Монголд 110-120 үлдсэн борцгор хотонгийн нүүдлийг судална

Монголын шувуу хамгаалах төвийнхөн Хятадын Ойн шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ховор шувуудыг судлах болсон. Талууд энэ хүрээнд Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай гэрээ байгуулан, борцгор хотон (pelicanus crispus)-гийн тоо толгой, нүүдлийн судалгааг эхлүүлснийг шувуу судлаачид мэдээлэв. Олон улсад “Ховордож болзошгүй”, Монголд “Устаж байгаа” гэж үнэлэгдсэн энэхүү шувуу Их нууруудын хотгор, Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг нуурт тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрчээ. Зөвхөн Хар-Ус нуур орчимд цөөн тоогоор үзэгдэх болсон гэнэ. Тиймээс тус нуурыг дэлхий дээрх борцгор хотонгийн Зүүн Азийн популяцын үржлийн цор ганц нутаг гэж үзэн, судалгаа хийх болжээ. Монголын шувуу хамгаалах төвийнхөн “Судлаачид манай оронд 110-120 хотон бий гэж үнэлсэн. Уг шувууны үржлийн биологи, тоо толгойг тодруулах, амьдрах орчинд нь тулгамдаж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд сүүлийн 10 гаруй жил идэвхтэй ажиллаж байгаа ч Монголд энэ шувууны нүүдлийг огт судлаагүй” гэв. Судлаачид энэ сарын эхээр хоёр хотонд дамжуулагч зүүсэн бөгөөд шувууд өдгөө Хятадын зүүн хойд хэсгийн Бохайн тэнгист хүрээд буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)