Монголчуудын гар урлалын ертөнцөөр аялаарай

Монголын үндэсниы музейд “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнг өчигдөр дэлгэлээ. Үндэсний их баяр наадмыг угтан Монголын үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээс дээжлэн, монголчуудын уламжлалт ур ухаан шингэсэн, оюун санааны шилдэг бүтээл болох гар урлалын гайхамшигт бүтээлүүдийг ийн гадаад, дотоодын үзэгчдэд зориулан толилуулж байгаа аж.

Монголчуудын олон зууны түүхтэй уламжлалт гар урлал өөрийн гэсэн уран сайхны өвөрмөц онцлогтой. Урчууд гоёл чимэглэл, ахуйн хэрэглээ, бурханы шашны эд зүйлсийг урлахдаа олон янзын хээ угалзаар утга төгөлдөр чимэглэн үзэмж нэмдэг. Гар урлалын бүтээл нь гоёмсог байдал, уран нарийн хийцээрээ олны хараа булааж, сэтгэл татдаг билээ.

Монголын үндэсний музейн сан хөмрөгт XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун цуглуулга хадгалагдаж байна. Тэдгээрээс 180 бүтээлийг эл үзэсгэлэнд онцлон дэлгэжээ.

Үзэсгэлэнгээс нутаг нутгийн дархчууд өөрийн гэсэн өвөрмөц арга барил, дэг сургуультай байсан нь гар урлалын олон арван бүтээлд тусгалаа олсон байдгийг харах боломжтой юм. Түүнчлэн эртнээс нааш монголчууд өнгөөр тодорхой утга илэрхийлж, бэлгэдлийн нэгэн чухал зүйл болгон эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалыг ч тольдож болно.

Мөн модон эдлэлийн үзэмж, гоо сайхан харагдах байдлыг сийлбэрлэх, зүмбэрлэх, өнгө хослон дагнаас гарган хээлж будах аргыг өргөн ашиглан чимж ирснийг авдар сав, унь тооно, ширээ сандал, гүнгэрваа, өөжин зэрэг гэрийн тавилга, цацал, аяга, хул, хувин зэрэг сав суулга, морин хуур, шатар, хорол зэрэг тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, ташуур, хусуур зэрэг морины тоног хэрэгслээс тольдох боломжтой.

Үүний зэрэгцээ эртнээс нааш мод, яс, чулуу, төмөрлөгөөр бүтэн сийлбэр, товгор сийлбэр, хүрээлсэн сийлбэр, нэвт цоолбор үйлдэн урласан гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс, малын ноос, арьс, шир болон эсгийгээр урласан эд зүйлс,  бөс даавуу, торго дурдангаар оёмол, хатгамал, ширмэл, наамал урлалыг хөгжүүлж ирсэн түүхээр ч аялж болох юм.

Мөн гар урлалын гайхамшгийг бүтээхэд зураг, загварыг бэлтгэх, тухайн эд дээр шивж, цоолох, зурах, өнгө будгийг тааруулах, хийх эдийг сонгох зэрэг олон үе шат дамждаг байсныг харуулах үүднээс эл үзэсгэлэнд урлах багаж хэрэгслэлийг дэлгэн үзүүлжээ. Тус үзэсгэлэн ирэх сарыг дуустал үргэлжилнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)