Монголд том авлига толгойны өвчин болсныг онцлов

- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулллагын Авлигын эсрэг сүлжээнээс манай улсыг үнэлсэн, дөрөв дэх удаагийн мониторингийн дүнг танилцууллаа –

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс манай улсыг үнэлсэн мониторингийн дүнг өчигдөр танилцууллаа. Уг сүлжээ нь 2003 оноос бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх эрх зүйн орчин, үйл ажиллагаанд хяналт тавьж, тайлан, зөвлөмж гарган, хэрэгжилтийг нь шинжилж ирсэн бөгөөд манай улсын хувьд энэ нь дөрөв дэх шатны үнэлгээ аж. Монгол Улс тус сүлжээнд 2012 оны сүүлчээр элсжээ. Энэ удаагийн үнэлгээг хийсэн экспертүүд өнгөрсөн оны төгсгөлд манай улсад ирж ажиллан, шинжилгээгээ эхлүүлсэн юм байна. Ингэхдээ төрийн болон төрийн бус байгууллага төдийгүй бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, мэдээлэл, баримт цуглуулжээ.

Тэд өнгөрсөн гуравдугаар сард Парист болсон Зүүн Европ, Төв Азийн бүсийн хуралдаанд тайлангаа танилцуулан, батлуулсныг бидэнд албан ёсоор мэдээлж буй нь энэ аж. Уг тайланг авлигатай тэмцэх бодлого, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ийм төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтын хэрэгжилт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд боловсруулснаас гадна улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлыг тусгайлан хөнджээ. Үүний хүрээнд нийт 29 зүйл бүхий зөвлөмжийг манай Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна. Үүний өмнөх буюу 2015 оны тайланд 19 зөвлөмж өгснөөс нэгийг нь л бүрэн биелүүлснийг ч мэдээлэв. Төрийн санхүүгийн хяналт, шалгалт, аудиттай холбоотой зөвлөмжийг бүрэн биелүүлсэн гэж үзсэн бөгөөд тавынх нь биелэлт хангалтгүй, бусдыг нь хэсэгчлэн хэрэгжүүлсэн талаар тайланд дурджээ.

“ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭТ БОГИНО, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ХАМГААЛАЛТЫГ ОЛОН АЛБАН ТУШААЛТАНД БИЙ БОЛГОЖЭЭ”

Жижиг хэмжээний авлига Монголд аажмаар буурч байгаа ч түгээмэл хэвээр төдийгүй том авлига асуудал болсныг тус тайланд онцолж, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд дорвитой алхам хийхийг энэ удаа анхааруулжээ. Үүний хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь магадлан баталгаажуулах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг дурдаж, шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах орчин бүрдээгүйг онцлов. Мөн 2017 оноос мөрдөж буй Эрүүгийн хуульд хээл хахуулийн гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалт тусгаснаар авлигачдад эрүүгийн хариуцлага ногдуулах чиглэлд ахиц гарсан гэж хэлж болох ч олон улсын норм, дүрэм, жишиг манайд орхигдсон хэвээр байгааг тэмдэглэлээ. Хэд хэдэн өндөр албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсний зэрэгцээ цөөнгүй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй нь ийн дүгнэхэд нөлөөлсөн бололтой. Үндсэндээ ял шийтгэл нь хийсэн хэрэг, үйлдэлдээ дүйцэхээргүй хөнгөн, улмаар урьдчилан сэргийлэх чадамжийг бууруулахуйц, шийтгэлээс зайлсхийх боломж олгосон зохицуулалт манайд үйлчилж байгааг тэмдэглэсэн байна. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэт богино, халдашгүй байдлын хамгаалалтыг олон албан тушаалтанд бий болгосон нь анхаарал татаж байгааг тус сүлжээний зөвлөх Виталий Каско хэллээ.

Манай улс авлигын эсрэг үндэсний бодлого, стратегитай болж, үүнийг боловсруулахдаа иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасныг тус сүлжээний зөвлөх Андрей Кухарук онцолсон. Гэхдээ бодлогоо хэрэгжүүлэх тодорхой хугацаа, үр дүнг нь хэмжих үзүүлэлтүүдийг орхигдуулсныг тэрбээр анхааруулав. Мөн авлигын эсрэг судалгаа, мэдээлэл хангалттай хийдэг ч түүнийгээ идэвхтэй ашигладаггүй, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгадаггүй талаар ч дурдлаа. Үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэх чиглэлд хийж буй АТГ-ын ажлыг “сайн” хэмээн үнэлсэн ч тус байгууллагад зүй бусаар нөлөөлөх, улс төрийн шахалт үзүүлэх, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн уялдаа холбоо муу байгааг хэлэв. Төрийн албаны тухай хуулийг шинээр мөрдөж байгаа ч томилгоог улстөржүүлэх явдал хэвээр буй талаар дурдсан бөгөөд албан хаагчдын цалин хөлсний өрсөлдөхүйц, ил тод байдалд анхаарах ёстой гэсэн юм. Худалдан авалтын цахим цогц систем бүрдүүлснийг тэд олзуурхсан. Гэхдээ төрийн худалдан авах ажиллагааг зохицуулж буй гол хуулийн хамрах хүрээг хумьж, зарим байгууллагад хууль үйлчлэхгүй байх орчин бүрдсэнийг хэлж байлаа. Цаашлаад нийт худалдан авалтын дотор өрсөлдөөний зарчмаар сонгох гэрээний мөнгөн дүн буурсныг тэмдэглээд, бизнест шударга байдлыг төлөвшүүлэхэд Засгийн газрын санал, санаачилга хангалтгүй байгааг онцолсон.

“ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНААС ӨМНӨ ХЭРГИЙГ ХААХ ХЯЗГААРГҮЙ ЭРХИЙГ ПРОКУРОРУУД ЭДЭЛЖ БАЙНА”

Зөвлөх Виталий Каско шүүхийн хараат бус байдал бүрэн хангагдаагүйг дурдаад, улс төрийн байгууллагууд, тэр дундаа Ерөнхийлөгчийн зүгээс үйл ажиллагаанд нь хэт их оролцож байгааг анхааруулав. Мөн шүүх, прокурорын байгууллагын төсвийн хэмжээ буурсныг онцлоод, албан хаагчдынх нь сонгон шалгаруулалтыг мерит зарчимд үндэслэх ёстой гэсэн юм. Үүнээс гадна прокурорын байгууллагын бие даасан байдал дотроо ч, гаднаа ч хязгаарлагдмал буйг хэлээд, ялангуяа доод шатны прокуроруудыг хараат бусаар ажиллах боломж олгох ёстойг анхаарууллаа. Цаашид прокурорын байгууллагын босоо тогтолцоог эргэж харах ёстойг тайландаа дурджээ.

Танилцуулгын төгсгөлд тэд манай улс төрийн намуудын санхүүжилтийн орчин маш сул байгааг онцолж, парламентад суудалтай намуудад өгч буй татвар төлөгчдийн мөнгийг сахилга баттай зарцуулж байгаа, эсэхэд цогц шинжилгээ хийж, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстойг хэлж байлаа.

Мэдээллийнхээ дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Манай төрийн албанд байгаа авлигын талаар нарийвчлан судалсан уу?

Андрей Кухарук: -Авлига тэнд ямар түвшинд байгааг бид тодорхойлохгүй. Бид гадаад, дотоодын олон эх сурвалжийн төрөл бүрийн мэдээлэл, судалгааг нэгтгэн, дүгнэлт гаргадаг.

-Шүүх, прокурорын байгууллага хараат бусаар ажиллаж чадахгүй байгааг тайланд онцолсон. Тэгвэл АТГ үүнд хамаарах уу. Тус байгууллагыг ч бас зүй бус нөлөөлөлд автдаг гэх шүүмжлэл бий. Хөндлөнгийн шинжээчдийн хувьд энэ талаар юу хэлэх вэ?

Виталий Каско: -АТГ-ын удирдлагыг томилох дүрэм, шаардлага нь ил тод, ойлгомжтой байх ёстой талаар тайланд дурдсан. Мөн улс төрийн шахалт, дарамт дор үйл ажиллагаа явуулж байгааг нь ч онцолсон. Гэхдээ ийм байдал дан ганц Монголд ажиглагддаг юм биш л дээ. Авлигын эсрэг байгууллага ажиллаж л байгаа бол улс төрийн нөлөөлөлд өртөх гээд байдаг. Тиймээс үүнийг даван туулахын төлөө чармайн ажиллах ёстой.

-Шүүх эрх мэдлийн хараат бус байдал хангагдахгүй байгаа талаарх дүгнэлтийг хийхдээ ямар мэдээлэлд үндэслэсэн бэ? Жишээ нь, АТГ-ын шалгаж эхэлсэн олон хэрэг замхардаг гэх ойлголт бий.

-Эл дүгнэлтийг бид тодорхой баримтад үндэслэн хийж байгаа. Холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг судалсан. Мөн тал талын төлөөлөл, хүмүүс, эх сурвалжтай уулзсаны дараа ийм дүгнэлт хийсэн юм шүү. Харин шүүхэд шилжүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо олон байгаа нь анхаарал татсан. Жилд дунджаар нийт шалгасан хэргийн 25 хувь нь шүүхэд очилгүй, хаагдсан гэсэн тооцоо гаргасан. Гэтэл 2018 онд энэ тоо бүр 40 хувиар нэмэгджээ. 

Шүүн таслах ажиллагаанаас өмнө хэргийг хаах хязгааргүй эрхийг прокурорууд эдэлж байна. Тиймээс хэрэг хаасан нөхцөл, шалтгааныг бодитоор тодорхойлох, зөрчил, алдаа мадаг гарсан, эсэхийг тогтоох, цаашид шалгах боломж олгох чиглэлд гарц, шийдэл хайх, тогтолцоогоо боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн.

-Танай байгууллагаас өгсөн зөвлөмжийг манай Засгийн газар хэдий хугацаанд биелүүлсэн байх ёстой вэ. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцдог юм уу?

Андрей Кухарук: -4-5 жилийн хугацаатайгаар мониторинг хийж байгаа. Гэхдээ сүлжээний улс бүр явцын тайлангаа ирүүлэхийг шаарддаг. Цаашид явцыг нь үнэлэн, улс орнуудыг байр эзлүүлнэ. Мониторинг хоорондын хугацаа хэт хол гэж үзэж байгаа учраас бид шинэ аргачлал нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Дараа жилээс мөрдөж эхлэх болов уу. Ингэснээр үнэлгээг жил бүр хийх болно. 

Харин зөвлөмж биелүүлээгүйн төлөө авах арга хэмжээ байхгүй. Гэхдээ бидний тайлан маш нээлттэй байдаг. Түүнтэй танилцсан иргэд, олон нийт төр, засагтаа шахалт үзүүлэх боломжийг үүгээр бий болгоно гэж үздэг. Цаашлаад хөрөнгө оруулагчдаас авхуулаад олон эх сурвалж манай тайланд үндэслэн бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлох боломжтой.

-Ял, шийтгэл хөнгөн байгаа талаар дурдлаа. Авлигын гэмт хэргийн хувьд олон улсад ямар жишиг, зарчим баримталдаг юм бэ?

Виталий Каско: -Ял, шийтгэл ийм байх ёстой гэж яв цав хэлэхэд хүндрэлтэй. Хэргийн нөхцөл байдал харилцан адилгүй шүү дээ. Олон улсын стандартын дагуу буюу нөлөөлөхүйц, хийсэн хэрэгтээ дүйцэхүйц л байх ёстой. Гэхдээ томоохон авлига авч, албан тушаал, эрх мэдлээ зүй бусаар ашигласан тохиолдолд хорих ялаар шийтгэх ёстой гэсэн байр суурь давамгайлдаг. Цаашлаад авлига авах замаар олж авсан хөрөнгийг бүрэн хураах шаардлагатай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)