Монголчуудын “мотор” доголдож байна

зүрхний хагалгаа эрүүл мэнд

Манай улс зүрх, судасны өвчний нийт тохиолдлыг эмхэтгэдэг ч төрөл, зүйлээр ангилж тоолсон нь үгүй. Учир нь уг эрхтэн тогтолцооны түмэн янзын эмгэг бий. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулахад судалгааны баримт чухал үүрэгтэй. Учир нь монголчуудын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчний гуравдугаарт зүрх, судасны өвчин жагсаж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон нь урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахыг шаардаж буйн илрэл. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар улсын хэмжээнд 10 000 хүн тутмын 1149 нь зүрх, судасны өвчтэй байна. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын 1-2 нь уг өвчинд өртөх болжээ.

Зүрх, судасны өвчин ганц манай улсад аюулын харанга дэлдэж буй юм биш. Дэлхийд жилд дунджаар 18 сая хүн уг өвчний улмаас нас бардаг аж. ДЭМБ-ын тайланд дурдсанаар үүний шалтгаан нь орчны бохирдол, архи, тамхины хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт гэв. Тиймээс “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь нас баралтыг 23 хувиар бууруулна” гэж ДЭМБ тооцжээ. Харамсалтай нь, манай улс ойрын хэдэн жилдээ агаар, хөрсний бохирдлоо бууруулах боломжгүйд хүрсэн. Хүнсний аюулгүй байдал алдагдан, иргэдийн идэж, уух хэрэгцээг хянаж чадахаа байв. Хорт зуршлын хэрэглээг хязгаарлах бүр ч боломжгүй. Ийм орчинд амьдарч буй цөөхөн монголчууд аливаа өвчин, тэр дундаа нас баралтын тэргүүн шалтгаанаасаа өөрсдөө ангижрах цаг иржээ.

Хүүхдүүд зүрхний төрөлхийн олон янзын гажигтай мэндэлж, насанд хүрэгсдийн дунд артерын даралт ихсэх өвчин, зүрхний хэм алдагдал, дутагдал, шигдээс, судасны эмгэг элбэг тохиолдох болов. Эдгээрээс зүрхний дутагдал гэж ямар өвчин болох, хэрхэн таньж, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэе. Уг эмгэг нь зүрх, судасны өвчин дотроо үхэлд хүргэх ноцтой шалтгааны хоёрдугаарт бичигдэж байна. Учир нь өвчний төгсгөлийн шатанд зүрх шилжүүлэн суулгуулах шаардлагатай бөгөөд уг мэс заслыг манай улсад хийх боломжгүй. Дэлхийн цөөхөн орон уг эмчилгээний аргыг нэвтрүүлсэн ч зүрхээ өгөх хүн олно гэдэг бараг боломжгүй аж. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлуулж, эмчлүүлэх нь хамгийн зөв арга гэдгийг эмч нар хэлэв.

Зүрхний дутагдал өндөр болон буурай хөгжилтэй орнуудын аль алинд нь тулгамдсан асуудал болсон.

АНУ-д гэхэд өдгөө 5.1 сая хүн ийм өвчтэй аж. Жил бүр эл өвчний 650 000 шинэ тохиолдол оношлогддог нь тархалт ямар байгааг харуулах биз ээ. Тус улс уг өвчний тусламж, үйлчилгээнд жилд дунджаар 40 тэрбум ам.доллар зарцуулдаг. Харин манай улсад зүрхний дутагдал 40-өөс дээш насныханд тохиолддог бөгөөд олдмол гажгууд, артерийн даралт ихсэх өвчний хүндрэлээр голдуу үүсдэг байна. Зүрх, судасны өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь архаг дутагдалтай байгаа нь эмч нарын санааг чилээх болжээ. Хэдийгээр өвчтөнүүдийн амьдрах хугацаа уртсаж байгаа ч хоёр хүн тумын нэг нь таван жилийн дотор нас бардаг гэсэн үзүүлэлт бий.

Г.Ананд: Зүрхний булчингууд агшихаа больсноор дутагдалд оруулдаг

Монголчуудын “мотор” доголдох болсон шалтгааныг тодруулахаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх, судасны эмгэг судлалын тасгийн их эмч Г.Анандтай ярилцлаа.

-Ямар тохиолдолд зүрхний дутагдал өвчин үүсдэг юм бэ?

-Зүрх нь цусыг судсаар шахах үүрэгтэй булчинлаг эрхтэн. Харин цус бие махбодыг хүчилтөрөгч болон тэжээлийн бодисуудаар хангаад зогсохгүй бодисын солилцооны хаягдлыг зайлуулахад оролцдог. Зүрх өөрөө сэрэл үүсгэх чадвартай эсүүдээс бүрдэх бөгөөд энэ нь тогтмол хэмнэл буюу цохилт үүсгэнэ. Эрүүл зүрх нэг минутад 75-80 удаа цохихдоо таван литр цус эргэлдүүлдэг. 

Харамсалтай нь, зүрхний булчингийн эсүүд гэмтэж, сорвижсоноор цусыг бүх биеэр шахаж, эд, эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангаж чадахгүйд хүрдэг. Ингэснээр зүрхний дутагдал үүсэж, хүний биед олон төрлийн зовиур, шаналгаа бий болно. Уг өвчний үед амьсгаадах, доод мөчдөөр хавагнах, үүний улмаас жин огцом нэмэгдэх, хөхрөх, аюулхай цанхайх, уушгинд хаван үүссэнээр цээж хэржигнэх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн ханиалгахад цэр хөөсөрхөг, цагаан өнгөтэй гарах, хэт авиан шинжилгээгээр зүрхний агших чадвар буурсан байдаг.

-Эл өвчин элбэг тохиолдох болсон шалтгаан юу вэ?

-Зүрхний дутагдал архаг болон хурц хэлбэртэй. Архаг нь аливаа өвчин удаан хугацааны туршид хүндэрсээр эцэстээ тухайн эрхтний үйл ажиллагаа доройтож, муудахыг хэлдэг. Тэгвэл зүрхний олон төрлийн эмгэг даамжирсаар дутагдалд хүргэж болно. Тухайлбал, артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүс эмээ тогтмол уудаггүй. Улсын хэмжээнд 10 000 хүн тутмын 600 орчим нь ийм эмгэгтэй. Даралт ихсэхэд зүрх маш их ачаалал үүрдэг. Үүнийг сөрж, цусаа шахахын тулд зүрхний ховдол томорч эхэлнэ. Дараа нь тэлэгддэг. Ингэснээр зүрхний булчингууд агшиж чадахаа больж, улмаар дутагдалд оруулдаг.

Үүнээс гадна “хөдөлгүүр”-ийг тэжээгч титэм судас нарийсаж, бөглөрөх үед зүрхний тухайн хэсгийн булчингууд цусан хангамжийн дутагдалд орж, үхэждэг. Эдгээр булчин мөн л агших чадваргүй болно гэсэн үг. Түүнчлэн зүрхний хавхлагууд гэмтсэнээр хөндийнүүд нь тэлж, агших чадвараа алдах нь ч бишгүй.

Харин зүрхний хурц дутагдал ихэнхдээ шокоор илэрдэг. Жишээ нь, зүрхний шигдээсийн үед хурц дутагдал үүсэж болно. Уг өвчний үед том судас, салаанууд бөглөрч, булчингууд их хэмжээгээр гэмтсэнээр цочмог дутагдалд оруулах эрсдэлтэй. Хүн амын дунд зүрхний шигдээс, тархины харвалт хэдэн мянгаараа тохиолдох болсон шүү дээ. Түүнчлэн зүрхний хэм алдалтын үед дутагдал үүсдэг. Архаг дутагдал ч аажимдаа цочмог болж, хүндрэх нь бий. Тиймээс эмчилгээ нь өөр өөр. Хурц дутагдлын үед эрчимт эмчилгээ хийдэг. Харин архаг явцтайг нь олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу хянаж, эмчлэх заалттай.

-Монголчууд зүрх, судасны өвчинд нэрвэгдэх болсныг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдээлэл өгөөч?

-Зүрхний дутагдалд хүргэдэг олон төрлийн өвчний талаар дээр дурдсан. Аливаа эмгэг үүсгэгч шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр хүндэрдэг. Манайхны дунд архи, тамхины хэрэглээ өндөр. Буруу хооллохын зэрэгцээ өөх тос маш их хэрэглэдэг. Сүүлийн үед иргэд дасгал хөдөлгөөн хийх нь нэмэгдсэн ч нийтээрээ тийм биш. Хөдөлгөөний хомсдол, удаан хугацаагаар сууж ажиллах нь судас хатуурахад хүргэдэг. Энэ нь титэм судас бөглөрөх, даралт ихсэх зэрэг өвчний суурь болсоор байна. Мөн монголчуудын дунд архаг халдварууд элбэг тохиолдох болсон. Жишээ нь, гүйлсэн булчирхай байнга үрэвсэж, жилд 4-5 удаа идээлэх нь зүрхний хавхлагын гаралтай дутагдалд хүргэх эрсдэлтэй.

Зүрхний дутагдалтай хүмүүс дэглэмээ баримтлахгүй байна. Ядаж л жингээ тогтмол үздэггүй. Шингэний хэмжээ, давсны хэрэглээгээ тохируулдаггүй. Эмчийн хяналтад ордоггүй, эмийг тодорхой цагийн хуваарийн дагуу уудаггүй зэргээс болж эмчилгээ үр дүнгүй болох нь бий. Үүнээс болж нэг хүн эмнэлэгт давтан хэвтэх нь олширч, нас баралт өндөр байдаг. Харин эмчийн хяналтад тогтмол үзлэг хийлгэдэг, эмээ цаг тухайд нь уудаг хүний амьдрах хугацаа илүү урт байх жишээтэй.

-Зүрхний дутагдалд орохгүйн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Зүрхний дутагдлыг дөрвөн үе шат болгон хуваадаг. Зөвхөн амьсгаадах шинж тэмдгээр үүнийг илэрхийлье. Өвчний нэгдүгээр шатанд биеийн хүчний ажил хийхэд төдийлөн амьсгаадахгүй. Хоёрдугаар шатанд яг энэ тохиолдолд амьсгаадаж эхэлдэг. Тэгвэл өвчний гуравдугаар үед тухайн хүн бага зэргийн ачаалал авахад л амьсгааддаг байх нь. Төгсгөлийн шатанд тулахад тайван байхдаа ч аахилж уухилж, бачуурна. Манайхаар үйлчлүүлэгсдийн олонх нь өвчнийхөө III-IV үед л ирдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр хийлгэх хэрэгтэй болжээ. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дээшилж, биедээ анхаарч байгаа нь сайн хэрэг ч хангалттай хэмжээнд хүрэхгүй. Нөгөө талаар III шатлалын эмнэлгүүд хэт их ачаалалтай байна. Өнөөдөр цаг авч, үйлчлүүлэх гэсэн хүн долоо хоног хүлээх болдог. Тэр дундаа орон нутгийн иргэд удаан хүлээхгүй, буцдаг. Дараа ирэхэд өвчин нь хожуу үедээ оношлогдож, хүндэрсэн байхыг үгүйсгэхгүй.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох, болохгүй тохиолдол гэж бий. Жишээлбэл, хүний нас, удамшлын онцлогийг бид өөрчилж чадахгүй. Харин агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хорт зуршлаа хаях, зөв хооллох, эрүүл ахуйн дэглэмийг баримталснаар өвдөхгүй байх боломжтой. Улс даяар “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэтэл үүнд хамрагдсан 60 гаруй мянган хүүхдийн 3000 нь л эрүүл шүдтэй байх жишээтэй. Агаарын бохирдлоос болж хүүхдүүдийн хоолой жилд хэдэн удаа идээлж байгааг хэлж мэдэхгүй. Энэ бүхэн архаг өвчний суурь болно.

-Нэгэнт агшихаа больсон зүрхний булчин эргэн сэргэдэггүй, сорвиждог гэж эмч нар ярьдаг. Төгс эмчлэгдэхгүй гэсэн үг үү?

-Өвчин бүр эмчилгээний удирдамжтай. Үүний дагуу бид эмчилдэг. Зүрхний дутагдлын үед олон эм уудаг. Мөн зүрхний агшилтыг дэмжих төхөөрөмж суурилуулах өөр нэг арга бий. Эдгээр нь үр дүнгүйд хүрвэл зүрх шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Манайд зөвхөн зүрхний үйл ажиллагааг дэмжих эмчилгээнүүд л хийдэг.

Зүрхний булчингууд нэгэнт үхэжсэн бол эдгэрэхгүй, сорви тогтдог. Тиймээс дээр дурдсанчлан тухайн хүний амьдрах хугацаанд зүрхний үйл ажиллагааг нь дэмжиж, зовиур шаналгааг нь нимгэлдэг гэсэн үг. Гэтэл манайхан эмнэлэгт долоо хоног хэвтэн эмчлүүлснийгээ эдгэрсэн гэж боддог. Зүрхний дутагдал ханиад хүрээд эдгэрэхтэй адилгүй. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)