Монголчууд экологийн ёс зүйд суралцах хэрэгтэй

Зүүн гар талаас Б.Мөнхгэрэл, Г.Наргил, Н.Артөр, Э.Бямбасүрэн, С.Сувданчимэг

Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийг дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэж байхаар ЮНЕСКО-гоос уриалсан байдаг. Манай улс эл өдрийг тохиолдуулан “Философи, хүний эрхийн уулзварт” улсын олимпиадыг 11 дэх жилдээ зохион байгууллаа. ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ХААИС, “Эмнести интернэшнл” хүний эрхийн байгууллага хамтран философи сонирхон судалж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэ олимпиадыг “Философи, хүний эрхийн уулзварт: Экологийн ёс зүй” сэдвийн хүрээнд өнгөрсөн сарын 22-нд зохион байгуулсан юм. Олимпиадад тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн “Пра-сино” буюу “Ногоон” багийн гишүүн Н.Артөр, Э.Бямбасүрэн, Б.Мөнхгэрэл, Г.Наргил, С.Сувданчимэг нартай ярилцлаа.

-Философийн олимпиадын энэ жилийн онцлог нь юу байв?

Э.Бямбасүрэн: -Дэлхий нийтийн өмнө тулгараад буй томоохон асуудлуудын нэг бол экологийн доройтол, байгаль орчны бохирдол. Тиймээс залуучууд экологийн асуудалд ямар байр суурьтай байгаа, шийдвэрлэхийн тулд юу хийх шаардлагатай талаар санал бодлоо солилцох давуу талтай олимпиад боллоо. Өмнө нь нэг нэгнийгээ огт мэддэггүй хүмүүс баг болж оролцдогоороо онцлог. Философийн хичээл үзэж байгаа оюутнуудаас багш нь таван хүн сонгон авдаг. Тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө нэг баг болж орох оюутнуудтайгаа танилцсан. Тус олимпиад дөрвөн үе шаттай. Нэгдүгээр шат нь гурван даалгавартай. Үүнд илтгэл, зохиомж бүхий фото тайлан, үндсэн мэдлэг шалгах тест багтдаг. Илтгэл болон фото зургийг гэрийн даалгаварт өгсөн тул нэг баг болсон даруйдаа хийж эхэлсэн. Өөрсдийн санаагаа тусгасан фото зургаа философийн үүднээс тайлбарлах ёстой. Экологийн асуудлыг хүн бүр ярьдаг хэдий ч философи талаасаа тайлбарласнаараа биднийх онцлог болсон.

-Дөрвөн шаттай олимпиад гэж хэлсэн. Үлдсэн гурав нь юу вэ?

-Б.Мөнхгэрэл: -Хоёрдугаар шатанд уран сайхны кинонд анализ хийсэн. Гэртээ найруулагч Роланд Эммерихийн “2012”, Стивен Содербергийн найруулсан “Эрин Брокович”, “Эх дэлхийн цуврал” киног үзэх даалгавар өгсөн. Харин олимпиадын үеэр сугалаа татуулж эдгээр гурван киноны нэг дээр нь дүгнэлт хийж, мэтгэлцсэн гэж болно. Гуравдугаар шатанд эх бичвэрт задлан шинжилгээ хийсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч агсан Ц.Балдоржийн 31 жилийн өмнө бичиж байсан “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлд задлан шинжлэл хийх даалгавар байсан. Уг нийтлэлийн тухай сонсоогүй, мэдээгүй хүн Монголд байхгүй байх. Хасагдах журмаар явагддаг олимпиад тул сүүлийн шатанд АШУҮИС-ийн болон манай баг үлдсэн. “Бухын тулалдаан нь ёс зүйтэй спорт мөн” гэх шийдлийн хүрээнд мэтгэлцлээ.

-Философийн үүднээс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн. Танай баг ямар санаа гаргав?

-Г.Наргил: -Философийн үзэл санаануудыг судалж хэд хэдэн санаа дэвшүүлсэн. Хүн төрөлхтөн зөвхөн өөрийн болон үр хүүхдийнхээ эрх чөлөөг дээдэлдэг. Ингэж өөрийгөө дээрд үзэхдээ байгаль дэлхийгээ тонон, цөлмөж, хайхрамжгүй орхисон гэх үндсэн санааг гаргасан. Хэмнэлт, тогтвортой хөгжил зэрэг хүн бүрийн л ярьдаг, улиг болсон зүйлийг аль болох ярихгүй байхыг хичээлээ. Экологи нь дан ганц Монголын бус дэлхий нийтийн асуудал тул макро түвшинд авч үзсэн юм.

Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болохын зэрэгцээ нийгмийг бий болгож, түүндээ баригдаж, гол анхаарлаа хандуулах болсон. Хүн нийгмийн амьтан хэмээж байгаль, эх дэлхийгээ мартсан гэж болно. Харин нийгмийг бий болгосноороо хүн байгалийн бус, нийгмийн амьтан болцгоосон. Хүн уг нь байгальтайгаа салшгүй холбоотой амьтан шүү дээ. Хүн төрөлхтөн байгалиасаа ангид, тусдаа оршино гэж байхгүй. Дэлхий нийтээрээ экологийн асуудалд анхаарлаа хандуулах болсон нь байгальд хайртайдаа биш. Учир нь хүн төрөлхтөнд аюул учирч байгаа болохоор л экологио хайрлаад байгаа юм. Хүн өөрийгөө төв болгож болохгүй шүү дээ. Хүн бүр үүнийг ярьдаг ч өөрсдийгөө боддог хэвээрээ. “Та ямар шалтгаанаар байгаль дэлхийгээ хайрлаж байна вэ” гэж асуухад бүгд л ирээдүй, хойч үедээ үлдээхийн тулд гэдэг. Тэрнээс биш байгальд буй ан, амьтан, ургамал, ногоо биднээс болж үхэж байна, тэднийг хамгаалах хэрэгтэй гэж хэн ч хариулдаггүй. Бид эх дэлхийгээсээ маш олон жил үнэгүй зүйлс хэрэглэж ирсэн. Одоо түүнийхээ хариуд хайрлах хэрэгтэй гэж ямар ч хүн бодохоо больсон цаг. Өөрсдийнхөө төлөө экологийг хайрлах бус, амьдралынхаа гол утга учруудын нэгийг байгалиа хайрлах болгох хэрэгтэй. Бүгд биш юм гэхэд ядаж хэсэг бүлэг хүн. Үүний тулд үнэт зүйлс дээр нь тулгуурлаж зөв хэвшилтэй болгох хэрэгтэй. Бид энэ олимпиадад оролцсоноор байгаль дэлхийд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг зүгээр нэг сонсоод өнгөрөхгүй, илүү нухацтай анхаарах болсон. Манай багийнхан энэ тэмцээнд оролцохын тулд экологийг судалж ойлгосон шиг бусад хүнд экологийг ойлгох боломж, сэдэл хэрэгтэй. Хүн болгон экологид анхаарах хэрэгтэй гэж мэдэж байгаа боловч хийж буй ажил байдаггүй. Тиймээс юу ч мэдэхгүй байгаа иргэдэд мэдлэг түгээх шаардлагатай болов уу.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль сургуулийн баг байсан бол?

-Н.Артөр -Олимпиадад 12 сургуулийн 60 оюутан оролцлоо. МУИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС-ийн баг байр эзэлсэн. Бүгд л хүчтэй байв. Гэхдээ өнөөх л хүн бүрийн ярьдаг тогтвортой ногоон хөгжлөө гол санаагаа болгосон. Бүгд муу гэсэн үг биш. Эдгээр багийн дундаас хэд хэдэн шинэ, онцгой санаа гарч ирсэн. Жишээлбэл, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт иргэний боловсрол, хүн ба байгаль гэх онолын хичээлүүд ордог боловч бодит амьдралд хэрэгжүүлэх нь бага. Хөгжил сайтай орон хүүхдүүддээ багаас нь байгаль орчинд ээлтэй өсгөдөг. Наад зах нь дугуй унуулдаг. Тийм хүмүүс том болоод машин бус, унадаг дугуй унах дадал зуршилтай болчихно. Энэ нь л экологио хайрлаж буй нэг хэлбэр шүү дээ. Харин манайхан хүүхдүүдээ өсгөхдөө хотын зам аюултай гэх айдастай болгочихдог. Ийм хүүхдүүд том болоод өмнө нь хэрэглэж, туршиж байгаагүй зүйлээс айсандаа шууд л машин сонгодог. Уг нь Монгол зан заншил бол жинхэнэ утгаараа байгальд ээлтэй хүмүүсийг бүтээдэг байж. Гэвч сүүлийн жилүүдэд ёс заншил байтугай таван хошуу малаа ч мэдэх хүүхэд цөөрчээ. Биднийг бага байхад эцэг, эх минь “Шувууны өндгөнд сүүдрээ тусгаж болохгүй. Ээж нь голоод, хаяад явчихдаг” гэж сургадаг байсан. Нэг талаараа хүүхдэд ээж нь хаяад явна гэдэг аймшигтай мэдрэмж тул шувууны өндгөнд ойртож чаддаггүй. Нөгөөтээгүүр өндөг хагалахаас сэргийлж буй хэрэг. “Газар сэндийлж болдоггүй ээж нь үхдэг юм”, “Голын усанд сүү хутгаж байсан шанага дүрж болохгүй” зэрэг байгаль дэлхийдээ тустай ёс заншлаар дүүрэн ард түмэн шүү дээ. Харин өдгөө ёс заншлаа ч мэдэхгүй өөрсдийгөө орчин үеийн, XXI зууны хүмүүс гэх үгээр өмөөрөх болж.

-Өдгөө манай улсад байгаль хамгаалал, экологийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

С.Сувданчимэг: -Хүн төрөлхтөнд бурхан төвтэй байсан үе бий. Дараа нь хүн төвтэй болсон. Одоо харин экологи төвтэй болох гээд “улайраад” байна. Төв үзэлтэй ямар ч онол буруутдаг. Байгалаас авсныхаа хэрээр нөхөн сэргээх хэрэгтэй. Гэвч ашигласан газраа бор шороо төдийхнөөр хучаад, хэдэн мод тарьсан болоод орхичихдог. Тиймээс бид мод тарихдаа хоосон газруудад бус, харин хэрэгтэй газарт тарих нь чухал. Хэн ч арчилж, хайрлахгүй газар мод тарьснаас зөв газарт нь таривал үр өгөөжтэй. Мөн хүн хүндээ хамгийн сайн нөлөөлдөг тул ойр дотно хүмүүстээ ойлгуулах нь чухал. Хүн өөрт нь ойр хүнийхээ үгийг сонсдог. Бас нэгэн аймшигтай үзэл хүмүүсийн дунд бий. “Намайг үхэхээс өмнө дэлхий сөнөхгүй. Тиймээс яаж ч аашилсан болно” гэдэг болж. Дундад зууны үед бурхан шүтэх үзэл дэлгэрснээр маш олон сөрөг зүйл бий болсон ч сайн тал бас байсан юм. Ядаж л хүмүүс хүлцэнгүй, номхон байсан. Одоо бол өөрсдийгөө л боддог болж. Үр хойчдоо ч байгаль бидний дайсан мэт үлгэрлэх болж. Жишээлбэл, ихэнх кинонд байгальтай зүй бус харьцсаны төлөө биднээс өшөө авч байгаа юм шиг дүрсэлдэг болж. Хүний эсрэг талд байгаль бий гэх ойлголтыг төрүүлээд байна. Уг нь бид л эх дэлхийгээ хохироож, хор уршиг нь эргээд бидэнд ирж байгаа хэрэг юм шүү дээ.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)