Мод “булшлах” ажиллагааг эрчимжүүлэв

Монголчууд аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдэг муу зуршилтай. Давчуу хугацаанд яаруу сандруу хийсэн зүйл яавч бүтэлтэй болохгүй нь ойлгомжтой. Яг одоо нийслэл хотод маань ийм ажил хаа сайгүй үргэлжилж, дарга, удирдлагаасаа тушаал авсан “ногоон хантаазтан”-ууд өглөө, үдшийг умартан ажиллаж байна. Хотын иргэн бүрт таван ам метр ногоон байгууламж эзэмшүүлэх, 122 га талбайг “ногооруулж”, 13 байршилд төгөл байгуулах том зорилт тэдэнд бий учир өвлийн хүйтнээс урьтах гэсэндээ ийнхүү ажиллаж буй хэрэг.

Нийслэлийн нэг хүнд ногдож буй 3.16 ам метр ногоон байгууламжийн хэмжээг 2020 онд тав болгож, сул шороо ихтэй 157 байршлын 80 хувийг нь зүлэгжүүлж, төгөлжүүлэх зорилтыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан учир цэцэрлэгчид үүнийг биелүүлэхээр чармайн ажиллаж байгаа нь тэр гэнэ. Гэвч мордохын хазгай эхэлсэн энэ ажлын үр дүнд хотын төгөл, ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэх бус, арчилгаа, тордолгоо нэхсэн, үхмэл мод, бут улам олшрох нөхцөл харагдаж байна.

Хотын гудамж, талбайд уулаас мод авчирч суулгахыг жирийн иргэдээс авхуулаад мэргэжлийн судлаач, дендрологичид хүртэл эсэргүүцдэг. Энэ хандлага, “уур амьсгалыг” мэдэрсэн нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан өнгөрсөн хавар “Хотод ургуулах нэрийдлээр уулын мод булгалж, булшилдгаа одоо зогсоо. Тэр зардлаараа зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажил хий. Ажилдаа эзэн болж чадахгүй албан тушаалтнууд халагдах өргөдлөө өгөөд эртхэн чөлөөлөгд” хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон орлогч дарга нараа зэмлэсэн удаатай. Хотыг “ногооруулах”, өнгө нэмэх нэрийн доор хийдэг ажил ямар урагшгүй, үр дүнгүйг нийслэлийн удирдлага нь хүртэл ийнхүү хүлээн зөвшөөрсөн юм даг. Тийм болоод ч тэр үү, өнгөрсөн хавар, зун нийслэлд цэцэрлэгжүүлэлтийн ажил бараг хийгээгүй гэхэд болно. Цөөн хэдэн газарт торхтой гоёлын мод байршуулсан нь одоо тамхины цэг болчихоод буй. Харин одоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан уулаас зуу, зуун мод авчирч “булшилж”, энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр бахтай гэгч нь мэдээлэх болов. Төрийн “далбаан” доор, төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлдэг ажлууд ямархан зөрчилтэй, бодлогын уялдаагүйн тод жишээ энэ гэлтэй.

Захирагчийн ажлын албаныхан “Намрын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг хэсэг хүртэлх замын голоор том оврын 1027 ширхэг шилмүүст мод тарих ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 273-ыг суулгасан. Мод бүрийг бордоотой шинэ хөрсөнд суулгаж, тулгуур хийж байгаа. Манай алба 2016-2019 онд нийслэлийн 56 байршилд 9045 нарс, 2055 ширхэг гацуур шилжүүлэн суулгаж, тогтмол усалж, арчилсны дүнд ургалт нь 98 хувьд хүрсэн. Ургаж чадаагүй хоёр хувь нь арчилгаа, технологи алдагдсан гэхээсээ илүү согтуу жолооч нарын буруутай үйлдлээс болж хугарч, гэмтсэн” хэмээн мэдээлж, эцсээ хүртэл “арьсаа хамгаалж” буй ч мэргэжлийн хүмүүс тэдний эсрэг зогссоор байна.

Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын стандартаас 6-8 дахин бага. Хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдэлтэй олон асуудлаас урьдчилан сэргийлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, мод, бут тарих шаардлага тулгамдсан нь гарцаагүй. Гэхдээ арчилгаа, тордлогоог одоогийнхоос хэд дахин сайжруулж, цэцэрлэгчдийн тоог нэмээгүй цагт, ялангуяа үржүүлгийн газраас бус, ойгоос, уулаас мод авчирч суулгасаар байвал Улаанбаатар хэзээд “оршуулгын газар” хэвээр үлдэх тул учир мэдэх хүмүүс ийнхүү эсэргүүцэж буй юм. Тэгээд бүр өвөл хаяанд ирсэн үед 50, 100 ч биш, 1000 мод “идээшүүлэх”-ээр уулгалан дайрч байгаа нь олон хүнээс шүүмжлэл хүлээх шалтгаан болов.

Дэлхийн улс орнууд нарсыг зориулалтын газарт үржүүлж, дараа нь бойжуулах талбайд суулгаад, тэндээсээ нийтийн эзэмшлийн хэсэгт шилжүүлдэг бөгөөд цөөн тохиолдолд уулаас авчирч, нутагшуулдаг. Ийм арга технологиор суулгасан модны ургалт нь 15-20 хувьд дөнгөн данган хүрдэг гэнэ лээ. Гэтэл манайхан уулаас хотын гудамжинд шууд шилжүүлсэн моддын 98 хувь нь ургасан гэж дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл юм. Тэгээд ч модыг гаднаас нь хараад ургалтыг нь үнэлдэг тийм боловсронгуй технологи, аргачлал Монголд бий юү гэдэг бодолцох ёстой асуудал билээ.

Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны гишүүн Т.Уламбаяр “Монголчууд энэ ажлыг стандарт, горимын дагуу хийж сураагүй үедээ хот тохижуулах нэрийдлээр олон мянган мод үхүүлж, сая саяар мөнгө хийсгэсээр байх болно. Энхтайваны өргөн чөлөө болон өөр хэдэн газарт 1000 гаруй нарс суулгаад, тэр нь 2-3 жил болоод үхсэн. Мэргэжлийн байгууллагынхан ургах боломжгүй гэж дүгнээд, заримыг нь зайлуулж, тухайн газрыг чөлөөлсөн шүү дээ. Түүх давтагдах вий” хэмээн ярьсан юм.

Германд ажиллаж, амьдардаг нэгэн бүсгүй Улаанбаатарын гудамж, талбайд мод шилжүүлэн суулгаж буй ажиллагааны талаар олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр “Модод хоорондоо үндсээрээ холбогддог учраас харилцан биенээ тэжээж, нөхөж амьдардаг. Ганц мод гал, ганц хүн айл болохгүй гэдэгтэй яг ижил. Ойн мод олуулаа тусмаа амьд, эрүүл, тэсвэртэй байдаг. Хөршүүдийг нь булгалаад, ухаад авчихаар тэр хавийнх нь бусад модны ургалт доголддог. Одоо хот руу зөөж буй моднуудын үндсийг таслан богиносгож, ухаж авчирдаг учраас хэвийн ургах боломжгүй. Ялангуяа шилмүүcт мод ургах газраа их голдог. Бохир хөрсөнд ер идээшихгүй. Хүйтэн, сүүдэртэй, байнгын чийг, устай (бүр газрын гүндээ цэвдэгтэй) газарт л ургадаг. Тиймээс энэ төрлийн мод ихэвчлэн уулын ар талд, ойн гүнд байдаг юм. Хотод ургах боломжтой, тохиромжтой модод бол ганцаараа амьдрах чадвартай болгож “хүмүүжүүлсэн” үржүүлгийн газрын таримлууд” гэжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан ДБЭТ-ын урд байсан дөрвөн гацуурыг хэд хоногийн өмнө тайрсан. Олон нийт энэ үйлдлийг нь шүүмжлэхэд “Өмхөрч муудан, хугарах эрсдэлтэй болсон гацууруудыг тайрахаас өөр арга байсангүй. Түүний оронд өндөр, өтгөн шилмүүстэй нарс суулгасан” хэмээн мэдэгдээд, энэхүү ажлыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой зохион байгуулснаа учирласан. Уржигдар тус газарт очиход, ойр хавийнхаа моддоос биеэр жижиг, хэдэн талдаа түшиц (тулгуур мод)-тэй дөрвөн нарс угтав. ДБЭТ-ын ажилтнаас тус мод үнэхээр тайрахаас аргагүй болтлоо үхэжсэн байсан, эсэхийг лавлахад “Мэдэхгүй” гэв. Тэнд суулгасан дөрөв ч, Өлзийтийн уулзварт нутагшуулах 1000 нарс ч нэг л өдөр тэдгээр гацууртай ижил “Ургах боломжгүй” гэсэн шалтгаанаар цавчуулах байх. Харин тэр үед иргэд мэдэхгүй хэвээр үлдэх болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)