Монголд туссан ханшийн “ханиад”

Дэлхийн валютын зах зээлд хаанчлалаа тогтоосон америк долларын ханш Монголд сүүлийн сард огцом өслөө. Монголбанкны албан ханшаар өчигдөр 2550-тай тэнцэж байсан “ноён” доллар сарын өмнө 77 төгрөгөөр хямд байв. Өөрөөр хэлбэл, ам.доллар 2473 төгрөгтэй тэнцэж байсан юм. Хар зах гэгддэг “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2568 төгрөгөөр авч, 257-аар зарж байлаа. Энд “ногоон”-ы ханш сүүлийн сард 100 төгрөгөөр өсөөд буйг ченжүүд хэлэв.

Тэд “Ам.долларын ханш цаашид ч өснө. Ойрын үед 20 төгрөгөөр чангарах төлөв харагдаад байна” гэсэн таамаг дэвшүүлсэн. Валютын зах зээлд олон жил ажиллаж, нэгийг бодож, хоёрыг тунгаах туршлагатай болсон тэдний үг ортой байж мэднэ. Тэгэхээр ам.долларын ханш цаашид өснө гэсэн хүлээлт, ажиглалт давамгайлж байгаа аж. Магадгүй “ногоон”-ы ханш 2500 төгрөг давж түүхэн дээд түвшинд хүрлээ гэсэн мэдээ 2600-г хэтэрч шинэ рекорд тогтоолоо гэсэн анхаарал татаж, болгоомжлол төрүүлсэн “цуурай”-гаар солигдох бололтой.

Дэлхийн зах зээлд ам.долларын ханш өссөн нь манайд нөлөөлж байна гэж шинжээчид дүгнэж буй. Үнэхээр ч олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарах хандлагатай байгаа. Ялангуяа манай урд хөршийн зах зээлд эл валютын ханш эрчимтэй чангарч байна. Хятадууд юанийнхаа ханшийг сүүлийн жилүүдэд ам.долларын эсрэг аажмаар чангаруулж ирсэн. Гэтэл АНУ-тай зарласан “Худалдааны дайн”-ы дараа бодлогоо өөрчилж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулж эхэллээ. Харьцуулсан тоо бодьё. Өдгөө ам.долларын ханш өмнөд хөршийн зах зээлд 6.86 юаньтай тэнцэж байна.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд “ногоон” 6.27 юаньтай дүйсэн. Өөрөөр хэлбэл, зургаан сарын хугацаанд өмнөд хөршийн удирдагчид 0.6 юаниар ханшаа сулруулж дөнгөжээ. Валютын асар их нөөцтэй хятадууд “Худалдааны дайн”-д ханшийн бодлогоор ялахаар ийм алхам хийж буй нь тодорхой. Манай улс Хятадаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортолдог. Иймээс өмнөд хөршийн валютын зах зээл дээрх ханшийн хэлбэлзлийг манайх яг дагаж “хөдөлдөг”. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд “ногоон”-ы ханш 2392 төгрөгтэй дүйж байв. Тэгвэл ханш 158 төгрөгөөр чангараад буй нь Хятадын зах зээлийн шууд тусгал юм.

Ам.долларын ханш сүүлийн сард огцом өссөн нь Хятадын зах зээлээс шалтгаалж байгаа, эсэхийг тодорхойлох нь одоогоор түвэгтэй. Мэдээж ямар нэгэн шалтгаан байж таарна. Эдийн засаг дахь зарим “хөдөлгөөн”-ий онош хожим тодрох нь түгээмэл. Юутай ч худалдаачид, бизнесмэнүүд ам.долларын ханш өсөж, тодорхойгүй нөхцөл үүслээ гэж болгоомжилж эхлэв. Бизнесмэнүүдэд “ногоон”-ы ханш өндөр байх, эсэх төдийлөн хамаагүй байдаг. Харин тогтвортой, баримжаа авахуйц байх нь тэдэнд чухал. Иргэд, бизнесмэнүүд санаа зовоод эхэлчихсэн байхад ханшийн зохицуулалт хийх үүрэг хүлээдэг Монголбанкныхан “Энэ бол хэвийн үзэгдэл” гэсэн тайлбар хэлж байгаа. Амаараа ийн ярьж буй ч зах зээлд валют нийлүүлээд эхэлсэн нь нөхцөл байдал санаа амар суулгахааргүй болсныг илтгэнэ.

Банкинд бэлэн мөнгөний хадгаламжтай хүмүүс ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор ам.доллар худалдаж авах үзэгдэл анзаарагдаж эхэллээ. 20-30 сая төгрөгөөр ам.доллар худалдаж авсан хэд хэдэн хүнтэй таарав. Богино хугацаанд ашиг олох зорилготой хүмүүс ам.долларын ханшийг зохиомлоор хөөрөгддөг гэмтэй. Бэлэн мөнгөтэй иргэд ханшийн зөрүүнээс ашиг олох “давалгаа” үүсгэвэл “ногоон”-ы үнэ талийж өгөх нь гарцаагүй. Өмнө нь манай зах зээлд ийм хэд гарсан. Тухайлбал, 2016 оны зургадугаар сарын эцэст ам.долларын ханш 1940 төгрөгтэй тэнцэж байлаа. Тэгвэл дөрвөн сарын дараа 2450 төгрөгтэй дүйж, “гэрлийн хурд”-аар дээшилсэн. Энэ нь ханшийн зөрүүнээс ашиг олох санаархалтай хүмүүсийн шуналаас шалтгаалсан хөрөөгдөл байсан юм. Тухайн үед Монголд амьдардаг хятадууд их хэмжээний юань худалдан авч, зарсан нь ийм хөөрөгдөл үүсгэхэд голлон нөлөөлсөн гэж “Найман шарга”-ын ченжүүд тайлбарладаг.

Аливаа зүйл хоёр талтай. Валютын ханш өсөж буй нь эдийн засагт сайн, бас муу нөлөөтэй. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш сул байх нь тухайн улсад алс хэтдээ үйлдвэрлэл хөгжих хөшүүрэг болдог. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сул байх нь манайд үйлдвэрлэл хөгжих анхдагч хөшүүрэг болох нь. Ам.доллар, юанийн ханш чанга байвал үнэтэй валютаар бараа бүтээгдэхүүн импортолсноос дотооддоо илүү хямд өртгөөр үйлдвэрлэвэл зардал бага байдаг учраас хөшүүрэг болдог хэрэг. Өмнөд Солонгосын удирдагчид дайны дараа экспортын үйлдвэрлэлээ дэмжиж, Зүүн өмнөд Азийн зах зээлд Тайландын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд воны ханшийг 10 хувиар зориуд унагаж байсан түүх бий. Нөгөөтэйгүүр валютын ханшийн хөөрөгдөл импортын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, инфляц үүсдэг сул талтай. Тэгэхээр ханшийн өсөлт инфляц үүсгээд эхэлбэл бурууддаг байх нь.

Ам.долларын ханшийн өсөлт манайд зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх нөхцөл зайлшгүй үүсгэв. Гадаадаас ам.доллароор худалдаж авдаг бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь дамжиггүй боллоо. Импортлогчид зургаан сарын өмнө нэг ам.долларыг 2392 төгрөгөө худалдаж авдаг байсан. Тэгвэл одоо 160 төгрөгөөр илүү үнээр авч байна. Товчхондоо, импортлогчид өмнөхөөс 160 төгрөгөөр илүү үнээр гадаадаас бараа худалдан авч байна гэсэн үг. Өндөр үнэтэй авсан барааг түүнээс илүү л үнэд хүргэж зарна. Энэ бол бизнесийн энгийн зарчим. Ам.долларын ханш нэг төгрөгөөр чангарахад импортлогчид шатахууныхаа үнийг 50 мөнгөөр нэмэхээс өөр аргагүйд хүрдэг гэсэн судалгаа бий.

Тэгэхээр “ногоон”-ы ханш 160 төгрөгөөр чангарсан нь шатахууны үнэ 80-аар нэмэгдэх нөлөө үзүүлжээ. Тухайлбал, Аи-92 төрлийн шатахууны үнэ зургаан сарын өмнөхөөсөө 100 төгрөгөөр өсөөд байгаа билээ. Энэ бол Монголын зах зээл ханшийн “ханиад” туссаны тод илэрхийлэл. Шатахууны үнэ өсөхөөр тээврийн зардал нэмэгддэг учраас эдийн засгийн суурь үнэ болдог. Суурь үнэ өсөхөөр бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хөлс нэмэгдэнэ. Валютын ханшийн өсөлт эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин инфляцад ийн нөлөөлж байна. Энд нэгэн зүйлийг онцлон дурдахад өмнөд хөршөөс импортолдог бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаангүй юм. Юанийн ханш манай зах зээлд суларсан учраас тэр. Тодруулбал, зургаан сарын өмнө 381 төгрөгтэй дүйж байсан юанийн ханш 10-аар хямдраад байгаа.

Ханшийн зөрүүнээс ашиг олохыг санаархсан иргэд ам.долларын үнийг хөөрөгдвөл ханшийн “ханиад” хатгалга болж хүндэрч ч магадгүй. Хатгалга туссан хүн амьсгалж чадахгүй давчаддаг шиг инфляц өсөж, иргэд бухимдан, эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Тиймээс ханшийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж Монголбанк одооноос зах зээлд бага сага валют нийлүүлж байхад гэмгүй мэт. Өвчин тусчихаад эмчлэхээс урьдчилан сэргээлэх нь илүү зардал, чирэгдэл багатай билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)