Монголд кофены зах зээл 10 жилд 10 дахин тэлжээ

Бидний нэрлэж заншснаар баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам явах зуурт, хааш хаашаа хоёр км орчим үргэлжлэх газарт өөрийн байр болон барилгуудын нэг давхар, буланд үйл ажиллагаа явуулж буй кофе шоп 40 орчим байна. 50 метр яваад л кофе зардаг үйлчилгээний төвтэй таарна гэсэн үг. Кофе шоп бүрт үйлчлүүлэгч цөөнгүй бөгөөд заримд нь захиалга өгөөд 20-30 минут хүлээх хэрэгтэй болов. Дундаж хэмжээтэй буюу (250 орчим гр) кофе худалдан авахад 5000-6000 төгрөг төлдөг гэвэл, ажлын өдөр бүр нэгийг уудаг хэрэглэгч сард 100 000-120 000, жилд 1.2-1.5 сая төгрөгийг эл ундаанд зарцуулах тооцоо байна. Энэ нь сарын 800 000 төгрөгийн цалинтай бүсгүй орлогынхоо 15 орчим хувийг кофенд үрж буй дүн болно. Бүсгүй гэсний учир кофе шопоор үйлчлүүлэгчдийн 60 хувь нь 25-40 насны эмэгтэй байгааг “Caffe bene”-ийн Монгол дахь салбаруудын менежментийн албанаас хийсэн судалгаанд дурджээ.

...Кофены худалдааны эргэлтийн хөрөнгийн хэмжээ жилд 200 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй нь дэлхийд шатахууны дараа хоёрдугаарт жагсах үзүүлэлт болжээ. 2018 онд кофены үйлдвэрлэл, худалдаанаас олсон ашгийн хэмжээ 100 орчим тэрбум “ногоон”-нд хүрсэн байна. Мөн кофены хэрэглээ сүүлийн 50 жилд зогсолтгүй буюу жилд гурав орчим хувиар тогтмол нэмэгдсэн гэнэ. Одоогоор 2.5 тэрбум хүн байнгын хэрэглэгч болсон бөгөөд дэлхийн хүн ам нэг минутад 2.3 сая аяга кофе ууж буйг мэргэжилтнүүд тооцоолсон байна...

Манай улсын кофены зах зээл буюу кофены импорт, зарцуулсан хөрөнгийн хэмжээ сүүлийн 10 жилд 10 дахин өсжээ. Тухайлбал, монголчууд 2009 онд 15 562 кг кофе худалдан авч, 98 700 ам.доллар зарцуулсыг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна. Эл тоо жил бүр 20-30 хувь нэмэгдсээр энэ оны эхний 10 сард 155 354 кг-ийг импортолж, 1.42 сая “ногоон” төлсөн аж. Энэ нь 2019 он гарсаар бид кофенд дөрөв орчим тэрбум төгрөг үрсэн хэрэг.

Монголчуудын хамгийн их уудаг кофегоор БНСУ-аас импортолдог “Maxim”, “Ye Ye” болон дотооддоо бэлтгэдэг “Хаан” кофег нэрлэж болох гэнэ. Мөн кофе шопод эспрессо, каппучино, американо, каффе латте гэсэн дөрвөн төрлийнхийг түлхүү хэрэглэдэг аж. 15-60 насны хоёр хүн тутмын нэг нь өдөрт нэг аяга кофе ууж буйг “Монголиан маркетинг консалтинг” компанийн 2017 онд хийсэн судалгаанд дурдсан байна. Энэ нь 980 000 орчим хүн өдөр бүр тогтмол кофе уудаг гэсэн үг аж. Кофены зах зээлийн тэлэлттэй холбоотойгоор уг тоо өдгөө өссөн байх магадлалтай. Гэхдээ дээр дурдсан “Maxim”, “Ye Ye” нэрийн бүтээгдэхүүн дэх кофены агууламж маш бага тул нэг хүний хэрэглэдэг стандартын буюу үрлэн кофены хэмжээг одоогоор тооцох боломжгүйг дурдая.

Мэдээж кофены нийлүүлэлт, эрэлт ихэссэнээс шалтгаалан борлуулагчдын тоо ч нэмэгдсээр байна. Анх 2013 онд “Caffe bene”- ийн нэг салбар Улаанбаатарт үүдээ нээж байсан бол одоогоор салбар нь 30-д хүрч, бусад нэрийнх, хувь хүн, аж ахуйн нэгжийн байгуулсан үйлчилгээний газруудыг оролцуулбал нийслэл 150 орчим кофе шоптой гэсэн тооцоо бий гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй кофе шопын тоог лавлахад кафе гэсэн “малгай”-тай 260 гаруй аж ахуйн нэгж бий, үүнд кофе шопыг оролцуулж болно гэв. Тэгэхээр нийслэл дэх кафенуудын 70 орчим хувийг кофе шоп эзэлж байна хэмээн ойлгож болох нь. Монголчуудын кофены хэрэглээ нэмэгдэх болсон шалтгаан, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар “Caffe bene”-ийн маркетингийн албаны мэргэжилтэн н.Содоо “Цагаа өнгөрүүлэх, ярьж хөөрч суух хамгийн таатай газруудын нэг кофе шоп гэдэгтэй санал нийлэх хүн олон. Тохилог, цэвэрхэн, дулаан орчин, хурдан шуурхай байдал, бүтээгдэхүүний амт, чанар зэрэг нь үйлчлүүлэгчдийг татах шалтгаан болов уу. Монголчуудын кофены хэрэглээ өсөж буй ч дэлхийн жишигтэй харьцуулахад бага хэвээр. Кофены хэрэглээ өндөртэй улсуудад насанд хүрсэн хүнд жилд долоон кг үрлэн кофе ногддог бол манайд 200 граммыг уудаг гэсэн тооцоо бий. Бид кофены хэрэглээг өсгөх зорилгоор амт, чанарыг нь монгол хүний онцлог, таашаалд нийцүүлэн бэлтгэхийг зорьдог. Нийслэлд ахин салбар нээх төлөвлөгөө байхгүй. Учир нь хүн ам төвлөрсөн хэсэгт кофе шоп нээх зай талбай үлдээгүй. Харин орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Үүнээс гадна кофе шоп бүрийн ард ажлын байр, татвар төлөлт, нийгмийн хариуцлага бий. Энэ утгаараа манайх хувь хүний орлого, улсын эдийн засагт өгөөжтэй салбаруудын нэг” хэмээн ярив.

Манай улс Бразил, Вьетнам, Ирланд, Этиоп зэрэг 10 гаруй улсаас кофе импортолдог байна. Бүтээгдэхүүний хувьд хуурсан болон хуураагүй байдлаар худалдан авдаг гэнэ. Сүүлийн 3-4 жилд хуураагүй, түүхий кофе импортлон, дотооддоо боловсруулж, хэрэглэгчид хүргэснээр амт, чанар, сайхан үнэрийг нь алдагдуулалгүйгээр нийлүүлэх боломж бүрдүүлсэн аж.

Үнийн хувьд хэрэв та хамгийн хямд өртгөөр кофе ууя гэвэл шууд найруулдгийг сонгож болно. Ийм төрлийн буюу нэг уутандаа 5-7 грамм үрлэн кофе, бусад орц агуулсныг нь 350-450 төгрөгөөр худалдан авна. Харин 7-10 грамм үрлэн кофе, эсвэл өтгөрүүлсэн охийг машинаар найруулсныг нь кофе шопоос ихдээ 10 000 төгрөгөөр авахаар байна. Эндээс харахад адилхан кофе гэж ойлгож болох ч илүү чанартайг нь тохилог орчинд уухын тулд 20 дахин их үнэ төлнө гэсэн үг.

Кофе нь хүн төрөлхтний хэрэглэдэг шингэн хүнснүүдээс усны дараа хоёрдугаарт жагсдаг юм байна. Кофены модыг одоогоор дэлхий нийтэд 10 орчим сая га талбайд тариалж буй гэнэ. Кофены арабика буюу үнэр, амт сайтай, зөөлөн төрлийнхийг нийт хэрэглэгчийн 60 орчим, робуста буюу хурц, чанга амттайг нь 20 хувь нь сонгодог аж. Мөн Ямайк, Коста-Рика улсад ургуулж, бэлтгэдэг өндөр зэрэглэлийн blue mountain, terrazu сорт гэж бий. Кофены худалдааны эргэлтийн хөрөнгийн хэмжээ жилд 200 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй нь дэлхийд шатахууны дараа хоёрдугаарт жагсах үзүүлэлт болжээ. 2018 онд кофены үйлдвэрлэл, худалдаанаас олсон ашгийн хэмжээ 100 орчим тэрбум “ногоон”- нд хүрсэн байна. Мөн кофены хэрэглээ сүүлийн 50 жилд зогсолтгүй буюу жилд гурав орчим хувиар тогтмол нэмэгдсэн гэнэ. Одоогоор 2.5 тэрбум хүн байнгын хэрэглэгч болсон бөгөөд дэлхийн хүн ам нэг минутад 2.3 сая аяга кофе ууж буйг мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Дэлхийд кофены үйлчилгээгээрээ сүүлийн жилүүдэд “Starbuks”, “Caffe bene”, “Tom n Toms” компаниуд тэргүүлсэн хэвээр аж. “Starbuks” гэхэд дэлхийн 65 улсад үйл ажиллагаа явуулж, өдөрт 5.7 сая хүнд үйлчлэн, борлуулалтын жилийн орлого нь 10.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй.

Зах зээлд нийлүүлж буй кофены дийлэнх хувийг чийглэг цаг ууртай, хөгжиж буй орнуудад тариалж, боловсруулдаг аж. Энэ утгаараа эл бүтээгдэхүүн нь зарим улсын ажлын байрны голлох эх үүсвэр, эдийн засгийнх нь хөдөлгөгч хүч болдог байна. Түүнчлэн кофе тариалалт, бэлтгэлээс амьдралаа залгуулдаг хүн дэлхий дахинд 125 саяаас давсныг мэргэжилтнүүд тооцоолжээ. Одоогоор кофены экспортоор Өмнөд Америкийн орнууд буюу Бразил, Колумб тэргүүлж буй. Мөн Африк тивийн Брунди, Раванда улсууд кофе үйлдвэрлэлээс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 хүртэлх хувийг бүрдүүлдэг гэнэ. Харин кофены хэрэглээгээрээ Бразил, АНУ, Индонез, Япон, Герман, Франц улс эхний 10-т жагсжээ. Ийм өндөр хэрэглээтэй орнуудын иргэн жилд 7-10 кг кофе уудаг тооцоо байна. Түүнчлэн Бразил нь дэлхийн

кофены хэрэглээний 40 хүртэлх хувийг буюу жилд гурав орчим сая тонныг үйлдвэрлэдэг аж. Хамгийн өргөн хэрэглэгддэг арабика, робуста төрлийн кофены тариалалт 2017, 2018 онд дараалан 30-40 хувиар буурсныг France24.fr мэдээллийн агентлаг дурджээ. Учир нь гол бэлтгэн, нийлүүлэгч Бразилын эдийн засгийн бүтээмж суларч, мөнгөн тэмдэгтийнх нь ханш унасантай холбоотой гэнэ. Сонирхуулахад, дэлхийн томоохон биржид өнгөрсөн долоо хоногт арабика төрлийн кофе нэг кг нь хоёр еврогийн ханштай байгаа бол өндөр зэрэглэлийн terrazzo нэрийнх 100 еврогоор үнэлэгдэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)