Монголчуудын мөс чанар хаачив

Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд ийм том аюул, гамшиг нүүрлэж байгаагүйг олон улсын эрдэмтэн, судлаачид баталж, ярьсаар. “Ковид-19”-өөс болж энх цагт улс орнууд хилээ хааж байна. Эмгэнэлтэй биш гэж үү. Ганцхан улсад нэг өдөрт шинэ вирусээр 400 гаруй хүн нас барсан жишээ нэгээр тогтохгүй. Хэдийгээр халдварын эхний голомт нутгуудад өвчний тархалтыг тогтоон барьсан ч Европын орнууд коронавирусийн өмнө хүчин мөхөстлөө. Эрүүл мэндийн байгууллагууд нь ачааллаа дийлэхгүйд хүрч, гэртээ нас барсан иргэдийнхээ цогцсыг ч очиж авч хүчрэхгүй болов. Тиймээс буурал тивийн олон орны засаг захиргаанаас гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ өчигдөр албан ёсоор зарлалаа.

Нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцээд гадаадад ажиллаж, амьдардаг болон түр хугацаагаар эмчлүүлэхээр, албан шугамаар явсан монголчууд маань хүний нутагт хөсөр хаягдахдаа тулав. БНСУ-д гэхэд манай улсын 48 мянга гаруй иргэн бий. Эх орондоо ирэхээр тийзээ захиалсан иргэд тэнд хаачихаа мэдэхгүй, зочид буудлуудаар хоног төөрүүлж явна. Монголчуудын олноор байрлаж байсан зочид буудал саяхан галд өртөж, зарим нь угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч бий. Тэнд хууль бусаар ажиллаж, амьдардаг олон мянган монгол хүн амны хаалт ч авч чадахгүй байна. Тэгвэл Европын орнуудад манай оюутнуудыг байрнаас нь эелдгээр хөөж, ази гэдгээр нь гадуурхах болов.

Тиймээс л Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаадад байгаа иргэдээ авчрах шийдвэр гаргасан. Харамсалтай нь, эл шийдвэр, үйлдэлд олон нийт ихэд бухимдаж, төр, засгаа харааж, өвчин “импортолсон” гэж зүхэцгээж байна. Гадаадад амьдардаг элэг нэгтнүүдээ эх орныхоо төлөө яваагүй л гэнэ. “Монгол яс цуглуулдаг газар биш, тусгай нислэгийг зогсоо” хэмээн шаардах монголчуудын мөс чанар хаачив. Харийн нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй өвчтэй, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг авчрах юу нь буруу гэж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энэ удаад хувиа бодсон зангаа хойш тавиад, хүний нутагт “хад мөргөсөн” иргэдээ эн тэргүүнд бодох нь хүнлэг ёс билээ. Японы галт тэрэг ганцхан зорчигчийнхоо төлөө алслагдсан зогсоолд өдөрт хоёр удаа очдог. АНУ нэг иргэнийхээ төлөө улсаараа “босдог”. Бүх зүйлийг хараар “будахын” өмнө эхлээд миний үр хүүхэд, ээж, аав, эмээ, өвөө, эгч, дүүс хүний нутагт хоолны мөнгөгүй, буудлын зардалгүй өвдөж, шаналбал яах вэ гэж бодоод үзээрэй. Эцэст нь, ДЭМБ “Ковид-19”-өөс тухайн үндэстнийг эв нэгдэл, сахилга бат, дэг журам л аварна гэснийг тэмдэглэе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (36)