Монголчууд энгэсгийг Хүннүгийн үеэс ашиглажээ

“Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн хамтран дундад зууны үеийн археологийн олдворуудыг өчигдөр танилцууллаа. Улсын драмын эрдмийн театрын арын талбай дахь цагаан асруудад эл арга хэмжээ гурван цаг үргэлжилсэн юм. Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгөөс 2010-2015 оны олдвор, XIII-XV зууны үед байлдаанд ашиглаж байсан сум, илд, жадны үзүүр, мөн морины хэрэглэл болох дөрөө, амгай, гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг хүрэл толь, энгэсгийн сав, сам, бөгжийг онцолжээ.

Асрын зүүн талд байрлах шилэн хоргонд Монголын эзэнт гүрний үеийн булшнаас олсон хүрэл толь байв. Гурван мм зузаан хүрээтэй эл толинд хүмүүс ус хийж, нүүрээ хардаг гэнэ. Тухайн үед торгоны замаар явах наймаачид ийм хүрэл толийг Монголд авчирч, арилждаг байсныг судлаачид тогтоожээ. Толины хүрээ хэсэгт нь мод, хүний дүрс сийлсэн байна. Энэ нь эртний үлгэр, домогт гардаг ид шид, ертөнцийн мод, бумбын шашнаас үүдэлтэй аж.

Бас нэгэн сонирхолтой олдвор нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань хар уулнаас олсон явуу. Энэ нь Номхон далайн амьтан бөгөөд хүрэл зэвсгийн үед алт, мөнгөтэй дүйцэхүйц арилжааны хэрэгсэл байж. Хожим хүмүүс сайн сайхан, үр хүүхэдтэй болохыг бэлгэдэж, хүзүүндээ зүүдэг болсон гэнэ. Дараагийн онцлох олдвор бол ясан бортого буюу эмэгтэй хүний энгэсгийн сав. Ясаар хийсэн эл хэрэглэлд гоёмсог хээ угалз сийлжээ. Үүнийг эмэгтэйчүүд Хүннүгийн үед ч ашигладаг байсан аж. Хүннүгийн хаан Хятадын Тянь-Шань муж руу явдаг замаас төөрчихөөд “Хатны үзэсгэлэнг тодотгодог гоо энгэсэг зардаг газар луу очих замаа алдчихлаа” хэмээн гунигладаг тухай үлгэр ч байдаг гэнэ. Үүнээс анзаарвал, Монголын эмэгтэйчүүд Хүннүгийн үеэс гоо сайхандаа анхаардаг байсан нь харагдана. Үүнийг доктор Ч.Амартүвшингийн удирдсан судалгааны багийнхан Сүхбаатар аймгийн Онгон сумаас илрүүлсэн байна. Мөн тэндээс нэгэн хааны булшийг малтаж, гаргахад олдсон содон хээтэй сумны зэвийг асрын баруун талын хоргонд дэлгэжээ. Цэрэг, эсвэл энгийн хүний булшнаас гарсан суманд ямар ч хээ, угалз байдаггүй гэнэ. Харин язгууртны сумны зэв өвөрмөц хээ, угалзтай байдаг аж. Эл олдворын хажууд алтан утсаар ороосон угалзтай морины дөрөө байв. Үүнийг 2014 онд тус хүрээлэнгийн доктор Ц.Төрбатын удирдсан судалгааны багийнхан малтаж гаргасан гэнэ. Алтан утсаар угалз ороох нь эртний арга бөгөөд энэ нь XX зуунаас улам боловсорч, төмрийг товойлгож гаргадаг болжээ.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)