Молекул биологийн лабораторитой боллоо

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг болон Молекул биологийн лаборатори, Цахилгаан шаттай болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ шинэ шатанд гаргалаа.

“Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь 56 жилийн түүхтэй ч анх удаа бие даасан тасаг болж, нарийн мэргэжлийн дөрвөн эмч, зургаан сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн молекул биологийн лабораторийг Монгол Улсын хэмжээнд хөдөө орон нутгаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг анх удаа үйлчилгээндээ нэвтрүүллээ. Цаашлаад үйлчлүүлэгчид, өвчтөнүүддээ хөнгөн шуурхай, аюулгүй үйлчилгээг үзүүлэх цахилгаан шаттай боллоо. Энэ бол манай эмнэлгийн түүхэнд бичигдэх онцлог үйл явдал юм. Эрүүл мэндийн салбарын ажил, ачааллыг мэдэрч, биднийг байнга дэмжиж байдаг аймгийн удирдлага болоод энэ их ажлын ард гарахад хүчин зүтгэсэн бүх хүнд баярлалаа” хэмээн Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийх ажлууд ийнхүү эхнээсээ биеллээ олж байна. Цаашид эрүүл мэндийн салбарт үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж, Аймгийн нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох тал дээр анхаарч ажиллахаа аймгийн засаг дарга З.Энхтөр хэллээ. Тэрээр цааш  хэлэхдээ “Сүхбаатарчууд бидний хувьд баяртай үйл явдал болж байна. Олон жил яригдсан эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг байгуулах, цахилгаан шаттай болох төлөвлөгөө ажил хэрэг болж, аймаг орон нутгийн иргэддээ үйлчлэхэд бэлэн боллоо. Ирэх 2018 онд бид аймагтаа дурангийн мэс заслын тасаг байгуулж, тэндээ бүх төрлийн хагалгааг өөрсдөө хийдэг болно. Цаашлаад Эрдэнэцагаан суманд нэвтрүүлээд байгаа эмнэлгийн мобайл технологийг бусад суманд нэвтрүүлэх, уламжлалт эмнэлэг ашиглалтад оруулах, жирэмсэн эх төрөхийн өмнө болон төрсний дараа амрах 40 ортой эмнэлэг барих зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна” гэсэн юм. 

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг, цахилгаан шат, молекул биологийн лабораторийг байгуулах төслийг "Цайрт минерал" ХХК-с 100 хувь санхүүжүүлжээ. Тус компанийн ерөнхий захирал С.Батхүү “Бид Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхайн компанийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд онцгой анхаарч, үйл ажиллагаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэнд, боловсрол, спорт, орон нутгийн бүтээн байгуулалтад чиглэсэн олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж ирлээ. Энэ удаа аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу эрүүл мэндийн салбарт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Хэдхэн сарын өмнө бид ийм зүйл хийнэ гээд гэрээнд гарын үсэг зурж байсан бол өнөөдөр цаасан дээрх төлөвлөгөө маань бодитоор хэрэгжиж байгаад баяртай байна. Манай уурхайчдын хөдөлмөр, сэтгэл шингэн бий болсон баялаг  нийт Сүхбаатарчуудын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Цаашид нийгэм орон нутагт дэмжлэг болх олон бүтээн байгуулалтад гар сэтгэл нэгдэн оролцох болно” хэмээн нээлтийн үеэр хэлсэн юм. 

“Цайрт минерал” ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дээр 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа улсын болон орон нутгийн төсөвт нийт 300.6 тэрбум төгрөгийн татвар төлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас ТОП-5 татвар төлөгчөөр тогтмол шалгарч байгаа компани юм. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн санд жил бүр 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ирсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)