Монголын анхны мэргэжлийн гольфчин болохыг хүсдэг

гольф гольфийн тамирчин

“Mаунт богд” гольфын клубийн өсвөрийн тамирчин Х.Тэлмэнтэй ярилцлаа.

-Гольфын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Яагаад гольф тоглох болов?

-Миний аав мэргэжлийн боксчин, спортод хайртай тамирчин хүн тул надад нөлөөлсөн болов уу. Таван настайдаа усанд сэлж сурч, улмаар усан спортоор 4-5 жил хичээллэсэн. Улсын аварга шалгаруулах сэлэлтийн тэмцээнүүдэд оролцдог байв. Харин гольфоор 2016 оноос хичээллэсэн. Ээж анх санал болгон, эл спортын талаар би өөрөө юу ч мэдэхгүйгээр сонирхож эхэлсэн ч одоо гольфод дуртай, илүү сайн тоглохыг хичээдэг болсон.

-Анх тоглож эхлэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Эхний нэг жил их хэцүү санагдсан. Нуруу чилнэ, хөл, гар өвдөнө. Бөхийлт, суулт, барилт зэрэг үндсэн техникээ сурах гэж маш их цаг зарцуулсан.

Усанд сэлэх тэмцээнд оролцоход илүү олуулаа, хөгжилтэй байдаг бол гольф тоглоход ганцаараа шахам, уйтгартай байсан. Гэсэн ч ямар спорт юм бол, ямархуу мэдрэмж төрүүлдэг, яагаад олон хүн тоглож, олон алдартан энэ спортоос төрдөг юм бол гэж бодон, бэлтгэлээ хичээн хийсээр байна.

-Гольфоор хичээллээд гурван жил гаруй болжээ. Ямар амжилт үзүүлэв?

-Би 13 настай. Надаас 2-4 насаар ах хэдэн хүүхдийг эс тооцвол манайд хүүхдүүд гольф бараг тоглодоггүй. Тиймээс Монголд зохиогддог тэмцээнүүдэд би энэ оноос томчуудтай өрсөлддөг болсон. Манайд гольфын улирал дөрөвдүгээр сараас аравдугаар сар дуустал үргэлжилдэг. Энэ хугацаанд том, жижиг ангиллын тэмцээн цөөнгүй зохион байгуулагддаг. Эдгээр тэмцээний заримд нь оролцсон. Ер нь туршлага хуримтлуулж, надаас ахмад тамирчдаас суралцаад явж байна. Амжилтын хувьд энэ онд Сонирхогчдын гольфын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцон, хандикапын төрөлд түрүүлсэн. Мөн саяхан БНСУ-ын “Paradise” зочид буудлын нэрэмжит тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулахад түрүүлэн, тус улсад амрах эрхээр шагнууллаа.

-Томчуудтай өрсөлдөхөд хэцүү санагддаг уу?

-Үгүй ээ. Насны ялгаатай л болохоос бүгд адилхан өрсөлдөгч, тамирчид шүү дээ. Тэгээд ч гольфын спортод нас чухал биш байх. Би сайн тоглох юм сан л гэж боддог. Техникүүдээ сайн эзэмшээд, өөрийгөө удирдаад, мэдрээд сурчихвал амжилттай тоглож чадна гэж боддог.

-Өөрийгөө удирдах, мэдрэх гэж хэллээ. Гольф тоглоход сэтгэл зүй чухал уу?

-Тийм ээ. Эхний нүхэндээ муу тоглоод сэтгэлээр уначихвал дараагийн нүхнүүддээ ч муу тоглодог тал бий. Тиймээс тайван байж, багштайгаа зөвлөх нь чухал. Тоглолт муу эхэлсэн ч сайн дуусгаж болно. Аль болох сэтгэл зүйгээ удирдан, илүү сайжирч тоглох хэрэгтэй гэж манай гэрийнхэн, багш маань зөвлөдөг.

-Сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Гольфыг 18 нүхний хооронд 4-5 цаг гадаа тоглодог. Энэ хооронд тоглолтоо бодон, ихэвчлэн өөртэйгөө ярилцдаг. Тоглолт бүрээ илүү сайжруулах гэж л өөртэйгөө ярьж, төлөвлөөд байгаа хэрэг. Энэ бол сэтгэл зүйн бэлтгэл. Мөн аав, ээж, багштайгаа зөвшилцөн, зөвлөгөө авдаг.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцож байв уу?

-Өнгөрсөн онд Хонгконгод болсон “Мицүбиши” корпорацын нэрэмжит, цаашид мэргэжлийн тамирчин болохоор зорьж буй 14-17 насныхны дунд зохион байгуулдаг Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Ганцаарчилсан бус, хосын тэмцээнд 17 настай ахтай хамт тоглоод ирсэн. Шагналт байр эзлээгүй ч тэмцээний зохион байгуулалт сайн, орчин нь маш гоё байсан. Улс улсаас гольф тоглодог мундаг хүүхдүүд ирсэн тул тэдний тоглолтыг харж, суралцахыг хичээсэн.

-Энэ сарын эцсээр олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа гэсэн үү?

-Японд болох мөн л “Мицүбиши” корпорацын нэрэмжит, өсвөрийн гольфчдын Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд оролцоно. Улсаа төлөөлж хоёр дахь удаагаа олон улсын тэмцээнд явах гэж байгаа нь энэ.

-Гольф сайн тоглохын тулд өөр ямар бэлтгэл хийдэг вэ?

-“Star screen golf” клубийн бэлтгэлийн зааланд фитнесээр хичээллэдэг. Долоо хоногт 2-3 удаа, булчингуудаа хөгжүүлэх, биеийн хүчээ нэмэгдүүлэх бэлтгэл хийдэг юм. Гэхдээ би хүүхэд болохоор хэт их дасгал хийж болохгүй, багшийнхаа зөвлөгөөг дагадаг.

-Гольфын хичээлээ ямар багшаар заалгадаг вэ?

-“Sky resort” баазад үйл ажиллагаа явуулдаг “Маунт богд” клубийн дасгалжуулагч, Дэлхийн мэргэжлийн гольфын холбооны сургагч Кэвин Брэнд багшийн шавь. Багштайгаа хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа.

-Аль сургуульд сурдаг вэ?

-Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн зургадугаар ангийг 2018 онд төгссөн. Тэгээд нэг жил БНСУ-д сурчихаад ирсэн. Энэ жил хаана үргэлжлүүлэн сурахыг гэрийнхэн маань мэднэ.

-Бараг өдөр бүр бэлтгэл хийдэг юм байна. Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?

-Сүүлийн 3-4 жилийн зун чөлөөт цаг бараг гарсангүй ээ. Спортоор хичээллэдэг, цаашид илүү өндөр түвшний тамирчин болохоор хичээж буй бүх хүүхэд адилхан байх. Зав гарвал байрныхаа найзуудтай тоглодог. Олон ч найзтай. Мөн зураг зурж, зурагт ном будан, чихмэл тоглоом цуглуулдаг. Сагс, волейвол, хөлбөмбөг тоглох дуртай. Эдгээрээс волейволыг илүү сайн тоглодог.

-Монгол, БНСУ-д сургуульд сурах хэр өөр байв. Тэнд гольфын бэлтгэл хийсэн үү?

-Сөүл гоё хот шүү дээ. Солонгос хүүхдүүд найзархаг, ахмад хүмүүсийг маш их хүндэлдэг, хүмүүжилтэй нь надад таалагдсан. Мөн сургууль нь хичээлээр шахдаггүй. Хичээлээс гадуур сонирхолтой олон аялал, хөтөлбөр зохион байгуулдаг юм билээ. Тэнд олон найзтай болсон. Бас гольфын бэлтгэлээ ч хийсэн. Гэхдээ тэмцээнд оролцоогүй. Үүнээс гадна Солонгос бол ялангуяа эмэгтэй мэргэжлийн гольфчдын чадвараараа дэлхийд тэргүүлдэг улс. Хүүхдүүд нь таван настайгаасаа гольфоор хичээллэдэг гэхээр сурах юм их болов уу.

-Ямар чиглэлийн хичээлд илүү дуртай вэ. Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?

-Би гадаад хэлэнд илүү сонирхолтой. Бага ангид байхдаа шүдний эмч, цагдаа, эсвэл зохиолч болно гэж боддог байсан. Манай өвөөг Лха.Дарьсүрэн гэдэг, зохиолч хүн байсан. Тиймээс зохиолч болно хэмээн, цөөнгүй ном уншсан. Гэхдээ одоо гольфчин болохоор нэгэнт шийдэн, Монголын анхны эмэгтэй мэргэжлийн гольфчин болно гэж мөрөөддөг болсон.

-Гар утас ашигладаггүй гэсэн. Найзуудтайгаа яаж холбоо барьдаг вэ. Гольфын бэлтгэл хийхээс өөр юу хийдэг талаараа тодруулаач.

-Надад гар утас байхгүй. Шаардлагатай бол ээжийн утсаар дамжуулж ярьдаг. Зарим хүүхэд шиг дуу, бүжиг, кино сонирхдоггүй. Харин гольфын мэргэжлийн тамирчдын тоглолтууд, хэрхэн бэлтгэл хийдэг талаарх дүрс бичлэг, киног интернэтээр үздэг.

-Спортоор хичээллэх нь хүмүүст, хүүхдүүдэд ямар ач тустай гэж боддог вэ?

-Ямар ч спортоор хичээллэдэг хүн илүү тэвчээртэй, ажилсаг, шаргуу болдог гэж боддог. Бас эмх цэгцтэй байж цагаа нарийн төлөвлөж сурна. Эхлээд хэцүү байсан ч өөрөө хичээгээд, дурлаад ирэхээр бүх спорт сонирхолтой, давуу талтай. Бас хүчтэй, хурдтай байхаас гадна спортод ухаалаг байх нь маш чухал. Сайн бодож, төлөвлөх хэрэгтэй гэдгийг ойлгосоор байна. Ер нь бүх спорт хүмүүсийг арьсны өнгө, нас, хүйс, царай зүс харгалзахгүйгээр нэгтгэж чаддаг нь хамгийн мундаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)