МОНГОЛОО “ОЛОХ” АРГА

 “Төрийн ордны оройд намирдаг далбааг хэдэн сар тутамд шинэчилдэг юм бол” гэж ах маань нэг удаа сониучирхав. Нээрээ л өдөр болгон Төрийнхөө ордонд нэвтэрч, тэнд болж буй улс төрийн халуухан үйл явдлуудыг сурвалжилдаг атлаа гадна нь намирч байгаа Төрийн далбааны тухай бодож үзээгүйгээ анзаарлаа.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг болох Төрийн далбаа яг л үүн шиг байнга манддаг газар манай улсад хэр олон билээ. Дүүрэг, хорооны Засаг даргын Тамгын газрын байрнууд л Төрийн далбаагаа мандуулдаг. Байршлыг нь сайн мэдэхгүй хүн бол далбаагаар нь багцаалаад олоод оччихож болж байгаа юм. Гэхдээ эх орноо хайрлах сэтгэл, омогшлыг даллах Төрийн далбааг байнга олон нийтийн газар мандуулдаг нь үгүй.

ОДООГИЙН ТӨРИЙН ДАЛБАА 68 НАСТАЙ

1945 оны долдугаар сарын 4-8- ны өдрүүдэд Х.Чойбалсан ЗХУ-д богинохон хугацаанд яаралтай айлчлал хийсэн байна. Учир нь Москвад ЗХУ, Хятадын хооронд хэлэлцээ болж, түүгээр БНМАУын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцсэн аж. Уг айлчлалд явчихаад ирснийхээ дараа буюу долдугаар сарын 10- нд Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, Төрийн далбааны загварыг авч хэлэлцсэн түүхтэй аж. Та бидний мэдэх дундаа хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр, хоёр талдаа улаан өнгөтэй Төрийн далбаа мэндэлсэн түүх ийм. Тухайн үед соёмбын дээр таван хошуу байсан бол 1992 онд түүнийг нь хассан юм. Наадмаар хүүхэд, залуус хацар дээрээ Төрийн далбаагаа зуруулан гоёж, олон улсын тэмцээн уралдаанд манай тамирчин түрүүлэхэд Төрийн далбаагаа намируулан омогших нь улам нэмэгджээ. Үндэсний хэмжээний баяр наадмаар Төрийн далбаа мандуулах ёслол болно. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын санаачилгаар 2008 оноос долдугаар сарын 10- ныг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

“ГАНЦ ДАЙЧИН”-Г ХАНЬТАЙ БОЛГОЁ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно байрлах “ганц дайчин” Төрийн далбааг 2008 онд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Р.Эрдэнэбүрэнгийн санаачилгаар мандуулж байв. Төрийн байгууллага гэдгийг илэрхийлэх биш, хүүхэд, залуучуудад монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сургах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, эх орноо хайрлах сэтгэл төлөвшүүлэхийн тулд мандуулсан анхны бөгөөд одоохондоо ганц далбаа нь тэр байна. Холоос харагдаж, омогшил бахархлыг өдөөн, үндэсний эв нэгдлийг тунхаглах манаанд зогсох учраас 21 метр өргөн, 10.5 метр урттайгаар хийлгэж, 52 метрийн өндөрт мандуулсан юм. Тухайн үедээ 170 сая төгрөгөөр энэ ажлыг гүйцэтгэж, Төрийн далбаа цогцолбор байгуулсан. Эдүгээ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар уг газрыг харьяалалдаа авч, Төрийн далбааг тодорхой хугацаанд солих ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Азидаа л хамгийн томд тооцогдох уг далбааг мандуулснаар түүгээр явсан хүмүүсийн сэтгэлд өөрийн эрхгүй эх орноо гэх омогшил, бахархал төрдөг учир эрхэм гишүүний зорилго биелжээ. Гэхдээ “ганц дайчин” хэдий болтол зүтгэх билээ. Сургууль, цэцэрлэг, урлагийн болон төрийн гол байгууллагын барилгын орой дээр Төрийн далбаа байнга мандаж байх учиртай. Эх орныхоо түүх, соёл, тусгаар тогтнолыг хайрлан хамгаалж, өвлөх, суралцах ухааныг Төрийн далбаа хүүхэд, багачуудад даллана. Энгийн бөгөөд үр дүнтэй арга биш гэж үү. Швейцарийн холбооны улсад дээрх жишгээр Төрийн далбаагаа мандуулсан байдаг юм билээ. Аль улсад явааг нь гаднынханд тэр далбаа байнга сануулна. Өөрийн иргэддээ бол “Би энэ улсын иргэн” гэсэн омогшлыг далладаг юм билээ.

Барилга, байгууламжийн хаягаа олон хэлээр бичсэн Улаанбаатар хотыг “Монгол Улсын нийслэл мөн үү” хэмээн эндүүрэх байдаг. Хаягийг төрөлх хэлээрээ бичихийг хуульчлахаар хэлэлцэж байгаа. Тэгвэл дээрх саналыг хэрэгжүүлж, Төрийн далбаагаараа Монголоо “олж” болно. Салхинд намиран эрч хүчээ гайхуулж, тусгаар улсаа зарлах Төрийн далбааг харсан хэн бүхэнд баяр баяраар л нэг сэргэдэг эх орноо гэх сэтгэл, хайр, омогшил өөрийн эрхгүй төрнө. Байгууллагууд ганц далбаа арчлаад байж дөнгөх байлгүй дээ. Зардал хямд атлаа хүүхэд, залууст үзүүлэх үр дүн нь илүү байх биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)