадаг) багтаж, тэрбээр Монголоос төдийгүй Азиас анх удаа шалгарсан зохиолч болж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)