Монголд мөнгө угаасан ОХУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлэв

Гадаадын иргэд манай улсад ирээд хууль бус үйлдэл гаргаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон нэг бус тохиолдлыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ оны дөрөвдүгээр сард илрүүлэн шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ төрлийн хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шилжүүлсэн байна. ОХУ-ын иргэн А.В.Самохин Кипр улсын хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компанийг 2011 онд манай улсад байгуулсан аж. Гадаад худалдаа эрхлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дээрх компани манай улсын арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авчээ. Улмаар түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд түүнийг буруутган шалгасан юм. “Валестия” компанийн захирал ОХУ-ын иргэн А.В.Самохин нь манай улсад анх цөөн хоногоор ирж байсан бөгөөд тухайн үедээ 16.2 сая ам.доллар бэлнээр болон гадаад гүйлгээгээр 10 орон руу шилжүүлж байснаас гадна арилжааны банкууд дахь өөрийн дансандаа хийчихээд буцдаг байсан нь тогтоогдсон гэдэг. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгтэй танилцаад шүүх хурлаар хэлэлцүүлж, гэм буруутай, эсэхийг тогтоох боломжтой гэж дүгнээд хурлыг энэ сарын 15-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)