Монголчууд нийтээрээ тамхи татах сэтгэцийн өвчинд нэрвэгдэх нь

Тамхичиддаа дэлхийн тамхигүй өдрийн мэнд хүргэе. Гэхдээ тамхи гэдэг зүйл тархи, улаан хоолой, уушги, ходоод, элэг, давсагт асар хор хөнөөлтэйг мэддэг үү та. “Зүгээр л тамхи шүү дээ” гэж татсаар арав хүрэхгүй жилийн дотор биологийн наснаасаа тав, арван жилээр хөгширч, үрчийж хорчийж яваагаа анзаардаг уу. Дэлхий дахинд жилд найман сая хүн тамхидалтаас болж амиа алддаг. Бүр тодруулбал нэг жилд уушгины хавдраар 2.5 сая хүн оношлогддог бөгөөд тухайн жилдээ 1.8 сая нь нас бардаг. Тамхи татдаг бол та тэдний нэг болох магадлалтай. Өөртөө гай тариад зогсохгүй өрөөлд таны татсан тамхи хор хүргэж амжина. Дам тамхидалтаас үүдэн дэлхийд жилдээ нэг сая хүн нас бардаг. Тэдний 165 000 нь таваас доош насныхан байдаг аж. Тамхи юу нь тийм хортой юм гэж үү. Түүний найрлагад никотин, жоомны хор, будаг арилгагч ацетон, пуужингийн түлш, машины зай, хийн хор, шал цэвэрлэгч, цагаан эрвээхэй устгагч зэрэг 72 төрлийн бодис ордог. Эдгээр химийн хорт нэгдэл нь шатах явцдаа өөр хоорондоо урвалд орж хорт хавдар үүсгэдэг байна. Ийм “шидтэй” учир дэлхийд тамхины улмаас дөрвөн секунд тутамд нэг хүн амиа алдаж буй. Түүнчлэн олон улсад тамхи татахыг F-17 сэтгэцийн өвчин хэмээн тодорхойлж, тамхидалттай эрс тэмцэх болов.

Монголд Тамхины хяналтын тухай хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэн даруйд олон талын ач холбогдолтой, үр дүнтэй ажил болжээ хэмээн иргэд талархан хүлээж авсан. Учир нь баар, цэнгээний газар, гудамж талбайд тамхи татахыг, сургуулиас 500 метрээс дотогш байрладаг дэлгүүрт борлуулахыг хориглосон. Хууль хяналтын байгууллагынхан ч хуулийн хэрэгжилтэд гойд анхаарч, хяналт шалгалтаа чангатгасан билээ. Үр дүнд нь тамхины хэрэглээ хумигдаж, олон нийтийн газар тамхи татах нь эрс багассан юм даг. Харин 2015 онд Тамхины хяналтын тухай хуульд нэгэн өөрчлөлт орсон нь өмнөх үр дүнгээ үгүйсгэж, дордуулсан, ухралт хийсэн хэрэг болсон юм. Тодруулбал, ажлын байрны орчинд тамхи татах цэг байрлуулахыг хуулиар зөвшөөрсөн билээ. Тиймээс энд тэндгүй тамхи татах цэг олширч тамхи дахин гудамжинд гарсан юм.

Өчигдөр Баруун дөрвөн замаас Боловсролын их сургууль хүртэл алхлаа. Замын хашлага дагуу хаясан тамхины иш энд тэндгүй харагдана. Хэд алхаад л тамхи татсан охид, залуустай тааралдсан. Настайчууд ч мэр сэр таарсан. Машинтай иргэд ч цонхоороо тамхины иш хаяхыг хэдэнтээ харав. Нэг өвөө Гадаад харилцааны яамны арын замд автомашинтайгаа хөдөлгөөнд оролцож яваад гэрлэн дохионы наахна зогсов. Ногоон гэрэл асаахыг хүлээх зуураа мань өвөө хэрэглэж дууссан бололтой, тамхины асаагуураа автомашиныхаа цонхоор гаргаад хээв нэг чулуудчихлаа. Нэг охин дөхөж очоод шаардлага тавив бололтой, өвөө хаалгаа нээж “гээсэн хогоо” авч харагдсан. Төв номын сангийн автобусны буудлын ард нэг эмээ тамхи татаад зогсож байлаа. Би дөхөж очоод “Энэ тамхи татах цэг үү” гэж асуухад тэрбээр эргэн тойрноо анзаарч харснаа “Биш бололтой” гэсэн юм. Тамхины найрлагад жоомны хор, пуужингийн түлш, автомашины метанол зэрэг олон бодис ордог хэмээн ярилцахад минь үл итгэсэн янзтай харсан ч талархлаа илэрхийлсэн билээ. Төв номын сан “Гурван гал” худалдааны төвийн голд залуус хэсэг бүлгээрээ, хоёр гурваараа зогсоод тамхи татаж байв. Хотын төв хэсгээр цаг гаруйхан алхахад ийм л байна.

Төв номын сангаас буцаж төв шуудангийн урд очлоо. Жижиглэн худалдаа хийж буй О-той танилцлаа. Тэрбээр тамхи ширхэглэж зараад өдөртөө 15-20 мянган төгрөг олчихдог гэнэ. Энэ өдөр (өчигдөр) Сүхбаатарын талбайд жагсаал цуглаантай байгаа учир байгаа газраасаа цагдаа нарт хөөгдсөөр энд ирсэн юм байна. Тэрбээр надад хандаж “Амьдрал хэцүү байна. Та нар ядарсан надтай хөөцөлдөөд яах вэ. Хөөгдөж явсаар өдрийг өнгөрөөлөө” хэмээн унтууцсан. Тийм хэдий ч бид цөөн хором ярилцлаа. Иргэн О дэлхийн “Тамхигүй өдөр” гэдгийг мэдэж буй гэнэ. Улмаар хор хөнөөл, гарах үр дагаварын талаар ч ойлголттой гэдгээ хэлсэн. Ер нь тамхи импортлохоо болихгүй л бол тамхи зарах, татахаа зогсооно гэж байхгүй хэмээсэн юм. 

Бидний ийн ярилцах зуур нэг залуу ирж хоёр ширхэг янжуур авлаа. Тэр бас өнөөдөр “Тамхигүй өдөр” гэдгийг мэдэж байна билээ. Олон нийтийн газар тамхи татах нь хориотой гэдгийг ойлгодог. Тиймээс “Ил задгай тамхи татдаггүй. Санаа зовоод байдаг” хэмээн хариулаад авсан тамхиа халаасандаа хийн цааш явлаа. III, IV хорооллын гудамж ч ялгаагүй тамхичин залуусаар дүүрчээ. Шатахуун түгээх станцын ойролцоо ч тамхи татах хүн нэг бус байв. “Нарантуул” олон улсын худалдааны төвд очлоо. Манайхан бахь байдгаараа бараа зөөдөг тэргээ түшин тамхи баагиулж, хөзөр тоглонгоо нэг нэгэнтэйгээ тамхилах дүр зураг харагдав. Угаас Монгол тамхины хэрэглээ өндөр орны тоонд хэдийнэ эрэмбэлэгдсэн юм билээ. Нэг гэрт амьдарч буй хоёр хүн тумын нэг нь, албан байгууллагад ажиллаж буй гурван хүн тутмын хоёр нь тамхи татдаг гэх судалгаа гарсан байна. Иймээс мэргэжилтнүүд хүн ам цөөнтэй Монголд нийтээрээ тамхи татах сэтгэцийн өвчинд нэрвэгдэх нь хэмээн санаа зовниж эхэлжээ.

ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзоригтой уулзав. Өнөөдрийн байдлаар тамхины улмаас эрүүл мэндээрээ хохирч мэс засалд орсон, туяа эмчилгээ хийлгэж буй 10 гаруй хүн ХСҮТ-д буй аж. Б.Ганзориг “Монголд жилд 400 орчим хүн уушгины хорт хавдраар оношлогддог. Харамсалтай нь, 90 гаруй хувь нь буюу 300 тохиолдол хожуу оношлогддог. Тэдэнд бүрэн эмчилгээ хийх боломжгүй. Хөнгөвчлөх эмчилгээ хийн, амийг нь торгоох арга зам байдаг. Улмаар амиа алддаг. Жилд илэрч буй уушгины хорт хавдартай иргэдээс 100 орчим нь нэг, хоёрдугаар шатандаа ирж эмчлүүлдэг.

Уг нь уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэх маш амархан. Тамхи татахаа байчих хэрэгтэй. Гэтэл тамхичдыг цагдаж дийлэхгүй байна” хэмээлээ. Уушгины хорт хавдрын 90 хувь тамхитай холбоотой үүсдгийг эрдэмтэд хэдийнэ нотолжээ.

Хүмүүс утаат тамхийг л хортой гэж үздэг. Тиймээс усан болон электрон, зажилдаг, уусдаг тамхи нь хүний биед хор нөлөөгүй гэж ойлгодог. Үйлдвэрлэгчид ч эдгээр нь янжуур тамхинаас хор багатай, элдэв гоё үнэр, амттай, никотингүй, тамхинаас гарахөд дөхөм мэтээр ташаа сурталчилгаа хийж хүмүүсийг төөрөгдүүлдэг аж.

Монголд тамхины далд сурталчилгаа өссөн хэмээн ДЭМБ-ын ажилтан Б.Болормаа ярив. Тодруулбал, тамхи импортлогч томоохон компаниуд сайн үйлсийн аян зохион байгуулж хүүхдүүдэд бэлэг тараах нэрийн доор далд сурталчилгаа хийж байна. Улмаар урлаг, соёлынхны уран бүтээлийг ивээн тэтгэх маягаар олон нийтэд нэрээ сануулах болсныг тэрбээр шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, тамхи зарж их хэмжээний ашиг олоод сайн үйлсын аян зохион байгууллаа хэмээн багахан хувийг нь зарцуулдаг гэнэ. Монгол тамхины хэрэглээ өндөр орны тоонд багтдаг. Тиймээс ДЭМБ-аас тамхины татварыг нэмэх зөвлөмж гаргажээ. Тамхи импортлогчдоос одоо авч буй татварын хэмжээ 33 хувь аж. Үүнийг 70 хүртэл өсгөж байж тодорхой үр дүнд хүрнэ хэмээн тус байгууллагын шинжээчид тооцоолж буй. Нөгөө талаар манай улсад тамхины үнэ хямд байгаа нь сөрөг нөлөө үзүүлж буй. Жишээ нь, Сингапурт нэг тамхийг 80 ам.доллараар борлуулдаг бол Монголд хамгийн үнэтэй нь 6500 төгрөг. Одоогоор тамхины татварыг нэмэх боломжгүй аж. Учир нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд тамхины татварыг огцом биш шатлалтайгаар өсгөхийг зөвлөжээ.

ДЭМБ 1988 оноос хойш жил бүр тавдугаар сарын 31-нийг дэлхийн “Тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. Өдгөө 194 орон тамхигүй өдрийг тэмдэглэж буй. XVI зуунд европчууд анх тамхийг Америкаас авчирч, олон нийтэд тараасан байна. Улмаар иргэд тамхийг идэвхтэй хэрэглэж, үйлдвэрлэлээ хөгжүүлсээр 1930 онд өнөөгийн “төгс” хэлбэрийг олжээ. Харамсалтай нь, 1960 оноос уушгины хорт хавдар огцом нэмэгдсэн байна. Дэлхий нийт уушгины хорт хавдарын гол үүсгэгч нь тамхи гэдгийг мэддэг болсон бөгөөд хавдартай эрчимтэй тэмцэж ирсэн. Гэвч одоо болтол эл өвчнийг даван туулж чадахгүй байна. Улмаар уушгины хавдраар нас барагсдын тоо нэгдүгээрт эрэмбэлэгддэг аж. Тамхи татсаны улмаас хүмүүс өвчилсөөр 2021 онд нэг тэрбум хүн нас барна гэх тооцоо гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)