“Монголд нийлүүлсэн томуугийн вакцин олон улсын чанар, стандарт хангасан”

“Томуугаас сэргийлье” 10 хоногийн дархлаажуулалтын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж буй. Хүүхэд, жирэмсэн, өндөр настан зэрэг зорилтот бүлгийнхнийг уг аянд үнэ төлбөргүй хамруулж байгааг олон нийт, тэр дундаа эцэг, эхчүүд буруу ойлгосон талаар албаныхан хэлэв. Тодруулбал, сурагчдыг дархлаажуулалтад хамруулж байгаа ч заавал гэж албадаагүй, ерөнхий боловсролын зарим сургуулийнхан улирлын томуугаас сэргийлж, жил бүр хийдэг вакциныг “Ковид-19”-ийн туршилт гэж эндүүрэн, маргаан, асуудал гаргасан гэнэ. Тэгвэл ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица томуугийн вакцины найрлага, чанарын талаар “Томуу хүндэрвэл уушгины хатгалгаа болж, улмаар аминд халтай. Жил бүр харилцан адилгүй хугацаанд дэгдэж, олон хүнийг өвчлүүлдэг учраас түүнээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт юм. Тухайн жилд дэгдэх магадлалтай улирлын томуугийн вакцины найрлагыг ДЭМБ-аас тодорхой судалгаанд тулгуурлан гаргадаг. Өнөө жил Ази, Номхон далайн бүсийн орнуудад хийх вакцин нь H1N1 болон H3N2, В хүрээний үүсгэгчийн эсрэг гурван цэнт найрлагатай. Эдгээр вирус нь хүн амын дунд өргөн тархсаар ирсэн. Монголд нийлүүлсэн томуугийн вакцин олон улсын чанар, стандарт хангасан, вирусийн эсрэг өвөрм өц дархлаа тогтоодог. Үүнээс гадна бид Бразилд үйлдвэрлэсэн, дээрх найрлагыг агуулсан, 717 000 ам.долларын өртөг бүхий томуугийн вакциныг Монгол Улсад хандивлалаа. Мөн 18 175 долларын үнэ бүхий вакцины дагалдах хэрэгслүүдийг ч өгсөн. Дархлаажуулалтын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, 150 000 ам.доллар Засгийн газарт хандивласан. Энэхүү зардлыг томуугийн нэмэлт дархлаажуулалтад зарцуулна” гэлээ. Ташрамд дурдахад, томуугийн вакцин нь хүүхэд, ахмад настнууд амьсгалын замын халдварын улмаас Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 82 хувь хүртэл бууруулдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)