Монголын гэрэл зурагчны бүтээл дэлхийд гуравт шалгарлаа

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос оны шилдэг гэрэл зургийг тодруулах “Алтан агшин” уралдаан зарласан. Үүнд 125 орны уран бүтээлч оролцсоны нэг нь Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат юм. Түүний “Шүүрэхийн өмнө” нэртэй гэрэл зураг 1794 бүтээлтэй өрсөлдөн, гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Зохион байгуулагчдын зүгээс эхний ээлжид 1794 зургаас шилдэг 30-ийг шалгаруулсан. Үүний дараа шилдэг 10 гэрэл зургийг, эцсийн шатанд шилдэг гурван бүтээлийг тодруулав. “Алтан агшин” төрөлд нэгдүгээр байрыг “Франс-Пресс” агентлагийн гэрэл зурагчин Хуан Арболедагийн “Хязгаарыг чи тогтоо” эзэлжээ. Хоёрдугаар байрт боскын спортын торгон агшныг харуулсан, “Синьхуа”-гийн гэрэл зурагчин Жуан Угийн бүтээл шалгарсан байна.

Уран бүтээлч Ч.Ганбат “Шүүрэхийн өмнө” бүтээлдээ нүүдэлчин монголчуудын уламжлалт уурга шүүрэх зан үйлийг харуулжээ. Уг зургаа Төв аймгийн нутагт авсан аж. Тэрбээр дөрвөн олимп болон Азийн хэд хэдэн наадмыг сурвалжилж, спортын торгон агшнуудыг гэрэл зурагтаа буулгаж байсан юм. Тэдгээр бүтээлээрээ “Улаанбаатар-370”, “Тал хээрээс тундр хүртэл”, “Үл мартагдах агшин “Лондон-2012”, “Сочи-2014”, “Инчоны Азийн наадмын 10 агшин” зэрэг үзэсгэлэн гаргажээ. Мөн “Монгол бөх гиннест”, “Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлсэн юм байна.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар их хурал энэ сарын 3-нд Унгарын Будапешт хотод эхэлсэн. Тус холбоо их хурлаа угтан өнгөрсөн онд спортын сэтгүүл зүйн шилдэг бичлэг, нийтлэл, видео болон гэрэл зургийн бүтээлүүдийг шалгаруулах уралдаан зарласан юм. Уралдааны шилдгүүдийг тодруулах “AIPS sport media awards” ёслолыг уржигдар их хурлынхаа хүрээнд зохион байгууллаа. Тус холбооны их хурал маргааш өндөрлөх аж.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)