Монголд бяслаг үйлдвэрлэл дэлхийн стандартад дөхөж байна гэв

Монголын бяслаг урлаачдын анхдугаар наадмыг “Силкроуд мэжик” компанийнхан Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Үүнд бяслаг үйлдвэрлэдэг 10 гаруй компани, аж ахуйн нэгж оролцож, моцарелла, рикотта зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулав. Эдгээрийн нэг килограмм нь 25-30 мянган төгрөгийн үнэтэй аж. “Сүүн билэгдэл” компанийн захирал С.Цэцгээ “Хонгор тилзит”, “Гриере”, “Хонгор чеддар” нэрийн бяслагаар оролцож байна. Бүтээгдэхүүнээ нэг сараас хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Бид Швейцар, Англи, Нидерланд, Герман, Францын технологиор Монголын нөхцөлд сарлагийн сүүг боловсруулан, бяслаг үйлдвэрлэж байна. Одоогоор Баянхонгор аймаг 70 000 орчим сарлагтай. Жилд нэг тонн бяслаг үйлдвэрлэх хүчин чадалтай” гэж ярилаа.

Далайн түвшнээс 3000 метр өндөрт, 500 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг Алтайн өндөр уулд бэлчдэг сарлагийн сүүг герман технологиор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын үйлдвэрлэгчид боловсруулжээ. 31 айл хамтран “Сүү хоршоо” байгуулан бяслаг хийдэг аж. 16 сар хадгалсан учир нэг кг-ыг нь 55 000 төгрөгөөр үнэлжээ. Бяслагийг удаан хадгалах тусам амт нь сайжирч, үнэ нь өсдөг аж. Уг бүтээгдэхүүн нь омега тосон хүчлийн агууламж ихтэй учир чихрийн шижинтэй, судасны нарийсалтай, ясны сийрэгжилттэй хүнд сайн бөгөөд хавдрын эсийг бууруулах ач холбогдолтой гэнэ. “Силкроуд мэжик” компанийн захирал Я.Энхээ “Бяслаг урлаж, үйлдвэрлэдэг, хэрэглэдэг хүмүүсийг хооронд нь уулзуулах зорилгоор ийм арга хэмжээ зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Сайхан, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга, Эрдэнэ, Хэнтийн Мөрөн, Баян-Өлгийн Цэнгэл зэрэг сумаас үйлдвэрлэгчид ирж оролцлоо. Монголд анх удаа хоёр жил “бойжуулсан” “Гриере” бяслаг үйлдвэрлэсэн нь бид дэлхийн стандартад дөхөж буйг харуулав” хэмээв. Энэ үеэр гэртээ хэрхэн моцарелла хийх зэргийг сонирхогчдод заасан юм.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)