Монголоо л гэдэг модерн зураач

зураач Т.Чулуунбаатар

“Norphei” арт галерейд 800 адуугаар “зуруулсан” өвөрмөц бүтээлээ дэлгээд буй зураач Т.Чулуунбаатар өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумд Америкаас тусгайлан хийлгэж, усан онгоцоор авчирсан 1000 орчим метр даавуун дээр Франц дахь будгийн нэрд гарсан үйлдвэрээс сонгож авчирсан өнгө өнгийн будгийг өөрийн хүссэнээр цацаж, нэг захаас нь 800 адуу хөөж оруулан, зургаан цагийн турш гишгүүлжээ. Үр дүнд нь өнөөдөр үзэгчдэд уран зургийн орчин үеийн чиг хандлага бүхий том хэмжээний, өнгөний гайхамшгийг мэдрүүлэх бүтээл харуулж байна. Зургаас морины уяан дээр буй мэт үнэр үнэртэнэ. 

Зураач “Энд адууны баас, шээс, хялгас, шавхай, мөн нунтаг алтан будаг гээд нэлээд зүйлс бий” гэсэн бол галерейн ажилтан “Үзэсгэлэнг өчигдөр дэглэсэн юм. Өглөө орж ирэхэд малын хашаа шиг үнэр угтсан” гээд инээж байлаа. Зураач Т.Чулуунбаатар ба түүний шийдэл болсон 800 адууны мөрөөр бий болсон дэлхийд цор ганц монгол бүтээлийг заавал үзээрэй. Уран бүтээлч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумыг Өндөр гэгээний өлгий нутаг хэмээн, харин заавал 800 адуу гэдэг нь монголчууд Их Монгол Улстай болсон хугацааг бэлгэшээсэн хэрэг аж.

Зураач Тунгалаг овогтой Чулуунбаатарын аав, ээж нь Өмнөговь аймгийн уугуул аж. 1964 онд Хятадын соёлын хувьсгалын үед арваннэгдүгээр сарын дундуур захирч, зандарсан хэдэн хүн тэднийхийг зуслан руугаа нүүхийг шаардаж, биелүүлэхгүй бол буудна гэж айлгасан болохоор аяар нь хөдөлсөн бөгөөд нэг мэдэхэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы харьяат айл болчихсон түүхтэй юм билээ. Малаа маллаад, монгол гэртээ амьдраад, агаарын сайханд усны тунгалгийг ууж л байвал хаа ч ялгаа юу байх билээ хэмээн хэн хүнгүй санаж явсан ч, авьяаслаг хүү Т.Чулуунбаатар нь зураач болж, бүтээл туурвилаараа үзэл бодлоо илэрхийлэхэд Дундад улсын засаг захиргаанаас байн байн дуудаж, асууж шалгаагаад байхаар нь 1990 онд хүссэнээрээ амьдрахаар Америк орныг зорьсон гэдэг. Эрх чөлөөний оронд очоод ч санаа бодол нь өөрчлөгдсөнгүй, өнөөх л монгол ахуйнхаа тухай зурсаар байж. 

Өглөө сэрээд, нүдээ нээхэд тооноор харагдах хөх тэнгэр, алтан шаргал нарны гялбаа, салхины исгэрээ, морьдын тургиа энэ бүхэн сэтгэлд нь байнга байх агаад дүрслэн зурах хүсэл, тэмүүллийнх нь ундарга болсоор иржээ. Тэрбээр дэлхийд монгол хэмээх хосгүй ойлголт, ахуй, сэтгэлгээг тамгалах гэхдээ тооно хэмээх сэдвээр дагнажээ. Зурах хангалтгүй тул энэ сэдвээ дүрслэн урлах бүхий л төрөл, тэр дундаа орчин үеийн арга, технологийг ч ашиглаж бүтээж ирсэн. Газарт тооно хэлбэрээр зурж, мөрөөр нь шатааж, гэрэлт тооно үүсгэж байлаа. 2006 онд Гачууртад ийм видео арт хийсэн нь манай сонинд түүх болон үлдсэн л байна. Сонирхуулахад, зураач тэр дугаарыг хадгалж явдаг юм байна. Үзэсгэлэнгийнхээ нэгээхэн хэсэг болгон залжээ. Ийм нэгэн нас 70 дөхсөн ч, 40-тэй мэт хөнгөн уран бүтээлч санаснаа гүйцээхээр эх монгол нутгаа дахин зорин ирж, уран бүтээлийн ийм нэгэн үзэсгэлэн нээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)