Монголд амраад буцаж буй орон гэргүй болсон орос хүүхдүүд "Монголчууддаа баярлалаа" тоглолт хийжээ

ОХУ-ын Эрхүү мужийн үерт өртсөн айл өрхүүдээс 100 хүүхдийг Монгол улсад ирүүлэн, долдугаар сарын 15–25-нд Найрамдал цогцолбор болон Эрдэнэт хотын "Найрамдлын Эрдэнэс" зуслангуудад амраасан юм. Харин “Найрамдлын эрдэнэс” зусланд амарсан хүүхдүүд буцахдаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон тусламж дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс, ах эгч нартаа баярласнаа илэрхийллээ.

Тэд зусланд амрах хугацаандаа монгол дуу бүжиг сурч түүгээрээ “Монголчууддаа баярлалаа” талархлын концерт тоглож үзүүлэв. Орос хүүхдүүд Монгол, Буриад үндэсний хувцастай ёохор бүжиг хатирч, “Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш” хэмээн бүгдээрээ дуулж бүжиглэсэн нь тэнд очсон хэн бүхний сэтгэлийг баясгасан юм. Мөн тэд зуслангийн дурсамжтай, зугаатай өдрүүдийн сэтгэгдлээ хуваалцаж, амт чанартай хоол, ая тухтай байр орчин, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн зуслангийн ажилтан ах эгч, багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. “Найрамдлын эрдэнэс”-т өнгөрүүлсэн энэ өдрүүд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болон үлдэнэ гэсэн юм.

Орос хүүхдүүдийн талархлын концертыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үзээд хэлсэн үгэндээ “Оросын ард түмэн, удирдагчид Монголчууд бидэнд үргэлж үнэн сэтгэлээр тусалж ирсэн. Өөр цаг үед өөр өөрөөр тусалж дэмжиж явсныг бид мэднэ. Хорьдугаар зууны агуу бүтээн байгуулалт Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бол манай хоёр орны ард түмний найрамдлын үр шимээр маш богино хугацаанд чанартай, амжилттай боссон юм.Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон ч 300 гаруй Орос мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Энэ бол бидний найрамдлын илэрхийлэл, ах дүүгийн сайн харилцааны үргэлжлэл юм” хэмээн хоёр орны түүхэн уламжлалт харилцааны үнэ цэнийг онцлов.

Мөн талархлын тоглолтын хүндэт үзэгчид нь Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд байлаа. Тус зөвлөлийнхөн талархлын концертын дараа байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн аян өрнүүлснээ танилцуулж, Эрдэнэт хотынхоо бүсгүйчүүдийн илгээсэн сэтгэлийн бэлгийг Орос хүүхдүүдэд гардуулж өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)