Монголын боксчид тэмцээний салхийг хагаллаа

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо (ASBC)-той хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар 2019” Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын “Буянт Ухаа” спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Киргиз, Энэтхэг зэрэг 17 орны 200 гаруй ширэн бээлийтэн 20 жинд өрсөлдөж, энэ долоо хоногийн сүүлчээр аваргуудаа тодруулах юм. Эх орондоо болж буй энэ тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин хурд, хүч, эр зориг, ур чадвараа сорьж байна. Тамирчдын тоглолтыг Олон улсын боксын холбоо (AIBA)-ны хоёр болон гурван одтой шүүгчид шүүж буй. Монголын талаас олон улсын гурван одтой шүүгч Б.Атарбаяр, О.Мандахбаяр нар тэмцээнийг дэнсэлнэ. Олон улсын боксын холбооны нэг одтой шүүгч 4-8, хоёр одтой нь 8-16 орон оролцсон тэмцээнийг шүүх эрхтэй.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар хүч сорино. Харин охидоос 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар өрсөлдөх нь.

Тэмцээний салхийг хагалж А рингэд Монгол-Энэтхэг, Туркменистан-Казахстан, БНХАУ-Тайланд, Иран- Казахстан, Б рингэд Монгол-Казахстан, Киргиз-Узбекистан, Киргиз-Япон, БНХАУ-Узбекистаны боксчид нударга зөрүүлсэн юм.

А рингэд 57 кг-д Т.Энхтөр Энэтхэгийн тамирчныг илүүрхэн ялсан бол Б рингэд 52 кг-д Б.Алтантулга Казахстаны Махмуд Сабырхантай тулалдаж хожигдов.

Өмнө нь Монголд 2007 онд эрэгтэйчүүдийн, 2012 онд эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байв. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид өрсөлдөж буйгаараа онцлог юм.

Тэмцээний хуваарь

  • Арваннэгдүгээр сарын 12-14-нд 14.00 цагт хэсгийн тулаан,
  • Арваннэгдүгээр сарын 16-ны 14.00 цагт хагас шигшээ тулаан
  • Арваннэгдүгээр сарын 17-ны 12.00 цагт шигшээ тулаан эхэлнэ.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)