​Монголчууд хавдарт идүүлж байна-3

Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь буруу. Тэглээ гээд яах билээ.

Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн. Харин төрийн гурван өндөрдөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-өө анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна.

Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач, халаглах нь лавтай. Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ.

Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү. Юу юуны тү- рүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна.


Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй. Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж, гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдье, дуугаръя.

Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий. Өвчин эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл. Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой.

Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар л ороход л хашлага, газар дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. Дотор ч ялгаагүй хар зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”... Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.

“Өнөөдөр” ХСҮТ-ийн үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагч, ажилтнуудын ажлын талаар цувралаар нийтэлж, сурвалжилж буй. Тус эмнэлэг хавдрын мэс заслын, өвөрмөц эмчилгээний, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлийн клиник бүхий, 17 тасагтай. Энэ удаа мэс заслын клиникийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын болон түүний дэргэдэх Ангиографын тасгийн үйл ажиллагаа, ачаалал, жаргал, зовлонгоос уншигчдадаа тоймлон хүргэе.

Тус тасаг нь 2008 онд таван эмч, рентген техникч нэг, 15 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө 16 (мэс заслын ес, ангиографын дөрөв, гепатологи буюу элгээр мэргэшсэн дотрын хоёр, зөвлөх нэг) эмч, 12 сувилагчтай (орон тооноосоо гурав дутуу) бөгөөд 28 ортой.

Өнгөрсөн мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 6-ны өглөө тус тасгийн эмч нар болон элэг шилжүүлэн суулгах багийнхан хуралдаж, энэ сарын сүүлчээр элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх хоёр өвчтөн, тэдний донорын талаар зөвлөлдөж, бэлтгэл ажлынхаа явцыг хэлэлцэв.


Юуны өмнө тэдэнд хагалгаа хийх, эсэхийг зөвшилцөөд, цусан бүтээгдэхүүний захиалга, багаж, төхөөрөмж, эм, бэлдмэлийн хүрэлцээ, хангамж гэхчлэн мэс засалд шаардлагатай бүхнийг нэг бүрчлэн бүртгэж, хянахыг Ж.Чинбүрэн эмч үүрэгдлээ. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд донор чухал гэдгийг жирийн иргэд бид бага сага гадарладаг.

Гэхдээ тухайн хүний “бэлэг” болох элэг, бөөрний хэмжээ, судасны диаметр, байрлал болон бусад эрхтэн системийн үйл ажиллагаа ямар вэ, авах, өгөх хоёрын артерын судасны хэмжээ таарах, эсэх зэргээр маш өргөн хүрээгээр “шүүж”, хэлэлцдэг, заримдаа донор нь шаардлагад нийцэхгүйн улмаас “хасагдах”, үгүй бол өөрөө шийдвэрээ өөрчилж, татгалзах, учирч болох эрсдэл гээд нарийн, төвөгтэй асуудал өчнөөн байдгийг тэр бүр мэдэхгүй.

Энэ бүхний талаар хурлаараа хэлэлцэж, зөвлөлдсөн гэсэн үг. Монголд анагаах ухаан зарим чиглэлээр үнэхээр өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл бол эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал. Үүнийг мэдээж эмч нар хийнэ. Тийм мундаг, мэргэжилдээ гаршсан эмч манайд, ялангуяа ХСҮТ-д олон байгаа нь бахархалтай, бас талархууштай.

Энэхүү зөвлөлдөх хурлаас ХСҮТ-ийн “школ”-ын зах зухаас мэдэрлээ. Элэгний хавдартай хүмүүстэй тулж ажилладаг Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар “хөтөч” хийлээ. Мягмар гараг бүр энэ тасгийн эмч нар зөвлөгөөн хийж, амбулаториор үзсэн зарим өвчтөнд мэс засал болон хавдрыг түлэх, судсыг нь бөглөх эмчилгээ хийх, цаашлаад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай, эсэх зэргийг шийддэг юм байна.

Өөрөөр хэлбэл, олон мэргэжлийн эмч нар зөвлөлдөж, шийдвэр гаргах шаардлагатай тохиолдлуудын талаар хэлэлцэнэ гэсэн үг. Өнөөдөр зөвлөгөөнөөр 49-83 насны 25 өвчтөн “асуудлаа” шийдүүлнэ. Үүн дээр яаралтай болон бусад тасгийн өвчтөнүүд нэмэгдэх нь бий. Эхний өвчтөнд судас бөглөх эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй гэдэгт эмч нар санал нэгдээд, Ангиографын тасгийн эмчтэй уулзахыг зөвлөв.


70 гаруй настай өвчтөн мэс засал хийлгэх хүсэлтэй гэнэ. Харамсалтай нь, түүний биеийн байдал хагалгаа даахааргүй, эрсдэлтэй байгааг эмч нар учирлан тайлбараад, явуулав. Дараагийн хоёр хүний нэг нь харьцангуй эрт үедээ оношлогдсон учраас хавдрыг түлэх эмчилгээнд орох боллоо.

Нөгөөх нь харин хожуу үедээ орсон учраас хагалгаа өндөр эрсдэлтэй тул хавдрыг тэжээгч судсыг нь бөглөх эмчилгээ хийлгэхийг зөвлөөд, илүү дэлгэрэнгүй мэдээллийг ангиографийн эмчээс авахыг зөвлөв. Эмч нар өвчтөнүүдийн томографын зургийг (CD) компьютерын дэлгэцээр харах зайлшгүй шаардлагатай. Гэтэл компьютеруудынх нь хүчин чадал тийм ч сайнгүй, гайгүй гэсэн нь хүчтэй зарим CD-ийг унших гэж бөөн юм болдог аж.

Эмч нарын зөвлөгөөнөөр орсон нэг хүний CD нээгдэхгүй нэлээд “ноцолдлоо”. Бараг 30 минут “идэж” арай гэж нээгдэв. Энэ үед сувилагч Ш.Амарзаяа гаднаас орж ирээд “Эмч ээ, гадаа хүмүүс “Ямар уддаг юм бэ” гээд байна” гэж учирлав.

Эмнэлгийн байгууллагад 30 гаруй, энэ эмнэлэгт долоон жил ажилласан туршлагатай тэрбээр өвчин зовлонтой хүмүүст аль болох зөөлөн хандаж, чирэгдэлгүй үйлчлэхийг эрхэм зорилгоо болгодог тухайгаа ярилаа. Эмч нарын зөвлөгөөнөөр орж, ямар эмчилгээ хийлгэх ёстойгоо мэдсэн хүмүүсийг сувилагч ангиографын эмчтэй холбох, Гепатологийн тасагт хүргэх зэргээр гурван өрөөний дунд цаг завгүй “шогшино”.

Э.Тайванбаатар эмчээс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийнх нь талаар асуухад “Бид жил бүр л зайлшгүй шаардлагатай төхөөрөмж, аппаратынхаа жагсаалтыг гаргаад, захиалдаг. Тэр нь бөөндөө ирэхгүй зовлонтой. Хэдэн сар, жилээр увж цувж ирж байтал түрүүчээсээ шаардлага хангахаа больж эхэлдэг.

Манай тасаг болон амбулаторид компьютер, процессорын хэрэгцээ тасрахгүй. Солиод удалгүй жагсаалаас гарчихдаг. Өдөр, шөнөгүй хэдэн зуун CD уншуулж, талхиулчихаар аргагүй л дээ. Томографын зарим CD компьютер “голно”, хүчин чадал их шаарддаг. Сая та харлаа. Өдөр бүр л ийм асуудалтай тулж, гацчихаар нь компьютероо олон удаа асааж, унтраагаад “арга эв”-ийг нь олно доо.

Манай эмнэлэг цахим программд шилжсэн учраас компьютер алхам тутамд хэрэгтэй. Үүнээс гадна хэрэгцээтэй тоног төхөөрөмж гэвэл өчнөөн, нарийн зүйл их” гээд аль болох стрессгүй байхыг хичээдэг талаараа ярилаа. Хавдар хэмээх өвчнөөс дутахгүй хор уршигтай стресс нийгмийг бүхэлд нь “донсолгож” байгааг ч тэрбээр онцолсон.

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн дэргэдэх Ангиографын (судсан дотуурх мэс засал) тасгийн эмч В.Гантулга ходоодных нь хавдар элгэнд үсэрхийлсэн талаар нэг өвчтөнд тун ойлгомжтой тайлбарлаад, химийн эмчилгээ хийлгэх шаардлагатайг дуулгав.

Тэр өвчтөний хувьд хавдрын улмаас ходоодоо тайруулсан, өдгөө элгэнд нь үсэрхийлсэн, хоёр удаа химийн эмчилгээ хийлгэсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй учраас зогсоосон юм байна. Тэгэхээр хавдрын илрүүлгийн шинжилгээнд тодорхой хугацаанд хамрагдаад явбал ингэж хүндрэхгүй, эрсдэлийг бууруулах, цаашлаад бүрэн эдгэрэх боломжтойг ХСҮТ-ийн эмч нар давтан давтан хэлж байсныг иргэддээ дамжуулъя.

Энэ тасгийн эрхлэгч Н.Юмчинсэрчин “Манайх дөрвөн эмчтэй, найман ортой, мэс заслын бус (элэгний хавдрыг тэжээгч судсыг бөглөх, хавдрыг түлэх, судсан дотуурх мэс ажилбарууд) эмчилгээний тасаг. Улсын хэмжээнд хавдартай өвчтөнүүдийн бараг 90 хувьд нь үйлчилдэг, асар их ачаалалтай” гэлээ.

Тэрбээр өнөөдөр үзүүлсэн хүмүүсийг 2018 оны хуанлийн арванхоёрдугаар сарын 4-10-ны өдрийн хүснэгтэд тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл, нэг сарын дараа хэвтэн, эмчлүүлнэ гэсэн үг. Ийм “урт” дараалалтай байдаг учраас олонх өвчтөнөө нэг хонуулаад л гаргахаас аргагүйд хүрдэг юм байна.

Ингээд бодохоор, долоо хоногт дунджаар 40 гаруй хүн хэвтэн, эмчлүүлдэг “эргэлттэй” аж. Ачааллыг бууруулахад нэн түрүүнд өнөөх л өрөө “саваа” тэлэх, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр ярьсан. Мөн боловсон хүчнийг нь бэлтгээд бусад эмнэлэгт хавдрын энэ төрлийн эмчилгээ хийдэг болчихвол ачааллыг тодорхой хэмжээнд хөнгөлөх, цаашлаад Хавдрын эмнэлгийн сургалтыг түгээх боломжтой гэлээ.

Эднийхний хамгийн их санаа тавьж, “горьдож”, хүлээж байгаа нэг зүйл нь ангиографын дэвшилт, шинэ төхөөрөмж гэнэ. Одоо ашиглаж байгаа аппарат нь 1997 оных юм байна.

Ингэж ажлаа танилцуулах зууртаа Н.Юмчинсэрчин эмч хэн нэгэн рүү утсаар байнга залгана. Товлосон өдрөө ирж амжаагүй нэг, хоёр хүний оронд дараагийн дугаартай өвчтөнөө дуудаж байгаа нь энэ. Ийм “аахар шаахар” асуудалд хүртэл эндхийн эмч нар сэтгэлээ чилээх юм.

ХСҮТ-өөс ажигласан өөр нэг зүйл гэвэл, эмч нар нь өвчтөнтэй байнга намуухан дуугарч харилцах юм. Заримдаа бүр хүүхэд аргадаж байгаа мэт ярьж, уйгагүй тайлбарлах аж.

Эмч нарын зөвлөгөөн болж, өвчтөнүүд “бужигнаж” байгаа 208 тоот өрөөний тосгуур бөглөрчихлөө. Хэтрүүлбэл, амьсгалах ч завгүй шахуу ачаалалтай, дээрээс нь жижигхэн өрөөнд олуулаа ажиллаж байгаа эмч нар, сувилагч бүгд л “сандарч”, сантехникчээ дуудлаа.

Удалгүй байдал хэвийн болж, үзлэг үргэлжилсээр үд өнгөрлөө. 14.00 цаг болж байв. Эмч нар аяга ус ч уух завгүй ажилласаар. Удахгүй энэ ажил дуусахаар тэд тасагтаа очиж ажиллана. Зарим нь хагалгаанд орно. Зарим нь орой хагалгаатай. Тэр болтол тасгийнхаа өвчтөнүүдийг үзэхээс эхлээд бусад ажлаа хийнэ.

ХСҮТ Улсын II төв эмнэлэг, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ХСАХНЭ)-тэй олон жил хамтран ажиллаж иржээ. Үүний хүрээнд эндхийн эмч нар тэдгээр эмнэлэгт очиж хагалгаа хийдэг аж. Өнөөдрийн байдлаар Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн хоёр эмч ХСАХНЭ-т хагалгаатай байлаа. Ингэснээр ачааллыг бага ч болов бууруулах ач холбогдолтойг Э.Тайванбаатар эмч хэлсэн.

Энэ тасгийнхан өдөрт дунджаар зургаан хагалгаатай байдаг. Өнөө орой хоёр яаралтай хагалгаатай гэсэн. Мэдээж мэс заслыг төдөн цагт амжуулж дуусгана гэх боломжгүй. Э.Тайванбаатар “Манай тасгийн эмч, сувилагч нар ихэвчлэн шөнө л харьдаг. Өнөөдрийн хувьд оройны хоёроос гадна нэмэлт нэг төлөвлөгөөт хагалгаа байгаа.

Ер нь ХСҮТ-ийн мэс заслын тасгууд маш их ачаалалтай. Эмнэлэг хагалгааны дөрвөн өрөөтэй. Нэг нь манай тасгийнх. Тэндээ төлөвлөгөөт хагалгаануудаа тасралтгүй хийдэг ч хүрэлцдэггүй. Хавдрын өвчлөл маш их байна.

Тиймээс хагалгааны бусад өрөө сулрахыг өдөржин хүлээсээр байгаад орой болдог. Тэгсэн ч ажлын цаг дууссан гээд явах эрх бидэнд байхгүй. Шөнө ч хагалгаа хийж л байдаг” гэв. Ингэж өдөр, шөнөгүй хагалгаа хийж байгаа ч мэс засалд орох шаардлагатай өвчтөнүүд нэг сар хүртэл хугацаанд хүлээдэг юм билээ.

Энэ үнэхээр аймаар, магадгүй цочирдом нөхцөл байдал шүү. Та биднийг халуун хөнжилдөө дуг хийж байхад ХСҮТ-ийнхөн хүний амь аврахаар цаг, минуттай өрсөлдөж, робот шиг ажиллаж байна. Тэглээ гээд том дуугарч, туниж, “ядарлаа, зүдэрлээ” гэсэнгүй.

Зүгээр л ажиллах нөхцөлийг нь сайжруулж өгөхийг төр, засгийнхнаас хүсэж байна. Хагалгааны өрөө олон бол, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх өрөө хангалттай бол өвчин зовлонтой хүмүүс олон хоног, сараар дугаарлахгүй, ХСҮТ-ийн эмч, сувилагч нар ч гэр бүл, хань ижил, үр хүүхэдтэйгээ “мэдэж, мэдрэх” боломжтой.

Хэдэн тэрбумаар нь улсаасаа хулгайлдаг, завтай үедээ л үүрэгт ажлаа хийж, хүний төлөө бус, өөрийн эрх ашгийг түрүүнд тавьдаг УИХ-ын гишүүд, төрийн түшээд ээ, Монгол Улсын хавдрын ганц эмнэлэг одоогийн энэ байдлаараа цааш явах үнэхээр боломжгүй болжээ.

Жаахан хожимдсон ч гэсэн, бүр гамшгийн хэмжээнд хүрэхээс нь өмнө одоо л шийдвэр гаргахгүй бол харанга дэлдээд ч нэмэргүй болох вий. Сандал суудал, эрх мэдлийн төлөө дайтаж байх хооронд чинь улс орон хавдарт идүүлж дуусах нь, анхаараач.

Улсын хүн ам нэг сая гаруйхан байхад л барьсан ХСҮТ-ийн барилга байшингийн даац хэтэрснийг, монголчуудын дунд хавдрын өвчлөл ямар байгааг тус эмнэлгээр орж, гарсан хэн бүхэн мэднэ. Э.Тайванбаатар эмчийн ярьснаар 10 жилийн өмнө Элэг, цөс, нойр булчирхайн тасагт жилд 100 гаруй хагалгаа хийдэг байсан бол өдгөө энэ тоо 500-600 болж өссөн байна.

Энэ бол зөвхөн элэгний хагалгааны тоо шүү. Хүн ам нэмэгдсэн, оношилгоо, техник төхөөрөмж сайжирсан нь үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой нь мэдээж. Гэхдээ хавдрын өвчлөлийн тохиолдол энэ бүхэнтэй “уралдан” өгсөж байгаа нь нэг талаар бид амьдралын хэв маяг, зуршлаа өөрчлөх, хүрээлэн буй орчноо эрүүл байлгах ёстойг харуулна. Нөгөө талаас төр, засаг ажлаа сайжруулахыг сануулж буй хэрэг.

Уг нь энэ эмнэлгийн даацыг бууруулахад бага ч гэсэн нэмэр болох өргөтгөлийн барилгыг цаг тухайд нь ашиглалтад оруулсан бол өнөөдөр арай өөр байх боломж байсан. Долоон жилийн турш дутуу хагас баригдаж, зарим хэсэг нь “дуншсаар” буй, гурван давхар тэр байшин яривал ямар их зовлон тоочих бол.

Э.Тайванбаатар “Манай инженерүүдийн ярьснаар бол өргөтгөлийн байран дахь хагалгааны хоёр өрөөний агааржуулалтын вакум системийн тааз болон шаланд байх ёстой халаалт, хөргөлтийн шугамны холболтыг нэгтгээд хийчихсэнээс болоод ашиглаж чадахгүй байгаа. “Зүр” гэдэг компани удахгүй янзална гэсээр өнөөдрийг хүрч, одоо бүр сураггүй болсон гэнэ лээ. Ер нь энэ барилга бүрэн ашиглалтад орсон ч ХСҮТ-ийн ачаалал хангалттай буурахгүй нь тодорхой. Зөвхөн хагалгааны өрөө гэхэд хамгийн багадаа 10 байж гэмээнэ энэ их ачааллыг бууруулах тухай ярих боломжтой” гэсэн.

ХСҮТ хэмээх том айлын амьдралын нэгээхэн хэсгийн хэмнэлийг хэдхэн цаг чагнахад ийм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)