МОНГОЛЫН ГЭГЭЭ

ШИНЖЛЭХ УХААНД НЭРЭЭ ТАМГАЛСАН МОНГОЛ

Монгол Улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавтгайн Намсрайг “Өнөөдөр” сонин энэ оны “Монголын гэгээ”-дээ онцолж байна. Буурал академичид Монголын төр гүн хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор өнгөрсөн сард энгэрийг нь мялаасан билээ. Тэрбээр шинжлэх ухааны салбараас анхны, харин Монголын түүхэнд найм дахь “Чингис хаан” одонт. Дэлхийн шинжлэх ухаанд нэрээ тамгалсан цөөхөн монгол эрдэмтний нэг нь Х.Намсрай гуай. Бүтэцгүй гэгдэж ирсэн эгэл бөөмсийн урсгал ямар бүтэцтэй болохыг тогтоож, түүнийгээ “Намсрайн дөхөлт”, “Намсрайн онол” нэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан.

Нобелийн 22 шагналтан, нийт 800 гаруй эрдэмтнийг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн академийн гишүүн тэрбээр олон улсын шинжлэх ухааны соруудын нээлт, бүтээлийг шүүх эрхэм үүрэг бүхий эрдэмтдийн эгнээнд багтдаг цорын ганц монгол эрдэмтэн юм.

 


ЖҮДОЧИД ГУРАВ ДАХЬ ДЭЛХИЙН АВАРГАА ЧЕЛЯБИНСКИЙН ТАТАМИГААС ӨЛГИЙДЛӨӨ

Улиран одож буй 2014 онд Монголын спортын салбарынхан тив, дэлхийд нэрээ олонтаа цуурайтууллаа. Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон ОУХМ Ганбатын Болдбаатар аваргалж, төрийн далбаагаа Челябинскийн тэнгэрт мандуулсан юм.

Ийнхүү монголчууд жүдо бөхөөс төрсөн гурван дэлхийн аваргаа өнгөрсөн наймдугаар сарын 25-нд өлгийдөн авав. Дараа нь Узбекистаны Ташкент хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Сүхээгийн Цэрэнчимэдийг дийлэх хүчтэн байсангүй. Дэлхийн аваргад анх удаагаа оролцсон 19 настай С.Цэрэнчимэдийн Ташкентийн дэвжээнд хийсэн барилдаан бөхөө дээдэлдэг Монгол түмний баяр, бахдалыг төрүүлж байлаа. Чөлөөтийнхнөөс мөн О.Бурмаа, Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар хүрэл медаль зүүсэн билээ. Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотод болоход 234 тамирчны бүрэлдэхүүнтэй Гуулин улсыг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав. Манайхан 1974 онд Азийн наадамд оролцож эхэлснээс хойш 1990 онд 17 медаль, 1982 онд гурван алт авсан нь дээд амжилт байв. Тэгвэл энэ удаа монголчууд нийт медаль болоод алтынхаа тоогоор дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Ялангуяа Инчонд Монголын сагсан бөмбөгчид цахиур хагалсан юм. Сүмогийн ертөнцийг монгол залуу Ичиножёо Ичинноров 2014 онд донсолголоо. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн ч дөрвө башёгийн дараа дээд зиндаанд хүч үзэх болсон юм. Энэ хугацаанд сүмогийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд макүүчи зиндаанд зодоглосон хоёр дахь тэмцээндээ сэкиваки цолонд хүрчээ.

УЛИАСНЫ УНГИРАЛ ХОТООР “ЗУГААЛААГҮЙ” ЗУН

Дэлхийд гайхагдахаар том үйл биш хэдий ч нийслэлчүүдийн хувьд жилийн жилд толгойн өвчин болдог байсан улиасны унгирлаас ангижруулж чадсан гавьяаг бид Монголын гэгээ болсон бүтээлч ажил хэмээн онцолж байна. Жил бүрийн зун хот даяар улиасны хөвөн хийсч, хамар ам загатнуулан, харшилтай хүмүүст жинхэнэ “там” болдог байсан бол энэ гайтай унгирлыг өнгөрсөн зун ор мөргүй алга болгож чадсан хүн бол доктор, профессор Б.Сангидорж юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийнхэн энэ чиглэлээр олон жил судалгаа шинжилгээний ажил хийсэн энэ эрдэмтэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний зөвлөснөөр гуравдугаар сараас моднуудад хэлбэржүүлэлт хийж, улиасны унгирал гаргадаг мөчир буюу болцууг тайрсан аж. Доктор Б.Сангидорж унгирал юунаас болж их хэмжээгээр хийсээд байгааг судалсны үр дүнд улиас модны эр, эмийн баланс алдагдсанаас үүдэлтэй болохыг тогтоосон байна. Нийслэлд 4700 улиас байдгаас 3500 нь эм улиас аж. Тиймээс улиасны унгирал их хэмжээгээр ялгарч салхинд хийсдэг байжээ. Хаврын улиралд холбогдох байгууллагаас улиасны тайралт хэлбэржүүлэлтийг тогтмол хийвэл зун нь Улаанбаатар хот улиасны унгиралд дарагдахгүй байх боломжтой юм.

ДЭЛХИЙН ЦЭРГИЙГ ЗАХИРАХ МОНГОЛ ГЕНЕРАЛ

Дэлхийн дайдыг эзэлж явсан монгол цэрэг, морьтон баатрын суут жанжнуудын үр хойч найман зууны дараа олон улсын энх тайвны төлөө хүчин зүтгэх болсон. Монгол дайчдын 2002 оноос эхлэн тарьсан үр өдгөө соёолж, үр жимсээ өгч буйн илрэл нь НҮБ-ын цэргийн хүчнийг Монгол генерал удирдах болсон үйл явдлаас харагдаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг ч Монголын Зэвсэгт хүчинд ямар хэмжээний итгэл үзүүлж байгаагаа өнгөрөгч онд энэ томилгоогоор баталгаажууллаа. НҮБ-д гишүүнээр элссэн олон орны цэргийн дээд офицерууд тус байгууллагын далбаан дор цэргийг нь удирдахыг хүсдэг байх.

Газар газрын олон аавын хөвгүүдээс монгол хүн, цэргийн хуаранд өссөн хүү НҮБ-аас явуулж байгаа UNMISS ажиллагаанд оролцогч олон орны цэргийн хүчнийг нэгтгэн захирах болсон нь яах аргагүй бахархмаар үйл явдал. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа нэгэн үе уруудаж байсан Монголын Зэвсэгт хүчин энхийг сахиулагч цэргүүдийнхээ, энхийн замаар улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах төрийн бодлогын үр шимээр дэлхийн дайдад танигдаж буй нэг илэрхийлэл энэ.
Цэргийн хэргийн мэдлэг, туршлага, гадаад хэлний мэдлэг нь БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Дашдондогийн Баярсайханыг энэ хариуцлагатай албанд томилогдоход түлхэц болсон нь гарцаагүй. Тэрбээр НҮБ-ын далбаан дор үүрэг гүйцэтгэхээсээ өмнө 2004 онд олон үндэстний дивизийг хамгаалах Монголын цэргийн багийн захирагчаар ажиллаж Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар гавьяа байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангасан гэхэд хилсдэхгүй.

НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ САМБАРТ МӨНХЛӨГДСӨН БАХАРХАЛ

Монгол хүн авьяас билиг, ур чадвар, эрдэм ухаанаараа дэлхийн тавцанд улсынхаа нэрийг мандуулж, Азийн жижигхэн Монгол ямар том болохыг мэдрүүлж буй билээ. Сүүлийн үед дэлхий дахин манай улсыг газрын хэвлий дэх үүцээр нь, энхийг сахиулагчдаар нь мэддэг болсон. Даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэж буй эгэл жирийн монгол цэргийн алба хаагчдыг олон улс үнэлж буй. Харин тэдний дундаас нэр хүндтэй Нобелийн шагналтан төрөхийн чинээ санаагүй биз. Дэлхийн халуун цэг болсон улсуудад Химийн зэвсгийг хориглох байгууллагын томилолтоор ажиллаж буй цэргийн шинжлэх ухааны доктор, хурандаа, Нобелийн шагналт Доржпаламын Эрдэнэцогтоор бахархахгүй байхын аргагүй. Дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэн энэ багт монгол хүн багтсан нь хөх толбот монголчуудын үнэлэмж дэлхийд өндөрт байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Террорист халдлагад өртөх, барьцаалагдах, дайны хөлд нэрвэгдэх зэрэг байнгын аюул занал дунд буй Сири, Ливи, Ирак зэрэг дэлхийн халуун цэг болсон оронд НҮБ-ын паспортоор зорчиж, хүн төрөлхтнийгүй олноор хөнөөх химийн зэвсгээс ангижруулахын тулд зүтгэж буй дээрх байгууллагын ачааны хүндийг үүрдэг нь монгол хүн, тэр дундаа хурандаа Д.Эрдэнэцогт юм. Энэ байгууллага 1997 онд анх байгуулагдахад монгол шинжээч их ажлынх нь шавыг тавилцаж байснаас хойш гурав дахь нь Д.Эрдэнэцогт болсон төдийгүй, Нобелийн шагнал авахад нь гол үүрэгтэй оролцсон байна. Өдгөө НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага дэлхий дахинд байгаа химийн зэвсгийн 80 гаруй хувийг нь устгаад байгаа бөгөөд тэнд 10 жил ажиллаж буй Д.Эрдэнэцогт хурандаа нэлээд хэсгийг нь устгахад гар бие оролцсон нь дамжиггүй.

АНТАРКТИДАД МОНГОЛЫН БААЗТАЙ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Антарктид тивд монгол хүн 42 жилийн өмнө хөл тавьсан. Түүнээс хойш тус тивд очсон долоо дахь хүн нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын хэлтсийн технологич инженер Х.Пүрэвдагва. Тэрбээр Болгар улсын эрдэмтэдтэй хамтран цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд эх орноосоо мордсон билээ. Түүний байрлаж буй, тус тивийн хамгийн том арал Ливингстонд цаг агаар тогтворгүй, байнга салхитай хүйтэн байгаа ч таван цэгт судалгааны шон багажаа байрлуулан хэмжилт хийж, тэндхийн цаг уурын байдлыг Монголынхтой харьцуулан агаарын цаашдын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох судалгаагаа үргэлжлүүлж байна.

Мөн Антарктидад Монгол Улсын судалгаа шинжилгээний бааз байгуулах зорилго өвөрлөн ажиллаж буй. Тус тив нь дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг агуулдаг. Алмааз, газрын тос зэрэг ашигт малтмалын асар их нөөцтэй. Иймээс монголчууд өөрийн улсын баазтай болсноор нийтийн эзэмшил гэгдэх эзэнгүй мөсөн тивийн асар их баялгаас ашиг хүртэх боломж бүрдэх юм. Одоогоор Антарктидад дэлхийн 50 орчим улсын судлаач албан ёсоор судалгаа шинжилгээний ажил хийж байгаагийн нэг нь Монголынх. Тиймээс хүссэн хүн болгон хөл тавиад байдаггүй Антарктидад дэлхийн олон эрдэмтэнтэй мөр зэрэгцэн, хувь нэмрээ оруулж яваа Х.Пүрэвдагвыг “Монголын гэгээ” хэмээн онцолж байна. Тэрбээр ус, цаг уурын салбартаа 10 гаруй жил ажиллаж, Алтайн мөнх цаст уул, мөсөн голуудыг судалсан туршлагатай, залуу судлаач билээ.

МОНГОЛЫН БАХАРХАЛ АЛТАН ХООЛОЙТНУУД

Монголын дуурийн дуучдын бахдам амжилт 2014 оны турш цуурайтсаар хамгийн сүүлд хоёр ч залуу дуучин М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр эзэллээ. ДБЭТ-ын гоцлооч О. Хүрэлбаатар, Москвагийн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийн оюутан Ч.Бадрал нарын энэ амжилт спортоор бол олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэнтэй дүйнэ. Өмнө нь гавьяат жүжигчин П.Ганбат агсан, Г.Ариунбаатар, С.Мөнгөнцэцэг болон А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар энэ уралдаанаас шагнал хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн байдаг. Түүнчлэн энэ жил М.И.Глинкийн нэрэмжит уралдааны 25 жилийн ой тохиосон учраас улс бүрийн шилдэг 280 дуучин эхний шатанд өрсөлдөж, хоёрдугаар шатанд 50 дуучин оролцох эрхтэй болсон юм. Тэдний 14 нь монгол дуучин байжээ.

Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” хэмээн зарлуулж, анх удаа бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийгээд ирсэн манай дуучдыг ОХУ бүү хэл дэлхий хүлээн зөвшөөрдөг болжээ. Солонгос, Австри, АНУ гээд манай дуучдын уригдаж дуулсан улсын тоо энэ онд хэд хэдээр нэмэгдэж, амжилтын буухиа ч тасрахгүй байна. М.И.Глинкийн нэрэмжит уралдаанаас өмнө буюу өнгөрсөн намар Муслим Магомаевын уралдаанаас гавьяат жүжигчин Г.Ариунбаатар гран при хүртсэн. Мөн ОХУ-д суралцаж байгаа манай авьяаслаг дуучин Ч.Бадрал Дуурийн залуу дуучдын уралдааны дэд байрт шалгарсан. Өмнө нь Дуурийн дуу дуулаачдын олон улсын наймдугаар уралдааны гран при шагналыг ч бас тэр хүртэж байсан юм. Алтан хоолойгоо гайхуулж, авьяасаараа шилдгүүдийн эгнээнд багтсан дуучдын дунд ДБЭТ-ын гоцлооч Э.Анхбаярын нэр зүй ёсоор бичигдэнэ. Тэрбээр Казахстаны Астанад болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн шагналыг хүртсэн юм. Жилд 12 сар, 365 хоног байдаг. Харин манай дуучид эдгээр өдрүүдийг буухиалж, сар бүр шахам л амжилт гаргаж байгаа. Ирэх онд П.И.Чайковскийн нэрэмжит болон Пласидо Домингогийн нэрэмжит уралдаан болно. Манай залуу авьяастнууд ч дараагийн уралдаандаа хоолойгоо бэлтгээд эхэлжээ. Тэд хойтон үүнээс ч илүү амжилт гаргах байх. Монголын бахархал болсон алтан хоолойтнууддаа амжилт ерөөе.

ЭХ НУТАГ РУУГАА НҮҮЖ ЯВНА

“Булган сүүлтэй” Т-Батаар баатар болж, харьд богтлогдсон найзууд нь эх орондоо ар араасаа ирэх боллоо. Хууль бусаар хил давуулсан Т-Батаарыг дагалдах 22 үлэг гүрвэлийн олдворыг өнгөрсөн долдугаар сард Америкийн талаас манай улсад албан ёсоор шилжүүлж, 40 тн жинтэй 29 хайрцаг олдворыг өнгөрсөн аравдугаар сард Монголд авчирсан. Тэгвэл Францын нэгэн компани хиймэл гэсэн барааны тэмдгээр Монголоос гаралтай үлэг гүрвэлийн араг яс Америк руу хил давуулах гэж байгаад тус улсын гаалийнханд баригдсан хэрэг өнгөрөгч есдүгээр сард гарчээ. Үүнийг шинжлэхэд Тираннозавр Рексийн төрлийн Алиорамус үлэг гүрвэл байсан бөгөөд эл олдворыг Монголын үлэг гүрвэлийн музей эргүүлэн авах эрхтэй болсныг АНУ-ын шүүхээс саяхан шийдвэрлэсэн сайхан мэдээ байна. ...Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би... хэмээн нэрт яруу найрагч Б.Явуухулангийн шүлэглэсэнчлэн манай улс шим ертөнцийн чулуужсан олдвороороо дэлхийд толгой цохидог. Гэвч нарийн мэргэжлийн эрдэмтэн цөөн, үлэг гүрвэлийн олон улсын стандартын музейгүй учир аялж яваад ирсэн эртний найзууд маань зориулалтын байргүй, хайрцгандаа байгаа сурагтай.

Энэ жил археологийн салбарынхан ч палеонтологийнхоосоо дутахааргүй олз омогтой байна. Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, МУИС-ийн Археологи-антропологийн тэнхим, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим тэргүүтэй олон байгууллагын судалгааны баг зун бүр Монгол орныхоо өнцөг булан бүрт малтлага хийж, тоолж баршгүй эд өлгийн зүйл олдог. Үүнээс чухлыг дурдахад, Хархорум хотод байдаг, Өгөөдэй хааны “Түмэн амгалант ордон” гэж нэрийддэг туурь үнэндээ шашны аварга том сүм байсныг өнгөрсөн зун Монгол, Германы судлаачдын хамтарсан судалгааны үр дүнд мэджээ. Тодруулбал, “Цогт их сүмийн гэр” нэртэй суварга байсан бөгөөд 64 баганатай 99 метр өндөр байжээ. Сүмийн довжоон дор XIII зууны үед хаадын аравнайлсан шүншиг, үүн дотор амсрыг нь тагласан вааранд тариа будаа төрөл бүрийн жимс, алтан утсаар урласан торгонд есөн эрдэнэ боосон байж. Их бүтээн байгуулалт нэрийн дор зам тавьж, станц байгуулж байгаа газарт олон тооны олдвор сүйдэж буй. Ийн мөхөхөөс нь өмнө Үндэсний музейн судалгааны багийнхан баримтжуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Завхан аймгийн Их Уул сумын нутагт авто зам барих явцад хиргэсүүр булш олноор сүйдсэнийг мэдээд Хүрлийн үеэс Хүннү, Дундад эртний нүүдэлчдийн соёлд хамаарах тахилга, булшийг судалж баримтжуулжээ. Тэд авран хамгаалах зорилгоор Архангай, Баян-Өлгий, Орхон, Булган зэрэг аймагт байгаа түүхийн дурсгалыг судалж байгаад талархууштай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)