Монголд эмчилдэггүй өвчний тоо нэгээр цөөрөв

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 370 дугаар тушаалаар Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтад багтсан, зүрхний гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнг Монголд анагаах боломж бүрджээ. Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн уг өвчнийг эмчлэх мэс заслын шинэ технологи нутагшуулсан юм байна. Энэ талаар тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч, клиникийн профессор Ж.Эрдэнэсүрэнгээс тодруулав.

-Зүрхний гол судсанд яагаад цүлхэн үүсдэг юм бол?

-Төрөлхийн эд, эсийн эмгэг, эсвэл судас хатуурснаас үүсдэг. Тодруулбал, гол судас өргөсөж томрон, овойж цүлхийдэг. Энэ нь хүндрэхээрээ задарч, цус алдан, өвчтөн богино хугацаанд амь эрсдэх аюултай. Манай эмнэлгийнхний хийсэн судалгаагаар, артерын судасны эмгэгийн 13.9 хувийг гол судасны цүлхэн эзэлдэг. Үүний 47-51 хувь нь цээжний гол судсанд үүсэж байна.

-Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнг эмчлэх ямар технологи нэвтрүүлсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсад гол судасны цүлхэнгийн эмчилгээнд стент буюу хиймэл судас тэлэгчийг ашиглаж байна. Энэ нь цүлхэн задрах, хуурахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Монголчилбол, пүрш хэлбэрийн металл тэлэгчтэй, тусгай зориулалтын хиймэл судас залгадаг. Бид эмчилгээндээ уг технологийг амжилттай нутагшуулсан. Хиймэл тэлэгчийг гол судасны цүлхэн байгаа хэсэгт байршуулдаг. Нээлттэй бус, судсан дотуур мэс засал хийдэг тул ил шарх, сорви үүсэхгүй, өвчтөн хагалгааны дараа хэвийн амьдралдаа түргэн ордог. Уг эмчилгээний дараа гол судасны цүлхэнгийн дотоод даралт буурч, цусны урсгал хэвийн болдог. Ингэснээр цүлхэнгийн хэмжээ жижгэрч, хагарах эрсдэл багасдаг. Цаашид бид гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд хиймэл судас залгах мэс заслыг судсан дотуур болон нээлттэй аргаар хослуулж хийхээр ажиллаж байна.

-Уг эмчилгээг нэвтрүүлэхээр 2016 оноос эмч, мэргэжилтнүүдээ бэлдсэн гэл үү?

-Тийм ээ. Гол судасны цүлхэн, судасны хатуурал, бөглөрлийн үед хиймэл судас залгах эмчилгээг хийхээр төлөвлөж, мэс заслын орчин бүрдүүлэх, боловсон хүчнээ бэлдэх зэрэгт чамгүй хугацаа орсон. Манай эмч нар олон улсын зочин профессоруудтай хамтран гол судасны цүлхэнд стент суулгах мэс заслыг одоогоор найман хүнд амжилттай хийлээ. Үр дүнд нь даатгалаас төлбөрийг нь санхүүжүүлдэг өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд зүрхний гол судасны цүлхэнгийн эмчилгээг энэ жилээс хамруулах болсон. Ингэснээр иргэд цээжний болон хэвлийн хөндийн гол судасны цүлхэнг эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)