Монголчууд хавдарт идүүлж байна

“ХАДНЫ МАНГАА”
хүүхдүүдийг айлгах болов

Монголчуудын эрүүл мэнд жил ирэх тусам доройтож, эцэстээ “үхлийн нян” тээх болсон. Энэ бол хавдар. 3.3 сая хүрэхгүй хүн амынх нь 15 000 гаруй нь хорт хавдартай. Үүний улмаас жил бүр 5000 гаруй хүн нас бардаг гэсэн харамсмаар статистик бий. Монголдоо ганц ХСҮТ ачааллаа дийлэхгүй, барилга, тоног төхөөрөмж гээд хэрэгцээт бүхнийг нь төрөөс дорвитой шийдэж өгөхгүй байгаа нь өвчнийг улам “өрдөж” мэдэхээр нөхцөл байдал үүссэн.

Нийгмийн хөдөлгүүр болсон монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” сонин чанга дуугарч, манай сурвалжлах баг ХСҮТ-д олон хоног ажилласны дүнд хавдрын талаарх цогц ойлголтыг түмэнд хүргэхийн сацуу эмнэлэгт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэр гаргагчдад уламжилсан. “Монголчууд хавдарт идүүлж байна” цуврал сурвалжилгаараа насанд хүрэгчдийн өвчлөлийн талаар түлхүү мэдээлсэн бол энэ удаа хавдар ирээдүй хойч үеийнхнийг минь “мэрж” байгааг хөндлөө.

“Үгэнд орохгүй бол хадны мангаа ирээд авчихна шүү” гэж эцэг, эхчүүд хүүхдээ айлгаж, дүрсгүй занг нь хөнгөхөн номхотгочихдог. Гэвч орчин үед “хадны мангаа” амилж, хүүхдүүдийг айлгах болжээ. Томчууд л өвддөг мэтээр ойлгодог хавдарт хүүхдүүд ч идүүлж, дэгж дэрвэх насандаа эмнэлгийн ор сахих нялхас олширсныг олон судалгаа харуулж байна. Сүүлийн гурван жилд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хавдрын улмаас 2880 хүүхэд эмчилгээ хийлгэжээ. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатайг албаныхан мэдээлсэн. Хүүхдэд тохиолдож буй хорт хавдрын талаарх нэгдсэн судалгаа Монголд одоогоор байхгүй. ЭХЭМҮТ-ийнхөн энэ талаар нарийвчлан судалснаа тун удахгүй танилцуулах гэнэ.

Олон улсад хүүхдийн хавдрыг эдгээх магадлал 80 хувьтай байдаг бол манай улс 70-75 хувийг нь анагаадаг болж. Энэ нь насанд хүрэгчдийнхийг бодвол эдгэрэх хувь өндөр гэсэн үг. Том хүнийг бодвол хүүхэд архи, тамхи зэрэг хорт хэрэглээ, зуршилгүй хэрнээ яагаад хавдраар өвчилдөг юм бол гэж та гайхаж байна уу. Тийм ээ, хүүхдэд тохиолддог энэ өвчин насанд хүрэгчдийнхээс өөр. Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар хүүхдэд зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Үлдсэн таван хувь нь генийн өөрчлөлт, орчны бохирдол, бусад хүчин зүйлтэй холбоотой аж. Тиймээс хүүхдээ “хадны мангаад” өгөөд явуулчихгүйн тулд эцэг, эхчүүд хараа хяналтаа чангатгаж, аль болох эрт үед нь илрүүлбэл өвчнийг ялах боломжтой.

Хүүхдийн хорт хавдрын 40-50 хувийг цусных эзэлж буйг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийнхан хэлсэн. Төрөнгүүт нь хавдартай, үгүйг нь мэдэх боломжгүй тул шинж тэмдгийг ажиглах ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Ходоод, цус, элэг, тархиных гээд хавдрын шинж тэмдэг харилцан адилгүй илэрдэг. Дээр дурдсанчлан, эрт илрүүлэхэд эцэг, эхчүүдийн ажиглалт маш чухал. Зарим нь анзаарахгүй явсаар эцсийн шатанд нь тулгадаг бол гярхай аав, ээж эмнэлэгт эрт хандсанаар үр хүүхдээ аварсан нь олон аж.

Хорт хавдартай хүүхдүүдийг ЭХЭМҮТ эмчилж, асарч тойлдог. Тус төвд жилд дунджаар хорт хавдрын 70-80 тохиолдол бүртгэгддэг гэнэ. Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг “Цусны хорт хавдар ихэвчлэн 10 хүртэлх насныханд илэрч байна. Түүнээс дээш насны хүүхдэд өөр төрлийнх зонхилдог. Түлхүү тохиолддог цусны хорт хавдрыг таних өвөрмөц шинж тэмдэг байхгүй. Ямар нэгэн халдварын голомт, уушгины хатгалгагүй хэрнээ удаан хугацаагаар шалтгаангүй халуурвал анхаарах шаардлагатай гэсэн үг. Энэ нь 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх нь ч бий. Хоёрдугаарт, хүүхдэд цусархаг (эмнэлгийнхний хэлээр) шинж тэмдэг илэрнэ. Олон хоног хамраас нь цус гарах. Гэмтлийн үед болон цус бүлэгнэх өвчин, халууцах, орчны агаар хэт хуурай байхад хүүхдийн хамраас цус гарч болно. Цус тогтохгүй удвал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Хүүхдийнх нь хамраас 2-3 өдөр цус гараад байхад тоохгүй явдаг эцэг, эх байна. Тэр ч бүү хэл дээш нь харуулаад хэвтүүлчихдэг. Энэ нь цус тогтоох арга биш. Харин ч хүүхэд цусаа залгиж, өвчнийг улам хүндрүүлдэг. Мөн арьс, салстаар цусархаг тууралт гарна. Амны хөндийг нь сайн ажигла. Биеийн аль нэг хэсгийг цохиж, гэмтээгээгүй атал хөхөрчихсөн байвал цусны хавдрын шинж байхыг үгүйсгэхгүй. Нүдэнд үл үзэгдэх, цэгэн тууралтаас эхлээд том хэмжээтэй хөхрөх нь ч бий. Хүүхдээ усанд оруулахдаа нарны гэрэлд бүтэн биеийг нь харчихад гэмгүй. Мөн гүйлсэн булчирхайнууд томрох, яс янгинах шинж давхар ажиглагдана. Яс өвдлөө гэхээр аав, ээж нар өндөр болох нь гэдэг. Үнэний ортой ч өвчин намдаах эм уух хэмжээнд хүрсэн бол энэ нь асуудал бийг харуулна. Цусны хорт хавдар нэг хоногийн дотор үүсдэггүй. Тиймээс энэ өвчнийг асран хамгаалагч нарын тусламжтайгаар илрүүлэх нь хамгийн зөв арга” гэсэн юм.

Эцэг, эхчүүд цусны хорт хавдрыг солонгос кинонд гардгаар төсөөлдөг. Олонх нь энэ талаар мэдлэг, мэдээлэл муутай. Хүүхэд хавдраар өвчилдөг гэдгийг мэдэхгүй хүн байхад эдгэрэхгүй гэж боддог нь ч бий. Гэвч энэ өвчин бусад хавдрыг бодвол эдгэх магадлал өндөртэй аж. ЭХЭМҮТ-д ийм оношоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 60-70 хувь нь эрүүл болоод гэртээ харьдаг. Эрэгтэй хүүхэд гурав, эмэгтэй нь хоёр жилийн турш химийн эмчилгээ хийлгэсний дараа сая эдгэрлээ гэж үздэг юм билээ.

Дэлхий дахинд жил бүр 300 000 хүүхэд хорт хавдарт нэрвэгддэгийн 215 000 нь 0-14 насныхан аж. Энэ үед нь нүд, тархи, цусны хавдар түлхүү оношлогддог бол өсвөр үеийнхэнд цул эрхтэн болон ясных зонхилон тохиолддог байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт найдаж болохгүйг эмч нар сануулсан. Учир нь цусны шинжилгээгээр цоо эрүүл гарсан хүүхэд сарын дараа хавдраар өвдсөн тохиодол гарчээ. Ангийн багш нь нэгэн сурагчаа хэсэг хугацаанд ажигласны дүнд “хадны мангаа”-г илрүүлсэн тохиолдол ч байна. Нярай хүүхдэд цусны хавдар амархан хүндэрдэг тул нөгөөх л ажиглалт чухал гэж эмч нар дахин давтан захив. Өвчинтэй хүүхдийн өтгөнд нь цусан судал үүсэж, тагнайд нь цусархаг тууралт гардаг юм байна. Ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Учир нь нярай хүүхдийн өвчин богино хугацаанд хүндэрч, цус харвах эрсдэлтэй гэнэ.

Энэ төрлийн хавдар нь цус үүсгэгч эдийн найрлага дахь тунгалгийн булчирхай, түүнийг үүсгэдэг бусад бодисын замбараагүй үржил аж. Цусны хавдрыг цагаан эсийн, хорт лимфома (тунгалгийн булчирхай), миелома (бөөмсийн) гэж ангилдаг бол цус хэт багадсанаас болж бас үүсдэг аж.

2017 онд улсын хэмжээнд 122 хүүхэд хорт хавдраар өвчилсний 74 нь эрэгтэй, 48 нь эмэгтэй. Өмнөх оныхтой харьцуулахад 14-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэдний 39.3 хувь нь 0-4, 24.6 хувь нь 5-9 настай, үлдсэн нь өсвөр үеийнхэн байна. Зонхилон тохиолдох хорт хавдрыг цус, тархи, мэдрэлийнх тэргүүлж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд онцолжээ. Эдгэрсэн хүүхдэд таван жилийн дотор ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол дахих магадлал тун бага. 10 хувьд нь л өвчин сэдэрдэг гэх. Энгийн эмчилгээгээр эдгэрдэггүй, дахих магадлалтай бол ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг сүүлийн жилүүдэд Монголд хийдэг болсон.

Хэлж ирдэггүй гай хэцүү. Хүүхдээ ямагт анхаарч, хамтдаа ярилцаж, үйл хөдлөлийг нь ажиглаж дадсанаар магадгүй та “хадны мангаа”-гаас үрээ хамгаалж, өвчнийг давраалгүй анагааж чадна гэдгийг дахин сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)