Монголчуудад Азийн наадмыг гэрэл зургаар дамжуулан үзүүлж байна


“Гурав дахь Азийн наадам руугаа мордлоо. Өвлийн олимпын үеэр уул руу мацан хөлрөөд, оройд нь аппаратаа тэвэрч суух чанга байсан шүү. Хүйтэн жаварт осгох шахахдаа халууцах юм сан гэж мөрөөдөж байлаа. Мөрөөдөл биелдэг юм байна” хэмээн “Монгол ньюс” групп, “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага Индонез улсад болсон 18 дахь удаагийн Азийн наадмыг зорихынхоо өмнө өгүүлсэн. Өвлийн олимпыг анх удаа сурвалжилсан тэрбээр “Жакарта-Палембан-2018”-д оролцсон тамирчдын торгон мөч, ялалт, ялагдлын сэтгэл хөдлөм агшныг гэрэл зургийн хальсанд буулгаснаа гэрэл зурагчин Ч.Ганбат, Г.Мэргэн нарын хамт “Norphei” галерейд өчигдөр дэлгэв.

Галерейд ороход хамгийн түрүүнд боксчин Э.Цэндбаатарын зураг нүдэнд туслаа. Жил гаруйн хугацааны дараа спортдоо эргэж ирээд хүрэл медалийн болзол хангасан баяр, хэцүү бүхэн ард хоцорлоо гэсэн шиг санаа нь амарч буй нь эл зургаас мэдрэгдэж буйгаараа үнэ цэнтэй, бусдаасаа содон гэж тодотгож болмоор. Хажууд зогсож байсан хоёр эрхэм чөлөөт бөхийн тамирчин Ш.Түмэнцэцэг аваргын төлөөх барилдаанд ялагдчихаад, бэртсэн мөрөө барин, өвчиндөө эмзэглэж буй зургийг нэлээд онцолно лээ. Нэг нь “Энэ үед түүнд ямар хэцүү байсан бол. Бэртсэн мөр нь одоо ч илааршаагүй байгаа гэсэн. Зургийг нь харахаар л өмнөөс нь яс хавталзах юм” хэмээн санаа алдав.

300 гаруй бүтээлийг олны хүртээл болгосон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Азийн наадамд Монголын багийг ахалсан Ц.Сандуй “Гурван гэрэл зурагчнаараа бахархаж байна. Ялангуяа Э.Харцагыг онцолъё. Ч.Ганбат, Г.Мэргэн хоёр наадмын сүүлчийн өдөр очиж, жүдочдын зургийг авсан. Харин “Өнөөдөр” сонины Э.Харцага наадам эхэлснээс дуустал сурвалжилсан. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг яг үнэн юм аа. Өнөөдөр эл үзэсгэлэнг үзээд сэтгэл их хөдөлж байна. Азийн наадамд дахин очсон мэт сэтгэгдэл төрлөө.

Хэрэв манай гэрэл зурагчид Азийн наадмыг сурвалжлан, тамирчдынхаа торгон агшныг гэрэл зурагт буулган, түүх болгож үлдээгээгүй бол дурсамж ингэж сэргэхгүй шүү дээ. Жиү жицүгийн 56 кг-д барилдсан Ө.Ууганбаатарын зургийг харахаар л харамсаж, халагламаар. Манай тамирчин мөнгөн медалийн болзол хангачихсан байхад нь шүүлтийн булхайгаар цуцалсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдахад нь энэ зургийг Э.Харцага авсан юм билээ. Тухайн үед харамсан, уйлаад сууж байснаа тод санаж байна. Ө.Ууганбаатар “Алт, хүрэл медаль, байрны лизинг нүдэнд харагдаад өнгөрлөө” гээд уйлж суусан нь санаанаас ер гардаггүй. Спортынхныхоо болон монгол түмнийхээ өмнөөс гэрэл зурагчдадаа баярлаж буйгаа илэрхийлье” гэв.

Оюутны ширээнээс амьдралын далайд хөл тавьсан цагаасаа хойш сониндоо 17 дахь жилдээ ажиллаж, “Пёнчан-2018” олимп, “Гуанжоу-2010”, “Инчон-2014” Азийн наадмын үзэсгэлэнг дэлгэсэн туршлагатай Э.Харцага “Азийн наадмыг гэрэл зургаараа дамжуулан монголчууддаа үзүүлж буйдаа баяртай байна. Би өмнө нь тивийнхээ “олимп”-ыг сурвалжлахдаа гэрэл зурагчидтай хамтарч, тамирчдынхаа тэмцээний төрлийг хуваадаг байсан. Өнөө жил Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Ганбат ах ажлын улмаас Азийн наадмын сүүлчийн өдрүүдэд ажилласан. Тиймээс аргагүйн эрхэнд ганцаараа сурвалжлах шаардлага гарсан л даа.

Япончууд энэ жил Азийн наадамд 70 гаруй гэрэл зурагчнаа илгээсэн. Хэдийгээр ганцаараа ч монгол зурагчдынхаа буухиаг таслахгүй, спортынхныхоо амжилтыг түүх болгон үлдээхийн төлөө хичээлээ. Зарим спортын төрлийн тамирчдынхаа зургийг авч чадаагүй. Үнэндээ очиж амжаагүй. Ер нь Азийн наадмын үеэр 5000 гаруй кадр авсан байна лээ. Тэдгээрээс шилээд 300 гаруйг нь дэлгэлээ. Одоо зуны олимпыг гэрэл зургийн хальсандаа буулгахыг хүсэж байна. Токиогийн олимпыг сурвалжилчихвал гэрэл зурагчин болсны хэрэг бүтнэ” хэмээлээ. Үзэсгэлэн энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)