Модерн урлагийн төлөөлөгчдийн 20 гаруй бүтээлийг залав

 ХААН банкны захирал гэдгээр монголчууд мэдэх Питер Морроу агсан манай улсын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг мэдэх хүн олон. Тэрбээр орчин үеийн арга барилаар туурвидаг, ялангуяа залуу зураачдыг дэмжиж, бүтээлүүдээр нь ХААН банкны дэргэдэх галерейн сан хөмрөгийг бүрдүүлсэн билээ. Хувийнх нь цуглуулга мөн шилдэг бүтээлүүдтэй бөгөөд тэдгээрээс нь дээжилсэн “Миний Монгол” үзэсгэлэнг “Хаан” галерейд гаргажээ. Монголын модерн урлагийн нэрт төлөөлөгчдийн 20 гаруй уран зураг дунд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Бумандоржийн “Гэр хороолол”, нэгэн үе хоёр зураач хамтран бүтээсэн, үгүй хэмээн дүрслэх урлаг сонирхогчдын дунд дуулиан болсон “Ooгийгийн хөрөг”, ихэр ах дүүс Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын бүтээл үүд бий. “Миний Монгол” үзэсгэлэнд залсан бүтээл бүр сонирхолтой, түүхтэй. Энэ сарын 23 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд морилон саатаарай. Ташрамд дурдахад, Питер Морроу агсан Монгол оронд дурласан нэгэн байлаа. Тиймдээ ч тэрбээр амьдралынхаа алтан үеийг үдсэн улсынхаа тухай “Миний Монгол” хэмээх ном бичсэнийг нь 2017 онд англи хэлээр хэвлэн олны хүртээл болгосон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)