Монголын баритон Италийн алдарт тайзнаа

УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин 2017 оны 7-р сард Италийн хамгийн эртний алдарт тайз Арена Ди Веронад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулах гэж байна.

Уг бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра /Ivo Guerra/ найруулан тавьж байгаа бөгөөд Италийн Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев /Julian Kovatchev/ удирдах юм.

Арена Ди Веронад нийт 5 удаа тоглох “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтонд МУГЖ Э.Амартүвшин дуулж энэ жилийн Арена Ди Веронагийн дуурийн фестивальд “Риголетто” дуурийн нээлтийг хийж байгаа нь монгол хүн бүхний бахархлыг төрүүлэх мэдээ билээ.

Риголеттогийн дүрд Э.Амартүвшин 2017 оны 7-р сарын 1, 7-ны өдрүүдэд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез 7-р сарын 14, 19-ний өдрүүдэд дуулах бол өнөө цагийн бүх дэлхийн алдарт баритон Лео Нуччи 7-р сарын 27-нд дуулах юм.

Монголын тал нутгийн хүү ийнхүү дэлхийн топ баритон дуучдын жагсаалтанд багтаж эгнээнд нь бүрэн эрхтэйгээр бичигдлээ. Э.Амартүвшиндээ амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)