Монголыг “ил гаргахад” маркетинг чухал

Пуэрто Рикогийн дуучин Луис Фонси реппер Дэдди Янки нар хамтран испаниар дуулсан “Despacito” дэлхий нийтийг байлдан дагуулсан, цахим орчинд хамгийн их хандалттай, бүх цаг үеийн шилдэг бүтээлээр тодорсон. Дуу, хөгжмийн нэвтрүүлэг, сувгийн гэх тодотголтой олон олон дээд амжилт, шагналын эзэн энэ уран бүтээл дуучнаа алдаршуулаад зогсохгүй далайн эргийн даруухан орныг дэлхийд нээсэн гэж хэлж болно. 

Эл дуу олны хүртээл болсон (өнгөрсөн оны нэгдүгээр сард цацсан)-оос хойших зургаан сард тус улсыг зорих жуулчны тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50 хувиар өсжээ. Улмаар 2017 онд Пуэрто Рико түүхэндээ байгаагүй буюу хамгийн олон жуулчин хүлээн авахад “Despacito” гойд нөлөө үзүүлсэн гэж судлаачид үнэлжээ. Цаашлаад эдийн засаг, олон улсын харилцаанд эерэг өөрчлөлт авчирсан хэмээн дүгнэжээ.

Жорж Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэсэн “Хаан ширээний тоглоом” киног үзээгүй юм гэхэд нэрийг нь дуулаагүй хүн ховор. Кино урлагийн олон шагналыг “хамсан” энэ бүтээл дэлгэцэд гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж, сониуч жуулчдын анхаарлыг татах болжээ. 

Ялангуяа “Чигчий хуруу” хочит Лорд Петер Бэйлишийн эзэмшлийн эмсийн хүрээлэн байрладаг газар болох Хорватын Дубровник хот, түүнтэй хил залгаа Монтенегрог зорих аялагчдын тоо эрс нэмэгдсэн гэнэ. Үүнтэй төстэй бас нэг жишээ бол “Аватар” киноны зургийг авсан Жанжиэжэ, Тэнгэрийн хаалга юм. ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэлтэй олон дурсгалтай энэ газар эртнээс аялал жуулчлалаараа алдартай ч “Аватар” хүч нэмсэн гэдэг.

...Ази, Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8, ажлын байрны 9.3 хувийг бүрдүүлж байгаа гэнэ. Ажил эрхлэгч 10 хүн тутмын нэг нь энэ салбараас хоолны мөнгөө олдог аж. 2030 он гэхэд олон улсад аялагчдын тоо 1.8 тэрбум (одоо 1.3) хүрнэ гэж салбарынхан төсөөлж буй юм билээ. Энэ өсөлтийг дагаад урлаг соёлын маркетинг улам хүчээ авч, зах зээлийн өрсөлдөөн бий болно гэх. Дэлхийн хандлагыг ийн зуржээ...

Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Галзуу баян азиуд” романтик, инээдмийн кино энэ жилийн трендүүдийн нэг. Киноны гол санаа, өгүүлэмж нь Барууны орнуудад түгээмэл байдаг, ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл, хандлагыг өөрчлөх далд зорилготой ч энэ нь Сингапурыг дэлхийд шинээр нээх, таниулах гүүр болжээ. 

Гэмт хэрэг болон байгаль орчны бохирдол хамгийн бага, баячуудаараа дэлхийд толгой цохидог тус улсад очихыг мөрөөддөг жуулчдын хүслийг “Галзуу баян азиуд” өдөөж, тийш зүглэх тухай бодож ч байгаагүй хүмүүст сэдэл төрүүлэх болсон аж. “Мөнх харилцаа” ТББ-ын тэргүүн, “Талын түмэн адуу” арга хэмжээгээрээ салбарынхандаа танигдсан Э.Цэрэнбат “Энэ киноны ачаар Сингапурын аялал жуулчлал мундаг байна. Бид ч урлаг, соёлынхонтойгоо бодлоготойгоор хамтран ажиллах шаардлагатай” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.

Дээр дурдсан жишээнүүд бол урлаг, соёлын салбарыг дэлхийн улс орнууд хэрхэн овжин ашиглаж, аялал жуулчлалаа хөгжүүлэн, эдийн засгаа дэмжиж буйн илрэл юм. “Энэ мэт эерэг жишээ олширсон нь жилээс жилд эрчимтэй хөгжиж байгаа аялал жуулчлалын салбарт соёл, урлагийн маркетинг чухал байр суурь эзлэх болсны нотолгоо” хэмээн өнгөрсөн сарын сүүлчээр болсон “Аялал жуулчлалын судалгаа” эрдэм шинжилгээний хурлын тайланд онцолжээ.

Жуулчдыг татах олон урхи бий. Үзэсгэлэнт газар орон, өвөрмөц соёл зэрэг байгалиас заяасан өгөгдөл чухал. Үүнээс гадна тэдгээрийг сурталчлан таниулах зохиомол бүтээгдэхүүнүүд жуулчдыг татахад чухал үүрэгтэй аж. Үүнд олон улсын хурал, зөвлөгөөн, тэмцээн уралдаанаас гадна урлагийн бүтээл багтдаг. 

Манай улс сүүлийн жилүүдэд олон орныг хамруулсан томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулах болсон. ACEM, АСПАК гэх мэт. Үүнийхээ үр дүнд “World tourism-2016” наадамд Улаанбаатар “Хурал, зөвлөгөөн зохион байгуулахад нэн тохиромжтой, Азийн тэргүүлэх хот” гэсэн номинацад хүртэл нэр дэвшсэн байдаг. 

Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарт их, бага хэмжээгээр эерэг уур амьсгалын салхи сэвэлзүүлсэн. Зочид буудал, зоогийн газар, худалдааны төвүүдэд ч үр шимээ өгсөн нь гарцаагүй. Харин урлагийн бүтээлд тулгуурласан маркетинг ер хөгжөөгүйг аялал жуулчлалын салбарынхан хэлж байна.

Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгээс эмхлэн гаргасан “Аялал жуулчлал судлал” номд өгүүлснээр дэлхий нийтэд хамгийн түгээмэл, хүчирхэг хэл бол урлаг гэнэ. Үүнийг бүхий л салбарт ашиглах боломжтой аж.

“Манайх эртнээс мал аж ахуй эрхэлсэн, нүүдлийн соёлтой орон. Чингис хааны өлгий нутаг. Бүргэдийн баяр, Тэмээний баяр үзээрэй” гэх зарын чанартай мэдээ цахим орчинд түгээхээс илүүтэй энэ бүхнийг таниулах зорилготой час хийсэн бүтээл бий болгох нь чухал юм байна. Мэдээж улсаас бодлогоор дэмждэг тохиолдолд тухайн бүтээл зорилгоо биелүүлэх магадлал өндөр байх нь.

Урлагийнхан дотроо манай киночид сүүлийн жилүүдэд энэ чиглэлд нэлээд идэвх зүтгэлтэй, олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байгаа ч санхүү, ур чадвараас шалтгаалсан дутагдалтай зүйл олон буйг судлаач Н.Ганчөдөр илтгэлдээ онцолсныг дээрх тайланд дурджээ. 

Тэрбээр “Жуулчны тоог нэмэгдүүлэхийн тулд тэдэнд Монголд ирэх сэдэл төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр нь бодитой байх ёстой. Бусдын анхаарлыг татна гээд хиймэл орчин бүрдүүлээд, солонгосчууд шиг түүх зохиож болохгүй. Жуулчид нь мэдээллийн мөрөөр хошуурч ирээд “Ээ чааваас” гээд буцвал нэмэргүй шүү дээ. Сэдэл төрүүлэхүйц зүйлсийг бодитоор нь тусгасан бүтээл л чухал” хэмээн ярьсан байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистиктай танилцвал, утаагүй үйлдвэрлэлийн салбар хурдтай хөгжиж буй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8, ажлын байрны 9.3 хувийг бүрдүүлж байгаа гэнэ. Ажил эрхлэгч 10 хүн тутмын нэг нь энэ салбараас хоолны мөнгөө олдог аж. 

2030 он гэхэд олон улсад аялагчдын тоо 1.8 тэрбум (одоо 1.3) хүрнэ гэж салбарынхан төсөөлж буй юм билээ. Энэ өсөлтийг дагаад урлаг, соёлын маркетинг улам хүчээ авч, зах зээлийн өрсөлдөөн бий болно гэх. Дэлхийн хандлагыг ийн зуржээ. Нэг сая жуулчин хүлээж авна хэмээн олон жил ярьсан ч арга эвээ олохгүй мунгинасаар яваа манай улсын аялал жуулчлалынхан юу бодож суугаа бол. Монголыг “ил гаргахад” зөв маркетинг юу юунаас ч чухал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)