“Монголд хийж буй хиймэл хөлийг АНУ-д 20 жилийн өмнөөс хэрэглэхээ больсон”

Төрөлхийн согог болон ослын улмаас хөлөө тайруулсан таван монгол залууд АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нар анх удаа хиймэл хөл суулгасан юм. Хүссэн газартаа өөрийн хөлөөрөө хүрэх боломж олгоход АНУ-ын хиймэл эрхтний нарийн мэргэжлийн их эмч Жон Диели, Монгол талаас ГССҮТ-ийн их эмч Х.Эрдэнэбат нар гар нийлэн хамтран ажиллажээ. Вашингтон хот дахь “Эд Нэф” сан 2016 онд хүүхэд, залуусыг хиймэл хөлтэй болгох төсөл санаачлан эхлүүлсэн байна. Америк эмч, мэргэжилтнүүд тоног төхөөрөмжөө авчирч, өвчтөнүүдээс авсан хэмжээний дагуу хиймэл хөлөө тааруулж, шаардлагатай тохиргоо, засваруудыг хийхээс гадна монгол эмч нарт энэ талаараа зааж сургажээ.

Ингэснээр манай эмч нар уг төслийг үргэлжлүүлэх боломж бүрдэх аж. Таван хүүхдэд амьдрал бэлэглэсэн Жон Диели эмч хиймэл эрхтэн, гэмтэл согогоор нарийн мэргэшсэн бөгөөд АНУ-д хиймэл эрхтэн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Hanger” компанийг төлөөлөн уг төсөлд оролцсон байна. Монголд үйлдвэрлэж буй хиймэл эрхтний чанар, “америк” хөлний давуу талыг түүнээс тодруулахад “Орчин үеийн шаардлага хангасан, дэлхий нийтээр хэрэглэж буй материал, хэрэгсэл авчирсан. Энд ирээд хүнийхээ онцлог, хэмжээнд тохируулан хэв гарган, хамгийн сүүлийн үеийн технологиор чанартай материалаар хөл хийлээ.

Өөрөөр хэлбэл, Америкт хийж буйтай яг адилхан хөлийг энд үйлдвэрлэсэн гэсэн үг. Монголд одоо хийж буй хиймэл хөлийг АНУ-д 20 жилийн өмнө хэрэглэхээ больсон. Өмсдөг оймсыг гелин материалаар үйлдвэрлэдэг бол Монголд хөөсөнцрөөр хийж байна. Тэр нь зарим үед уначихдаг гэнэ. “Морь унаж байтал уначихсан” гэж нэг хүү ярьж байсан. Харин бидний хийсэн хиймэл хөл унахгүй. Ийм хөлийг залуучууд 3-5 жил, хөдөлгөөн багатай, настай хүн үүнээс илүү удаан хэрэглэх боломжтой. Монголд авто ослын улмаас хөлөө тайруулсан хүн цөөнгүй юм байна. Харин Америкт чихрийн шижин болон бусад эмгэгийн улмаас хиймэл хөл зүүхээс өөр аргагүй байдалд ордог” гэв.

Тэд 1-2 жилийн дараа манай улсад дахин ирж, илүү олон хүнд туслах зорилготой аж. Энэ удаа хөлөө өвдөгнөөс доош тайруулсан хүмүүст хиймэл хөл суулгасан бол дараа нь түүнээс дээш хэсгээр тайруулсан хүмүүст хөл бэлэглэх гэнэ. Энэ нь илүү нарийн ажиллагаа, ур чадвар шаардах аж. “АНУ-д хэрэглэж байгаа шиг хиймэл эрхтэн хийж, тааруулах лаборатори Монголд хэрэгтэй юм байна. Гадаад явж, хиймэл эрхтэн хийлгэх, дахин очиж түүнийгээ тохируулах боломж хүн бүрт байхгүй шүү дээ” гэж америк эмч нар хэлсэн.

Жон Диелигийн багийнхан монгол эмч нартай хамтран гурван эрэгтэй, хоёр эмэгтэйд хиймэл хөл хийж, хөл дээр нь босгохын зэрэгцээ орон нутгаас ирсэн зарим өвчтөнийг үзэж, зөвлөгөө өгсөн юм. 2016 онд АНУ-ын Массачусетс мужийн Андовер хотын “Филипс” академийн ахлах сургуулийн сурагчдын ажилласан төслийн хүрээнд Монгол Улсын ШУТИС-ийн оюутан Г.Оюундарьд анх удаа 3D хэвлэгчийн тусламжтай хийсэн хөлийг суулгасан байна.

Үүнд Жон Диели техникийн болон мэргэжлийн зөвлөгөө өгчээ. Мөн Г.Энх-Амар хүүг Лос-Анжелес хотод аваачин, төрөлхийн хөлний гажиг засах мэс засалд оруулж эмчилсэн аж. Одоо Г.Энх-Амар хүү эрийн цээнд хүрсэн учир биеийн онцлогт нь тохируулан дахин “шинэ хөл” хийж өгчээ. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий төвд үйлдвэрлэсэн сайн чанарын хиймэл эрхтнийг Монголын амьжиргааны түвшин муутай, гадаадад эмчлүүлэх боломжгүй хүүхэд, залууст хүргэхээр зорьж явснаа “Эд Нэф” сангийн тэргүүн Эд Нэф ярьж байсан нь ийнхүү биеллээ олов.

Монголд долоо хоног амрах завгүй ажилласан америк эмч нар хиймэл хөл суулгасан 31 настай Ж гэх бүсгүйд зөвлөгөө өгөхөөр ГССҮТ-д ирсэн байлаа. Хоёр жилийн өмнө мотоциклоос унаж гэмтэн хөлөө хугалснаас хойш таяг тулж явах болсон Ж яг л хөлд орж буй хүүхэд шиг ганц нэг алхан байлаа. Жон Диели эмч ч “Удаан алхаарай, хүчилж болохгүй шүү” гэж анхааруулж байв. Хиймэл хөлийг анх зүүхдээ гурван цаг болоод авах ёстой аж. Аажмаар дасгаж өөрийн болгодог юм байна.

Өмд, гутал өмсчих учир хэн ч гаднаас нь хараад хиймэл хөлтэй гэж мэдэхгүй. “Хамгийн түрүүнд ууланд л алхмаар байна” гэж догдлонгуй хэлэх Ж ийн ярив. “Мотоциклоос их л зөөлөн унах шиг болсон. Гэтэл цус гараад хөдөлж чадахгүй болж, Хэнтий аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд шархаа эдгэрэхийг гурав хоног хүлээж байгаад мэс засалд орсон. Хоёр сарын дараа Улаанбаатар хотод ирж, рентгенд харуултал “Дахиж хагалгаанд орохгүй бол болохгүй, буруу бороолсон байна.

Яах вэ, энэ чигээр нь эдгээж болно. Гэхдээ бүдрээд унахад л хөл чинь дахиад хугарна. Тиймээс мэс засалд орж янзлуулсан нь дээр” гэсэн. Энэ тухай аймгийнхаа эмчид хэлтэл “Ирээд хагалгаанд ор” гэв. Аймагтаа хоёр дахь хагалгаанд орж, ялтас тавиулж хадуулсан. Сар гаруйн дараа өндөр халуурч, шархнаас улаан хүрэн шүүс гарч, ГССҮТ-д ирсэн. Жил гаруй хэвтэж байж, арваннэгдүгээр сард хөлөө тайруулсан. “Америк эмч нар ирж хиймэл хөл суулгах юм байна. Чиний нэрийг өгчихлөө” гэж тус эмнэлгийнхэн хэлсэн. Ингээд энэ төслийн зохицуулагч, орчуулагч Э.Эрдэнэсүрэнтэй холбогдож, ийм сайхан хөлтэй болсондоо баяртай байна.

Анх өмсөхөд эвгүй юм. Байнга сул байсан булчин юманд баригдаад ирэхээр бага зэрэг өвдлөө. Таяг тулахгүй явна гэхээр үнэхээр сайхан байна” гэв. Таяггүй, хэн нэгний тусламжгүйгээр хүссэн газраараа явах мөрөөдөл олон хүнд бий. Гэвч энэ удаа ийм завшаан таван хүнд л тохиосон. Харин монгол эмч, мэргэжилтнүүд америк технологиор шинэ хөл үйлдвэрлэн, протезийн үйлдвэрийг төр, засгаас дэмжээд өгвөл илүү олон хүнд буян болох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)