Монголчууд ба Монгол Улсын тусгаар тогтнол

Төрийн музей дэх Монголын Үндсэн хуулийн уг эх

Монголчууд ХХ зууны эхэнд дан ганц бэлчээрийн мал аж ахуй шүтэн амьдарч, гар хөдөлмөр голлосон гэрийн л үйлдвэрлэл эрхэлж байв. 1780-аад оноос дэлгэрсэн, Жеймс Ваттын уурын машин, 1838 оноос хэрэглэж эхэлсэн цахилгаан хөдөлгүүрийн аль аль нь Монголд нэвтрээгүй, эдгээрийг огт мэддэггүй байв. Тэр ч байтугай гал гаргахдаа хэт, цахиур хэрэглэж, галаа манадаг дээр үеийн аргаа зарим нутагт хэрэглэсээр байжээ.

Төмөр болон засмал зам бүр ч сураггүй, тээврийн хэрэгсэл нь ердийн хөсөг, тэмээн жин, холбоо барих арга нь морин өртөө байв. Тэр үед Монгол орон 600-гаад мянган хүн амтай, 15 орчим сая малтай, иргэдийн дийлэнх нь бичиг үсэг мэдэхгүй, өвчин эмгэгт нэрвэгдсэн, дөнгөж 40 орчим насалдаг, дэлхийн хөгжил, мэдээллээс хол тасархай, жилээс жилд уруудан доройтсон Ази тивийн ядуу буурай орон байлаа.

Монгол нутгаар 1910 онд аялсан Оросын эрдэмтэн М.И.Боголепов бичихдээ “Энд үгүйрэл, хоосрол жинхэнэ нүүрлэсэн, үгүйрэн мөхөж буй нутаг орон байна” гэсэн бол тэр үеийн Монголын төрх байдлыг АНУ-ын монголч эрдэмтэн О.Латимор “Монголчуудыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Монголчууд энэ арчаагүй байдал, хоцрогдлоосоо гарахын төлөө тэмцсээр ирсэн түүхтэй. Тухайлбал, ХХ зууны эхээр гарсан Улиастайн 2000 цэрэг ба хотын ардын бослого, Сэцэн хан аймгийн бэйс Сансрайдоржийн хошууны хөдөлгөөн, 1905-1907, 1910-аад онд Их хүрээнд гарсан лам нарын болон ардын бослого, Ард Аюушийн хөдөлгөөн зэргийг дурдаж болно. Монгол орон даяар уван цуван гарч байсан энэ мэтийн тэмцэл нь нэгдэн нийлсээр 1911 он гэхэд бүх орныг хамарсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал болж өрнөсөн билээ.

Манж Чин улсын Учан хотод 1911 онд бослого гарч, хувьсгал дэгдсэн нь монголчуудад цагийн байдал нааштайгаар эргэж, тэд Их хүрээн дэх Манжийн амбан сайд Сандог хөөн зайлуулсан байдаг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсынхаа хаанд өргөмжилж, Монгол тусгаар улс болсныг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдөр Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газрыг дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх гэсэн таван яамтайгаар байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ огоорон зүтгэсэн Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, Чагдаржав нарыг төр, засгийн удирдах дээд албанд тохоон томилжээ.

Монгол Улс ийнхүү сэргэн мандалтаа үргэлжлүүлж байсан 1913 оны аравдугаар сард Орос, Хятад хоёр ар Монголыг Хятадын автономит улс байлгахаар тохиролцсон байна. 1915 онд болсон Орос, Хятад, Монгол гурван улсын Хиагтын хэлэлцээний үеэр Монголын төлөөлөгчид улсынхаа тусгаар тогтнолыг тууштай хамгаалсан боловч хүчтэний дэргэд хүчгүй нь буруутайн үлгэрээр Орос, Хятадын тал урьдах (дээр дурдсан) тохироогоо Монголд хүчээр тулган хүлээлгэжээ.

Хятадын генерал Сю Шүжан 1919 оны аравдугаар сард Монголд их цэргийн хүчээр цөмрөн орж ирсэн байдаг. Тэр генерал автономит Монголын төрийн сайд нар, автономитыг “сайн дураар” устгах хэлэлцээр гэгчид онилсон буу, далайсан илдийн доор гарын үсэг зуруулжээ. 1919-1920 он бол Монгол оронд Хятадын цэргийн эрхтний харгис дэглэм тогтсон, үндэстний түүхэнд тун гутамшигтай үе байв.

Энэ эгзэгтэй үе 1919 онд Хүрээний болон Консулын гэх улс төрийн нууц бүлэг байгуулагдаж, Хүрээний бүлгийг Гаалийн хорооны түшмэл С.Данзан үүсгэж, Д.Сүхбаатар нар, Консулын бүлгийг орос сургуулийн монгол хэлний багш Д.Бодоо байгуулан, Х.Чойбалсан нар орж байв.

1920 оны зургадугаар сарын 25-нд нууц бүлгийнхэн нэгдэн хуралдаж, Монгол ардын нам хэмээх байгууллагыг үүсгэн тэрлэж, Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг батлан гаргасан байдаг. Уг тунхгийн нэгдүгээр зүйлд “Гадаад Монгол ардын намын зорилт нь шашин, үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эргүүлэн аваад, дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба дотоод хэргийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно” гэж тодорхойлоод, ийнхүү улс төрийн нууц бүлгүүдийн үндсэн дээр Монгол ардын нам хэмээх байгууллагыг анх байгуулсан түүхтэй.

Барон Унгерний цэрэг 1921 оны хоёрдугаар сарын 3-нд Нийслэл хүрээг эзэлж, Богд гэгээнийг хаанд өргөмжлөн, хятадуудын түрэмгийлэн эзэлсэн автономит засгийг сэргээв хэмээн зарлав. Цагаантанд бут цохигдсон хятад цэргийн ихэнх нь Монгол Хиагтад зугтан очиж байрласан байна. Энэ бүх түүхэн үйл явдал Монгол дахь цэрэг, улс төрийн байдлыг эрс өөрчилснөөс Монгол ардын намын их хурлыг хуралдуулах ажилд яаравчлан орсон байдаг.

1921 оны гуравдугаар сарын 1-3-нд Монгол ардын намын төлөөлөгчид, ардын намын цэрэг, зарим хошууны ард иргэдийн төлөөлөл оролцсон хурал Дээд Шивээнд болжээ. Гурав дахь өдрийн хуралдааныг Д.Сүхбаатар даргалж, Монгол ардын намын Төв хороог байгуулах тухай хэлэлцэж, Төв хорооны даргад С.Данзан, гишүүнээр Ц.Дамбадорж, Д.Лосол нарыг сонгосон байна. Их хурал “Монгол ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”, “Монгол ардын намаас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх үндсэн баримт бичгийн төслийг зүйл дараалан хэлэлцэж, баталсан байдаг.

Монгол ардын намын Төв хорооны хурал 1921 оны гуравдугаар сарын 6-нд болж, хувьсгалын зэвсэгт бослогын замыг сонгож, хувьсгалыг Хиагтаас эхлэхээр тогтжээ. Мөн Ардын намын цэргийг Ардын журамт цэрэг гэж нэрлэхээр тогтож, цэргээ дөрвөн хороо болгон зохион байгуулж, Хорооны даргаар Б.Пунцаг, Ц.Хасбаатар, О.Цэрэндорж, Ч.Базарсад, суртал номлогчоор Ц.Дамбадорж, Х.Чойбалсан нарыг томилж, улс төр, байлдааны бэлтгэлийг хангажээ.

Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлөхөөр хөдөлж, Дөрвөлжин сүмд хүрмэгцээ хятад цэргүүдтэй тулалдаж эхэлсэн байна. Үүрийн гэгээнээс шөнө болтол үргэлжилсэн ширүүн тулаанд хятад цэргүүд ялагдлаа хүлээн Хиагт хотыг орхин зугтаасан байна.

Монгол ардын намын Төв хороо, Ардын түр Засгийн газар (АТЗГ) Хиагтад шилжин ирсэн өдрөөсөө эхлэн эх нутгаасаа цагаантныг хөөн зайлуулах тэмцэлд оржээ. Энэ үед Барон Унгерн Монголын төв хэсэгт байсан хэсэг бусаг хүчийг нэгтгэн Азийн морин дивиз гэгчийг байгуулан АТЗГ-ыг устгах, улмаар Зөвлөлт Орос Улсад довтлохыг санаархсан боловч Ардын журамт цэрэг, Улаан армийн ангиудын хамтын хүчинд бут цохигдсон түүх бий.

Монгол ардын намын Төв хороо, АТЗГ-ын өргөтгөсөн хурлаас Нийслэл хүрээг чөлөөлөх шийдвэр гаргав. Ингээд Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэргийн гол хүч, Найманы удирдсан Улаан армийн ангиудын хамт Нийслэл хүрээний зүг хөдлөн долдугаар сарын 6-нд тус хүрээнд орж, чөлөөлсөн байна.

Ингэснээр Богд хааны Засгийн газар тамга тэмдэг, албан хэргээ Ардын байнгын Засгийн газарт шилжүүлсэн юм.

Монгол, Зөвлөлт Орос Улсын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулахаар Сангийн сайд С.Данзан тэргүүтэй төлөөлөгчдийг 1921 оны есдүгээр сард Ардын Засгийн газар томилжээ. Мөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Москва хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлага байгуулах хэлэлцээрээр Монгол Улс Зөвлөлт Орос Улс Засгийн газруудаа хууль ёсны хэмээн харилцан зөвшөөрч, хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон байна. Хэлэлцээр байгуулах үеэр Зөвлөлт Орос Улсын Ардын комиссариат нарын зөвлөлийн дарга В.И.Ленин Монголын Засгийн газрын төлөөлөгч С.Данзан, Д.Сүхбаатар, Б.Цэрэндорж, Н.Ширнэндамдин, Эрдэнэбатхаан нарыг хүлээн авч уулзжээ. Тэр уулзалтын үеэр В.И.Ленин “Үүнээс хойш Орос, Монгол хоёр этгээд улсын хувиар бол зэргэлдээ улсын адил, нөхрийн хувиар бол ахан, дүүгийн адил найрамдан явбал зохино” хэмээсэн гэж уг уулзалт, хэлэлцээнд оролцогч агсан Б.Цэрэндорж гуай дурсан тэмдэглэжээ.

Манай оронд бүгд найрамдах засгийг тогтоон явуулах бэлтгэл хангагдаж байснаас гадна асуудлыг хойшлуулшгүй шийдвэрлэхэд дотоод, гадаад хүчин зүйлс нөлөөлсөн байдаг. Тодруулбал, VIII Богд Жавзандамба 1924 оны тавдугаар сард таалал төгссөн. Мөн оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, БНХАУ-ын хооронд шийдэгдээгүй асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тохиролцоо хэмээх гэрээнд Лев Карахан, Веллинтон Кү нар гарын үсэг зурж, “ЗХУ-ын гадаад Монголыг БНХАУ-ын салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба тэндэх Хятадын сувернитетийг хүндэтгэн үзэх болно” гэсэн нь Монголын үндэсний ардчилсан үзэлтэй удирдагчдыг цочоож, Зөвлөлтийн талд итгэл алдрахад хүргэжээ. Ийм нөхцөлд Монголын удирдагчид дэлхий дахины сонорт туурга тусгаар Монгол Улс оршин байгаагаа нэн даруй Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр тунхаглан зарлах нь зүйтэй гэж санал нэгдэцгээсэн байна.

Аргын тооллын 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улсын анхдугаар их хурал Нийслэл хүрээнд нээгдэв. Тус их хуралд олон аймаг, хошуу, шавийн 77 төлөөлөгч оролцжээ. Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн хамгийн гол асуудал нь БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг батлан тогтоож, Ардын эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан зарлах явдал байв. Их хурлын төлөөлөгчид ийнхүү удаан хугацаагаар нягтлан хэлэлцсэний үр дүнд улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 16.17 цагт бүхэлд нь санал нэгтэй баталжээ.

Улсын Их Хурлын төлөөлөгч асан Ц.Бавуу хожим дурсан ярихдаа “Үндсэн хууль батлагдмагц хүндэтгэлийн ёслол хийхээр төлөвлөж байсан боловч хөдөөний нэг төлөөлөгч “Бид бүрэн эрхт улсаа тунхаглах их баярыг нар бууравчлан жаргах болсон үед хийх нь зохимжгүй, шинэ тулгар улсаа өнө үүрд мандан бадрахыг бэлгэшээн баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг маргааш мандахын улаан нарнаар үйлдье” гэсэн санал гаргаснаар арваннэгдүгээр сарын 26-нд нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хөдөлмөрчдийн цуглаан хийж, шинэ Үндсэн хуулиа бүх нийтэд уншин сонсгож, Бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан билээ” хэмээн хуучилжээ. Энэхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын цөмд үндэсний ардчилсан үзэл зонхилж байв. Эл Үндсэн хуульд монгол хүний эрх, эрх чөлөөний асуудлыг анх удаа цэгцтэй, өргөн хүрээтэй томьёолсон байна. Хамгийн гол нь “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй” гэдгийг АНУ, Англи зэрэг ардчилсан гэгдэгч орнуудаас өмнө хуульчлан тунхагласнаараа онцлог юм.

Монголд анх удаа сонгож байгуулах парламентат ёсыг хэрэгжүүлж, УИХ, УБХ (Улсын Бага Хурал)-ыг байгуулсан байдаг.

Бэлтгэсэн: Т.Башдэлгэр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)