Монголчууд хуримлаж чадахаа байжээ

Хөрөнгө чинээгээр уралдах хурим хэмээх шинэ төрлийн хийрхэлд хуримлагч хос, хоёр талын эцэг, эх, ахан дүүс тэр чигээрээ чирэгдэж, хүүгээ, охиноо олны өмнө эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ байдгаа барж, барайж суух нь хаанахын ёс вэ. Заяа холбон хорвоог туулах залуу хосын амьдралын гарааг өр тавьж хийсэн хурим, мөнгөний хүү, сэтгэлийн түгшүүрээр эхлүүлэх нь тус уу, ус уу.

Саяхан хуримаа хийсэн танил бүсгүйг өрөвдөв. Хадмын тал нь хүүхдүүддээ том бэлэг барина, олны өмнө зарлаж байж өгнө, урьдчилж хэлэхгүй гэжээ. Бүсгүй энэ тухай өөрийнхөө аав, ээжид хэлж, тэд харин ямар бэлэг барих гэж байгааг асуухад “Танай хадмуудтай өрсөлдөнө гэвэл энэ насаараа төлж дийлэхгүй өрөнд орно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ээ. Боломжоороо л болно” гэж. Охин аав, ээж нь ямаршуу бэлэг өгч ичээх юм бол гэж бодоод эцэг, эхдээ “Юу бэлдэж байгаагаа хэлчих. Зөвлөлдөе” гэхэд нь өнөө хоёр нь “Яах юм бэ. Тэр өдрөө л болъё, чи мэдвэл уурлана” гэж гэнэ. За, ингээд уйлаан майлаан эхэлжээ.

Бас нэгэн жишээ. Түрүү жил юм. Европт амьдардаг хос эх орондоо ирж хуримаа хийв. Хүүгийн аав, ээж хүүхдүүддээ Зайсанд гурван өрөө байр бэлэглэхээр зэхжээ. Мөн л зочдын өмнө үг хэлж бэлэглэхээр бэлдсэн. Охины аав, ээж орон нутгийнх бөгөөд тэр хавьдаа нэр хүндтэй хүмүүс. Хүнсний томоохон дэлгүүртэй, багагүй хэмжээний зээлтэй. Гэсэн ч хүүхдүүддээ худынхаасаа дутахгүй бэлэг өгөх гэлгүй дээ. Тэд олон юм бодолгүй шууд нэлээд хэдэн саяын зээл нэмж аваад, мөн л олны өмнө чанга яригчаар зарлаж, хүүхдүүдийнхээ дансанд хийж байгаагаа мэдэгдсэн юм даг. Мэдээж ажилтай, хариуцлагатай хүмүүс аль аль зээлээ төлсөн байх л даа. Энэ тухай сониныхоо “Зурвас” буланд хальт дурдаж бичсэн билээ.

Ердөө хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчдийн байгууллагын маань ерөнхийлөгч нижгэр хуримлав. “Чингисийн хүрээ”-г бүхэлд нь түрээсэлж, 700 зочин урьж, бэсрэг наадам, сонгодог оркестр, рок попын тоглолт бүхий өглөө, өдөр, орой, шөнийн арга хэмжээ зохион байгуулав. Алиа марзан сэтгүүлч бүсгүй “Найзын хуримаар гурав тасарч, гурав сэхлээ” гэсэн. Манай дарга хуримаа ингэж л хийе гэж бодож дээ. Юу нь ч буруу байх вэ. Зочид болон энэ хуримын тухай сонссон хүмүүс дарга хуримынхаа үеэр гадаадын сэтгүүлчдийн хэд хэдэн байгууллагынхантай хамтран ажиллах гэрээ байгуулж, албан ёсны арга хэмжээ болгон гарын үсэг зурж суусныг гайхаж, хэдэн өдрийн турш ярианы сэдэв болгосон. Хүн хуримынхаа үеэр юу хийх нь түүний дур байх л даа. 

Гэхдээ энэ удаад гадаадын байгууллагын төлөөлөгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь цаг үеэ олоогүй, зочдынхоо анхаарлыг сатааруулсан, зарим талаар үл тоосон мэт уур амьсгалтай байсан гэдгийг очсон нөхөд хэлж суусан. Зочид нь нэг талаар зугаатай байсан гэсэн. Хэсэг бүлгээрээ тойрч суугаад даргынхаа хуримдаа зарцуулсан хөрөнгийг тооцоолжээ. Хуруу дарсаар байгаад лав тэрбум төгрөг энүүхэнд гэсэн дүн гаргасан байлаа. Зарим нь “Яах вэ дээ, чадаж байгаа юманд арга байхгүй. Хэнд, ямар хамаатай юм” гэхэд дэмжсэн зарим нь “Тэгээд яагаа вэ, гэргийдээ тийм их хайртай л байгаа биз” гэж байжээ. Их хөрөнгө зарцуулж, дуулиантай хурим хийж, нэрээ түүхэнд биш юм гэхэд ой тоонд үлдээх гэсэн хүсэл байсан байж болох юм. Хүний хүслийг хүндэтгэнэ. Гэхдээ л энэ нь түүний ажил, мэргэжил, албан тушаал, нийгэмд дуу хоолойтой байх ёстой бие хүнийх нь үүднээс авч үзэхэд тийм ч зохистой санагдаагүй. Ингэж хэллээ гээд чичлэх хүн биш тул чөлөөтэй бичлээ.

Энд татсан жишээнүүдээр юу хэлэх гэв гэхээр, ингэж бие биеэ, охин, хүүгээ, ураг төрлийнхнөө эвгүй байдалд оруулж, сэтгэл санааны дарамт учруулсан хурим, бусад эгэл даруу хэрнээ цаанаа л нэг хайр, сэтгэл шингэсэн, чин үнэний, зоригтой хэлэхэд нүцгэн үнэний илэрхийлэл болсон хурим хоёрын хооронд ямар ялгаа байгааг бодоод үзье л дээ. Аль нь хуримлагч хосод ч, ураг садныханд нь ч, зочдод ч таатай, хэн хүний зүрхэнд аз жаргалын, хайрын гал бадраан, төрсөн сэтгэгдэл насан турш үл мартагдах бол. Харин аль нь долоо хоногийн дараа мартагдаж, амтгүй санагдах бол.

Бас нэгэн ажигласан зүйл бол сүүлийн үеийн хуримын үеэр монгол хүмүүст төдийлөн танил бус, зохистой биш, уламжлалт бус, харийнхныг сохроор дуурайсан ёслол гэх үү, үйлдэл харуулах болов. Хөлсөө дуслуулан, хоолой мэдэн орилох хурим хөтөлдөг гэх залуу хуримлагч хосыг олны өмнө хооронд нь үнсэлдүүлэхгүй бол санаа нь амрахаа байсан. Хөтөлбөрт нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Хөшигний араар орж ганц, хоёр хундага татаж зориг ормогцоо сэдсэн санаа нь юм уу “Залуу хос үнсэлдэж, насан турш үнэнч байхаа илэрхийлээрэй” гэж хашхирна. Хос дуртай, дургүй, эв хавгүй хошуу нийлүүлсэн болно. Хоёр талын эцэг, эх, эмээ, өвөө нь харах хэцүү, байх бүр хэцүү байдалд орж хавчигнана. Хөтлөгчийн хүчинд автаж зочдын өмнө үнсэлцсэн дүр эсгэсэн хосын царайд баяр үл тодорно. Монголчууд эцэг, эх, ахмадуудынхаа дэргэд нялуурдаг бил үү.

Сүүлийн үед хуримд очсон хэн бүхэн хэлнэ дээ. Хуримлаж буй хосын танилцсан, дурлалцсан, хайр сэтгэлээ илчилсэн түүхийг дэлгэцэд яриулах ёс бус үйлдэл байх юм. Хүргэн, бэр аль аль нь ярина. Зарим нь сэтгэлээсээ гэхээс илүү хүчээр ярьж байх шиг санагддаг. Үнэндээ залуусын хаана, яаж танилцсан, хайр сэтгэлээ хэрхэн илчилж, амьдран суухад хүрсэн нь танхимд суугаа, үнэн хэрэгтээ огт анхаарахгүй байгаа олон хүнд хамаатай юу. Хүний амьдралын хамгийн чухал, хүнд хэлэх нь байтугай, өөрсдөө ч сэм ярьж, нандигнам тэр хором, мөчүүдийн тухай заавал яриулах гэж шахдаг нь өнөөх хурим зохион байгуулагчдын буруу бодсон, мэдрэмжгүй шаардлага гэдэг нь хэн хүнд ойлгомжтой.

Хуримын гэрч гэж их чухал хүмүүс байх юм. Уламжлалаар бол хуримлагч хосын хэн хэнийх нь талаас нэг, нэг ойрын хүн гэрч болж, гарын үсэг зураад болдог байлаа. Гэтэл одоо хархүү, бүсгүйн найзууд хэд хэдээрээ гэрчилдэг болж. Тэр ч яах вэ, байж бололгүй яах вэ. Залууст гоё байдаг биз. Гэтэл хамгийн дотно, өөрсдийнхөө намтар, түүх, амжилт, ололтыг сайн мэдэх амин найзуудаа гэрч болгох нь байхад, үгүй нь бас байна. Зурагт, дэлгэцэд гоё, хөөрхөн харагдахыг нь бодож, тийм ч дотно бус, танил төдий залуусыг гэрч болохыг урьснаар дотнын нөхөд нь гомдож, нөхөрлөлд нь сэв суух тал байдаг аж. Эндээс харахад өнөөгийн хурим гээч нь өнгө, мөнгө, хөрөнгө, чинээний л уралдаан болж.

Хурим зохион байгуулагч нөхдийн үндэстнийхээ уламжлал, сэтгэлгээний онцлог, ялгааг умартан, үл ойшоон, гаднынхнаас хуулбарлан тулгах ёс бус шаардлагыг хуримлагч хос болон тэдний эцэг, эх хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдийнхөөрөө шийдэх мэдлэг, соёл баймаар сан.

Хөрөнгөө гайхуулах бас нэгэн хэсэг хуримд бий болсон. Өнөөх урлагийн одод гэдэг хүмүүс маань хуримаар хөлжиж, унаа тэргээ сайжруулж, байр сууцаа томруулдаг болоод уджээ. Юу нь ч болохгүй байх вэ. Тэдний аз. Гэтэл энэ хүмүүсийн “ачаар” хуримын төгсгөл хэсэг ерөөсөө л шоу болдог болов. Өнөөх ёс заншил, хүндлэл, монгол сайхан дээл хувцас байхгүй. Бүгдийг нь тайлж шидээд, дуучдыг даган бүжиглэж, хөлс, юутайгаа холилдон замхарна, завхарна. Эцэг, эх нь ядарчихсан, эмээ, өвөө нь туйлдчихсан, харж анхаарч байгаа хүн ч ховор. Орчин цагийн монгол хуримын өнгө аяс ийм болсныг үзээгүй хүн үгүй л болов уу.

Хуримын төгсгөлийг хэмжээлшгүй их дуу чимээ бүхий шоу болгон хувиргасан хурим зохион байгуулагчид гартаа багтамгүй их мөнгө аваад, гуяа алгадан алга болно. Дуучид сая саяар нь саагаад одно. Олны хүндэлдэг дуурийн дуучид, рок попын одод хуримынхантай холилдон дуулж, хөгжимдсөн болж байхыг харах, сонсох гутамшиг. Тэд тус бүртээ ханштай. Манлай, гавьяатууд нь таван саяар “явдаг” аж. Энэ мэтийн зардал нийлсээр гайгүй шиг хуримын өртөг зуун сая давах болжээ. Чинээлэг хүмүүст бол юу ч биш байх. Харин бэл бэнчин тааруу хэрнээ хүүхдээ бодон, бүсээ чангалж, бүр болохгүй бол зээл аван нэг орой хүмүүс бужигнуулан өрөнд ордог нь хөөрхий.

Хуримын сэдвээр нийтлэл бичих даалгавар авсан цагаас хойш бодож, эргэцүүлж байтлаа гэнэт Бал эрхлэгчийн олон жилийн өмнө бичсэн “Хурим даруу, хуримынхан даруулгатай нь дээр” хэмээх гарчигтай нийтлэл байдгийг санаж, есөн ботийг нь эргүүлсээр байгаад оллоо. Эрхлэгч тэртээ 1983 онд П.Загдаатай хамтарч бичжээ. Одоогоос 38 жилийн өмнө буюу социализмын үед монголчууд хуримыг мөн л “чадлынхаа” хэрээр гажуудуулж эхэлснийг тэд шүүмжилж, юу гэж бичсэнийг сонирхуулъя.

...Хурим гэхээр уруул чимчигнэсэн айраг сөгнөж, дэлгэц давсан ууц таллаж, залуу хосод ерөөл дэвшүүлэн заяаны ханийг нь магтан дуулсан манай ард түмний уламжлалт сайхан наргиан цэнгээ уншигч таны сэтгэлд бууна. Энэ удаад тэр тухай өгүүлэхгүй. Харин эртний дэвшилт сайхан уламжлалыг гутааж, социалист ёс суртахууныг гажуудуулан, хуримыг ашиг хонжоо олох арга хэрэгсэл, хангалуун чинээлгээрээ баярхах шалтаг болгон ашиглаж, өдөр судар үзэх, ажлын өдөр ч хагартлаа идэж, хэтэртлээ ууж, хууль ёсыг зөрчиж байгаа тухай өгүүлнэ...

...Одоо аль ч сумд бэр буулгахдаа уламжлал ёсоор цагаан зүсмийн морь биш, харин хар ногоон “УАЗ-469”, хөх цэнхэр “ЗИЛ-130” хөлөглөдөг болчихжээ.

...Сонгино сумд өнгөрсөн жил хийсэн дөрвөн хуримд (ажлын өдөр) 18 хонь, долоон ямааны “ам барьжээ”. Хүүхдийнхээ хуримыг хүнээс дутуугүй хийнэ гэсэн эцэг, эхийн сайхан санаа хэтэрч, хүний дээр гарах гэсэн эрмэлзэл болж хувирах нь түгээмэл байна. Одоогийн хурим бүхэн хүч, хөрөнгөө хэрхэн яаж зарах өвөрмөц өрсөлдөөн, зарлаагүй уралдаан болж хувирчээ. Эцэг, эх, төрөл төрөгсөд, шинэ гэр бүл бологчдын ирээдүйн тухай биш, харин хөлтэй, баян хурим хийх гэсэн арчаагүй дорой нэр алдрын талаар толгойгоо мансууртал боддог болж.

...Хуримыг хэт сунжруулдаггүй, нар шингэхээс өмнө дуусгадаг. Эртний хуримын ёсыг тэр чигт нь хуулах хэрэггүй ч гэсэн даруу байдал, ах зах, ураг төрлийг дээдэлдэг сайхан ёс заншлыг нь өвлөх хэрэгтэй биш үү...

Хурим нэг талаар хамт олныг хамардаг ч нийтдээ гэр ахуйн хүрээнд болдог. Тэгэхээр энэ ёслол төрх байдлаараа ямар болох нь түүнийг санаачлан зохион байгуулагчид, түүнд оролцогчдоос шалтгаална. Харилцан дурлах, хайрлах, хүндлэх эрхэм нандин барилдлагааны үндэс гэр бүл болох ёслолыг яаж хийх загварчлал байж болохгүй нь ойлгомжтой. Гагцхүү тэр ёслол хүний бүхий л амьдралын туршид үүрд дурсагдан санагдах нь мэдээж. Гэхдээ хэдэн авдар архи ууж, хэдэн толгой хонь гаргаж, хүргэний талаас хэдэн дээлийн торго, бэрийн талаас хэчнээн төгрөг зарснаар дурсагдах ёстой гэж үү. Хуримыг даруухан хийж, хуримынхан даруулгатайхан байж, эртний дэвшилт уламжлалыг одоогийн шинэ агуулгаар баяжуулах нь зүйтэй биш үү.

Сэтгүүлчид ингэж бичсэн нь тухайн цаг үеийн гэрч болон дурайж байна. Монголчууд социализмын үед үндэсний уламжлалт ёс заншил, хайр, хүндлэлийн оргил болсон хуримын ёслолыг ашиг олох, хөрөнгө чинээгээ гайхуулах хэрэгсэл болгож эхэлж байсан нь өдгөө бусдыг дуурайсан, тэр гэхийн тэмдэггүй, янз бүрийн аль болох олон хүний цуглуулга, байдаг л шоу болон хувирсан нь харамсалтай.

Хуримд зориулан урлуулсан дээл хувцсаа төд удалгүй тайлан, хөлсөө гартал бүжиглэхийг тэгтлээ хүсээд байгаа юм бол хижээл насныхан нь “Эргэн дурсахуй” баарыг зорьж, залуучууд нь хаа сайгүй байдаг элдэв гэрэл анивчуулсан шөнийн цэнгээний газар луу явж, хуримыг хурим чигээр нь өндөрлүүлдэг болох сон. Тэгж гэмээж нь утга, агуулга нь хадгалагдаж, заяа холбон ханилсан хайртай хосын насан турш санан, дурсах, амьдралынх нь нандин үйл явдал болох биш үү.

Гэр бүлд ойр зуурын маргаан, хэрүүл байдаг. Ерөөл, буян оршсон сайхан хурим хийсэн хосод энэ хэрийн саад бэрхшээлд сөхрөлгүй, давж гарах ухаан бүрэлдсэн ч байх болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)