Монголд жилд 93 тонн мөнгөн ус “үйлдвэрлэдэг”

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хоёр өрхийн түлж буй нүүрснээс, 19 дүгээр хорооллын орон сууц орчимд тунарсан утаанаас мөнгөн ус хэр ялгарч буйг БОАЖЯ-наас япон багаж ашиглан судалж байна. Судалгааны үр дүнг ирэх сард танилцуулна. “Бидний өдөр тутам хэрэглэдэг нүүрс, хуруу болон товчин зай, өдрийн гэрэл, цайруулагч крем зэрэг ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнээс жилд 93 тонн мөнгөн ус ялгардаг” хэмээн “Мөнгөн усны суурь үнэлгээ” төслийн зохицуулагч, эрдэмтэн Б.Пүрэвдорж онцоллоо. Салбарын яамны судалгаа, мэргэжлийн эрдэмтдийн хэлж буйгаар бол бид мөнгөн усаар амьсгалж, алхам тутамдаа хордож буй бололтой. Гэхдээ эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Уг нь 2007 онд Засгийн газраас мөнгөн ус хэрэглэхийг хориглосон. Гагцхүү улсын эрх ашигт нийцсэн, шинжилгээ судалгааны ажилд л тодорхой хэм хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрсөн. Харамсалтай нь, мөнгөн усны далд хэрэглээ өсөж, уул уурхайгаас хальж, ахуйн хүрээнд шилжээд уджээ.

Бичил уурхай эрхлэгчид одоогоор 200 кг мөнгөн ус ашиглаж байгааг БОАЖЯ-наас мэдээлэв. Энэ бол зөвхөн мэдэгдэж буй ил тоо. Цаана нь далд хэлбэрээр хэчнээн кг мөнгөн ус ашиглаж байгааг таах аргагүй. Хуулиар хориглосон ч хэрэглээ хумигдахгүй байгаа тул БОАЖЯ-наас Мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулж, ирэх тавдугаар сард Засгийн газарт өргөн барихаар болжээ.

Сэлэнгийн Түнхэл, Баруунхараа, Мандал сум, Төв аймгийн Жаргалант, Борнуурын иргэд эрсдэл дунд амьдарч буйг доктор, профессор С.Өнөрсайхан хэллээ. Учир нь тухайн газруудад мөнгөн усгүй технологи нэвтрүүлээгүй. Гар аргаар алт олборлогчид байнга мөнгөн ус ашигладаг байна. Алтыг мөнгөн усаар угаахад гарц их, хаягдал багатай байдгаас болж, тэд эрүүл мэндээ золиослон байж уг хорыг ашигласаар буй юм. Тиймээс дээрх газруудад Дархан-Уул аймгийн Хонгорын сумын иргэдэд тохиолдсон шиг гашуун түүх давтагдахгүй гэх баталгаа алга.

...Сэлэнгийн Түнхэл, Баруунхараа, Мандал сум, Төв аймгийн Жаргалант, Борнуурын иргэд эрсдэл дунд амьдарч буйг доктор, профессор С.Өнөрсайхан хэллээ. Учир нь тухайн газруудад мөнгөн усгүй технологи нэвтрүүлээгүй. Гар аргаар алт олборлогчид байнга мөнгөн ус ашигладаг байна. Алтыг мөнгөн усаар угаахад гарц их, хаягдал багатай байдгаас болж, тэд эрүүл мэндээ золиослон байж уг хорыг ашигласаар буй юм...

Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн Бороо голын ёроолын хөрсөнд алтны үйлдвэрээс асгарсан 2-3 тонн мөнгөн ус бий аж. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-20 дахин өндөр үзүүлэлт юм байна. БНСУ-ын эрдэмтэд, БОАЖЯ-ны хамтарсан баг, “МоМо” олон улсын байгууллагынхан тус газарт удаа дараа очиж, мөнгөн ус их байгааг тогтоожээ. Азаар тухайн газарт 10-15 жил амьдарсан хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад сөрөг нөлөө илрээгүй гэх. Гэхдээ хөрс, голын ус, загас, бичил амьтанд нөлөөлсөн байжээ. Бороо голоос ус уудаггүй, загас барьж иддэггүй нь иргэдийн зол болжээ. Гэхдээ ирээдүйд тэднийг Японы Минаматагийн тавилан хүлээж буйг үгүйсгэх аргагүй хэмээн С.Өнөрсайхан профессор хэлсэн. Минаматагийн өвчин нь байгаль орчны бохирдлоос үүдэлтэй гэдгийг дэлхий нийт мэднэ. 1956 онд тус улсын Күмамото мужийн Минаматад анх илэрсэн тул ийн нэрлэжээ. Аж үйлдвэржилтэд хэрэглэсэн мөнгөн усыг далайд асгаснаас загас хордож, үүнийг хүнсэндээ хэрэглэсэн маш олон хүн өвчнөөр амиа алдсан гэдэг. Тухайн үед хордсон хүмүүсийг эмчлэх тусгай эмнэлэг байгуулжээ. Одоо ч тус эмнэлэгт хүмүүс ирсээр байгаа гэнэ. Уг өвчин удамшдаг бөгөөд урагт нөлөөлж, хэдийн гинжин холбоо үүсгэжээ. Мөнгөн ус төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөн саармагжих, харах хүрээ хумигдах, сонсгол муудах, тэнцвэрээ алдах, хэл ярианы чадвараа алдах, хөл гар салганах зэргээр илэрдэг юм байна. Манай улсын иргэдэд ч эдгээр шинж тэмдэг илэрч эхэлжээ. Бүр тодруулбал, Сэлэнгийн Түнхэл, Баруунхараа, Мандал сум, Төв аймгийн Жаргалант, Борнуурт алт олборлодог зарим иргэн салганах, ухаан балартах, мартаж санах эмгэгтэй болжээ. Төв мэдрэлийн систем гэмтээдэг, бөөр өвчлүүлдэг, ураг гэмтээдэг гээд хор нь хэдэн үеэр дамжин илрэх эл өвчинд уул уурхайтай “нөхөрлөдөг” хүмүүс хийгээд утаа ихтэй гэр хорооллын хүүхдүүд өртөх магадлалтайг албаны хүн онцолсон нь сэтгэл эмзэглүүлсэн. “Хамгийн хөнгөнөөр илэрлээ гэхэд ойлгох чадвар удаан, сурлага муутай болох болов уу” хэмээн нэмж хэлсэн юм.

Мөнгөн усыг хориглосон учраас нууц хэлбэрт орсон гэдгийг дурдсан. Тиймээс иргэд гэртээ мөнгөн усыг ашиглаж алтаа угаах зөрчил цөөнгүй байгааг албаныхан тэмдэглэсэн. Жишээ нь, иргэн гэртээ зуухныхаа амыг нээн, мөнгөн ус халбаганд хийн хайлуудаг юм байна. Энэ үед зуухан дээр нь тогоотой хоол буцалж, хүүхдүүд дэргэдүүр гүйлдэх нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл мөнгөн ус дам тамхидалттай адил агаарт ууршиж, тухайн орчинд байгаа бүх хүнийг хордуулах чадалтай. Ийм дүр төрхийг бичил уурхай эрхэлдэг аль ч айл өрхөөс харж болох гэнэ. Хувцсанд наалдсан мөнгөн ус дулаан газарт ормогц ууршиж хүний тархийг гэмтээдэг аж. Хүний биед шингэсэн мөнгөн ус шээс, хөлсөөр дамжин 50 хоногт гарах учиртай. Хамгийн гол нь мөнгөн уснаас хол, өөр орчинд байвал шүү дээ. ДЭМБ-ынхан мөнгөн ус олон жил ашигласан бичил уурхай эрхлэгчдийг давтан шинжилгээнд хамруулахад биед нь мөнгөн ус байсан гэнэ. Сар байтугай долоо, найман сарын дараа давтан шинжилгээ хийхэд ч мөнгөн ус тэдний цусанд дахин дахин илэрч байжээ. Тэр ч бүү хэл олон улсын эрдэмтэд хамтран судалгаа хийж, дөнгөж амаржсан эхийн ихсийг шинжлэхэд мөнгөн ус илэрсэн байдаг. Давтан хэлэхэд мөнгөн устай орчинд удаан байвал хүний төв мэдрэлийн системийг дахин хэзээ ч сэргэхээргүй болтол нь гэмтээдгийг эрдэмтэд хэдийн нотолсон. Мөнгөн ус хүрээлэн буй орчныг бохирдуулахаас гадна хүний удмын санд сөрөг нөлөөтэй аж.

Тиймээс манай улс жилийн өмнө Минаматагийн конвенцод элсэн орсон байна. Конвецод элссэн учраас дүрмийн дагуу мөнгөн усны ялгарлыг багасгах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, цаашид юунд анхаарахаа судалж эхэлжээ.

Түүнчлэн манайхан мөнгөн ус шархыг хурдан эдгээдэг хэмээн дур мэдэн хэрэглэж, өөрийгөө эмчлэх тохиолдол олонтоо гардаг аж. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн иргэн Б гараа хаалганд хавчуулж гэмтээгээд мөнгөн усаар эмчлэх гэж оролдохдоо өөрийнхөө төдийгүй дэргэдээ байсан хүү, ээж, жирэмсэн эхнэрээ хордуулсан гашуун түүх бий гэнэ.

Олон улсын тэр дундаа япон, солонгос хүнтэй харьцуулахад монголчуудын биед агуулагдах мөнгөн усны суурь хэмжээ маш бага гэнэ. Тиймээс монгол хүний биед маш бага хэмжээтэй мөнгөн ус ороход хорддог. Шинжилгээгээр ч монгол хүний биед мөнгөн ус зохицохгүй нь нотлогджээ. Харин филиппин, япон, солонгосчууд багаасаа далайн гаралтай хүнс хэрэглэж, загас ихээриддэг тул мөнгөн усанд тийм ч амар хордохгүй, дархлаажсан аж. Япон иргэний үснээс мөнгөн усны шинжилгээ авахад агууламж их гарсан ч эрүүл мэнд нь хэвийн байх жишээтэй. Харин монгол хүнээс мөнгөн усны ялгарал бага гарсан ч хордох магадлал өндөр гэж дүгнэжээ. Тиймээс ДЭМБ-ынхан монгол хүнийг судалж, мөнгөн усны суурь хэмжээг нь шинээр тогтоохоор болжээ.

Мөнгөн ус нүүрсэнд, өдрийн гэрэлд, халууны шилэнд агуулагдаж буйг дээр дурдсан. Тэгвэл НЭМҮТ-өөс дараах зөвлөмжийг өгч байна. Өдрийн гэрэл цахилгаан хэмнэдэг ч хагарвал эрсдэл ихтэй. Тиймээс шил хагарвал хамж хаях бус, онцгой байдлынхныг дуудах ёстой гэнэ. Үгүй бол БОАЖЯ-ны мэргэжилтэнд утсаар хандаж, хэрхэн аюулгүй болгох талаар зөвлөмж авах хэрэгтэй аж. Бас нэг гэм нь манайхан мөнгөн ус асгарахад тоос сорогчоор соруулж цэвэрлэдэг юм байна. Энэ хамгийн буруу. Тоос сорогчийг ажиллуулахад халж, мөнгөн ус агаарт уурших аюултай. Аюултай хог хаягдлын цэггүй, үүнийг хоргүйжүүлэх, технологи нэвтрүүлээгүй Монголд мэргэжлийн байгууллага дуудахаас өөр аргагүй гэнэ. Гэртээ даралтаа хэмждэг хөгшчүүдийг анхааралтай байхыг бас сануулсан. Хуучны даралтын аппаратад мөнгөн ус ихээр агуулагддаг юм байна. Түүнчлэн шүдээ ломбодуулахдаа ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг нь эмчээсээ лавлаарай гэсэн юм. Учир нь “Мөнгөн усны суурь үнэлгээ”-гээр зарим шүдний эмнэлэг мөнгөн ус агуулсан ломбо хэрэглэсээр байгаа нь илэрчээ. Уг нь 2015 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар мөнгөн устай ломбо хэрэглэхийг хориглосон. Амны хөндийд олон сар жилээр мөнгөн ус агуулагдаж, тэр хэрээрээ эрсдэл дагуулдаг учраас хориглосон. Мэргэжилтнүүд үнэ хямд, овор хэмжээ багатай ломбыг гар цүнхэнд хийгээд аль ч улсаас оруулж ирэх боломжтой хэмээн хардаж байна. Мөнгөн усны хэрэглээг хянах, урьдчилан сэргийлэх нь мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажил. Гэвч цагдаагийнхан мөнгөн устай гар хоосон тэмцдэг. Гар хоосон гэдэг нь мөнгөн усыг илрүүлэх, агаарт дэгдсэнийг хэмжих багаж тэдэнд байдаггүй. Эзлэхүүн багатай, жин ихтэй мөнгөн усыг эмийн жижиг сав, хуруу шилэнд хийгээд ч хаана ч нууж болдог юм байна. Мэргэжлийн хяналтынханд мөнгөн ус илрүүлэх багаж бий. Гэхдээ тэд Төрийн хяналтын тухай хуульд зааснаар иргэн гомдол гаргаагүй л бол тэр бүр хянадаггүй аж. Иймээс мөнгөн ус хэмээх далд дайсантайгаа тэмцэхэд хууль бас эдийн засгийн чадамжгүй байдал нөлөөлж байна. Түүнчлэн аль ч салбарын мэргэжилтнүүд хог хаягдлын менежментээ сайжруулахгүй бол мөнгөн усны аюул хот, хөдөөгүй заналхийлж буйг тодотгож, санаа зовоож буйгаа илэрхийлсэн юм. Хэдийгээр БОАЖЯ-наас мөнгөн усыг хориглосон ч түүнд тавих хяналт сул байгаа нь нууц биш. Тиймээс мөнгөн усны аюул газар авч эмч мэргэжилтнүүд битгий хэл ДЭМБ-ынхны санааг чилээж буй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)