“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу

 Монголын төрийн өмчит томоохон компаниудын нэг бол “Монголросцветмет” юм. Тус үйлдвэрийн газар нь байгуулагдаад 47 жил, Монголдоо 100 хувь “ирээд” дөрвөн жил орчим болж байна. Төрийн өмчтэй компаниудад тохиолддог зовлонгууд “Монголросцветмет”-д ч бас бий. Шахаа хийнэ, бараа бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах үед ашиг унагана. Яг иймэрхүү шалтгаан үндэслэлээр АТГ-ынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг гурав хоногийн дараа буюу 11-нд батлан даалтад гаргасан билээ. До.Ганболдыг баривчилсны дараа АТГ-аас тодорхой тайлбар өгөөгүй. Тус газрынхан “До.Ганболд нарыг цагдан хорьсон нь үнэн. Гэхдээ прокурорын зөвшөөрөлгүйгээр албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс прокурорын байгууллагаас асуу” гэж байв. Харин УЕПГ-аас “Албан тушаалаа урвуулсан хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэх тайлбар өгч байлаа. Удалгүй До.Ганболдын холбогдсон хэргийн талаарх мэдээлэл бага сагаар ил болсон юм.

“Монголросцветмет”-ийн хувьд жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмал боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, хоёр сая тонн алт агуулсан элс угаадаг үйлдвэрийн газар юм. Өөрөөр хэлбэл, “Монголросцветмет” нь жонш болон төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрлэдэг. Эдгээр нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гэсэн үг.

До.Ганболдын хувьд тус “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа “Бүтээгдэхүүний гэрээ”-тэй холбоотойгоор, түүгээр халхавчлан мөнгө завшсан гэх хэрэгт холбогдсон гэдэг. Эх сурвалжийн мэдээллээр До.Ганболдыг БНХАУ-ын нэр бүхий компаниудтай дэлхийн зах зээлийн үнээс хэт бага үнээр хүдэр нийлүүлэх гэрээ хийсэн үндэслэлээр буруутгасан юм. Тодруулбал, До.Ганболд 2015 оны наймдугаар сард Хятадын “ЕRENHOT PENGFEI TRADE” компанитай 32 хувийн агуулгатай, 3.6 сая тн хүдэр худалдах гэрээ байгуулжээ. Ингэхдээ нэг тонн тутмын үнийг 13 ам.доллар гэж тооцсон аж. Хоёр жилийн хугацаанд сар бүр 150 мянган тн хүдэр худалдсан. Үүний нийт төлбөр нь 46 сая ам.доллар болсон байна. Бас дээрх компанитай 2016 оны тавдугаар сард дахин гэрээ байгуулсан гэнэ. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сард “Нью Сиян” компанитай 52 хувийн агуулгатай, 10 мянган тн хүдэр худалдах гэрээ, хоёрдугаар сард нь 200 мянган тн, зургадугаар сард бага агуулгатай 45 мянган тн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ, долдугаар сард 187.7 мянга, есдүгээр сард 30.8 мянган тн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ тус тус байгуулжээ.

Мөн “Сентурия Монгу” компанитай 2017 оны тавдугаар сард 100 мянга, 2017 оны хоёрдугаар хагаст 700 мянган тн төмрийн хүдэр худалдах гэрээг байгуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь дээрх гэрээнүүдийг байгуулсныхаа төлөө Хятадын компаниудаас эхнэр, дүү зэрэг ойрын хүмүүсийнхээ дансаар валют хэлбэрээр авлига авсан байж болзошгүй байсан тул хууль хяналтын байгууллага шалгасан юм. Шалгалтын явцад “Монголросцветмет”-ийн ерөнхий захирал асан До.Ганболд уг албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэдэг. Тэрбээр төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд нэг тн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсан. Үүний улмаас “Монголросцветмет”-д 546.4 мянган тн төмрийн хүдэрт хамаарах нийт хоёр сая гаруй ам.доллар буюу 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Ингэснээр бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан гэх хэргийг АТГ-аас 2018 оны намар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.

Гэвч прокуророос уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, АТГ-ынхан прокурорын даалгаврын дагуу мөрдөх ажиллагаа явуулаад одоогоос яг нэг жилийн өмнө хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнээс хойш уг хэргийн хөдөлгөөний талаарх мэдээлэл тодорхой бус байна. Гэхдээ Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдийн энэ мэдээллийг хүргэж буй шалтгаан нь “Монголросцветмет”-ийн захирал асан До.Ганболдын хэрэг биш юм.

Харин До.Ганболдын холбогдсон хэргийн үйл ажиллагаа “Монголросцветмет”-д өнөө хэр нь үргэлжилсээр байгаа юм биш биз гэсэн хардлага бидэнд байна. Тодруулбал, “Монголросцветмет”-ийн гол орлого нь “Бүтээгдэхүүний гэрээ”-нээс ордог. Зөвхөн энэ аравдугаар сард гэхэд 2-ны өдөр “Термосхөгжил” ХХК-иас 742 560 000, 5-нд “Сентурия Монгу” ХХК-иас 2 565 000 000, 6-нд “Интерстиль” ХХК-иас 1 855 555 000, 9-нд “Дэвжин дэлгэрэх од” ХХК-иас 30 сая, 12-нд “Шилийн Цахар” компаниас 1 113 840 000, “OO COMPANY MARIA-TRADEINN” компаниас 74 222 720, 14-нд INNER MONGOLIA JUNDA TRADING CO.,LTD компаниас 713 517 500, INNER MONGOLIA RONGFA CEREALS OILSIMPORT AND EXPORT CO.,LTD компаниас 1 323 375 177.60, 16-нд “Шилийн Цахар” компаниас 547 370 992, “Термосхөгжил” компаниас 572 965 953, 20-нд “Рич хилл майнинг” компаниас 16 990 000, “Мөнхөд гэрэлтэх транс” компаниас 677 350 000, 22-нд “Эко рековер” компаниас хоёр удаагийн гүйлгээгээр 275 660 000, бас 1 112 728 500, 23-нд “OO COMPANY MARIA-TRADEINN” компаниас 74 174 880 төгрөг тус тус “Монголросцветмет”-ийн Хас банк дахь 5001208361 дугаартай дансанд оржээ.

Баримтаас харахад, До.Ганболдын асуудалд нэр дурдагдсан зарим компани өнөөг хүртэл “Монголросцветмет”-ээс бүтээгдэхүүн худалдаж авсаар байна.

Гол учир нь “Монголросцветмет”-ийн одоогийн удирдлага эдгээр бүтээгдэхүүн худалдсан гэрээгээ ихэд нууцалдаг байгаа юм. Тэгэхээр төрийн 100 хувийн өмчтэй “Монголросцветмет”-ийн худалдан авалтын үйл ажиллагаа ялангуяа бүтээгдэхүүн худалдах гэрээ, түүний процессыг ил тод явуулж байх учиртай. Ер нь тэгээд төрийн өмчтэй уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдах гэрээнээс хувьдаа ашиг олдог явдал ганц “Монголросцветмет”-ийнх биш. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх ийм гэрээнүүдийн араас ч албан тушаалтнууд хилийн гадна олон сая ам.доллар, юань аваад түүнийгээ дэлхийгээр нэг хэсүүлж байгаад Монголдоо оруулж ирсэн нь бий. Оруулж ирж чадаагүй их мөнгөний сураг ч байдаг. Оффшорын хэрэг гэдгийн суурь нь энэ гэхэд болно.

Ийм олон учир шалтгаан, бас өмнөх захирал нь яг ийм асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байгааг мэдэхийн дээдээр мэдэж буй Б.Мөнхбат захирал өөрийн санаачилгаар “Монголросцветмет”-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг “ил болгох” ажил хийх хэрэгтэй.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН  “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)