М.КАРЛСЕНЫ ХААНЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

 Энэтхэгийн Ченнай хотноо хагас сарын турш үргэлжилсэн шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолт Норвегийн залуу их мастер Магнус Карлсены ялалтаар өндөрлөлөө. Тэрбээр цолоо хамгаалан тоглосон дэлхийн таван удаагийн Вишиванатан Анандыг нутгийнх нь дэвжээн дээр 6.5:3.5-аар илүүрхэн хожсоноор шатрын түүхэн дэх 16 дахь дэлхийн аварга болов.

Хэдийгээр Карлсен халз тоглолтыг илт давамгайлж явсан ч пүрэв гаригт болсон ес дэх тавил бүхнийг шийдсэн гэхэд болно. Цагаанаар тоглосон Ананд бэрсний өмнөх хүүгээ хоёр түлхэж, хурц довтолгоо бүхий гарааг сонгосон нь хөгжөөн дэмжигчдийг нь алга ташин хүлээж авахад хүргэсэн. Гэвч орон зайн давуу, санаачилгатай энэ өрөг дээр Ананд өрсөлдөгчийнхөө буланд шахагдсан ноёныг мадлах гэж хэт улайрч байгаад харын цөмөрч орж ирсэн хүүг нь бэрс гаргаснаар төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн юм. Хэрвээ тэр 28 дахь нүүдэл дээр тэмээгээрээ f1 гэж хаасан бол бас ч гэж боломж байсан юм.

Энэтхэгийн их мастер тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр "Би харамсахгүй байна. Магадгүй зарим хүмүүс ингэж тоглох хэрэг байсан юм уу гэж шүүмжлэх байх. Харин надад хурц нүүдлүүд хийж, ямар ч байсан оролдоод үзэх ёстой байсан" гэжээ. Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров "Ананд Карлсены эсрэг бэрстэй тоглох нь ашигтай гэдгийг олж мэдэж. Гэхдээ хөлөг дээр гурван бэрс зэрэг тоглоно гэдэг арай дэндсэн хэрэг. Хөгжилтэй юм, Карлсен өөрийнхөө бэрсийг d8 дээрээс огт хөдөлгөлгүй байсаар хожчихлоо шүү дээ" гэж Twitter-т жиргэсэн бол Английн их мастер Найжел Шорт "Нэгэн эрин өндөрлөлөө" хэмээжээ. Харин олимпийн хошой аварга биатлонч Эмиль Хегле Свенсен “Норвегийн шилдэг тамирчнаар жил болгон өвлийн спортынхон тодордог. Тэгвэл анх удаагаа оны шилдгээр шатарчин тодрох нь” гэсэн байна.

Ийнхүү Ананд сүүлийн гурван өрөгт (үүний хоёрт нь хараар тоглох байв) дараалан хожиж, халз тоглолыг тэнцүүлэн, улмаар нэмэлт түргэн тоглолтод хүрэх биелэгдэшгүй даалгавартай хоцров. Харин мэргэжилтнүүд төдийгүй жирийн нэг шатар сонирхогчид хүртэл “Тийм явдал болохгүй, Каспаровын хэлснээр арав дахь тавилдаа тэнцээд л Карлсен түрүүлнэ” гэх зэргээр өөрсдийн санал бодлоо илэрхийлцгээж байв. Гэхдээ арав дахь тулаан олонхийн таамаглаж байсанчлан хэдхэн нүүгээд тэнцсэнгүй. Ердөө хагас оноо хэрэгтэй Карлсен ч, хожигдолтойгоо эвлэрсэн Ананд ч эвийн гэрээ байгуулах гэж тэмүүлсэнгүй, нэлээд хурц өрөг тоглолоо. 21 дэх нүүдэлд Карлсенд байрлалаа давтаж нүүгээд тэнцэх боломж гарч ирсэн ч үүнээс татгалзах нь тэр. Улмаар төгсгөлд алддаг хуучтай болоод буй Ананд алдаатай нүүдэл хийснээр Магнуст боломж гарч ирсэн. Гэхдээ Норвегийн их мастер өөрөө ноён, гурван хүүтэй, өрсөлдөгч нь ноён, морьтой төгсгөлд Вишиг өрөвдсөн аятай тэнцэх хувилбарыг нь сонгосон юм. Олон сая дэмжигчдийнхээ нүдний өмнө аваргын титмээ алдсан Ананд "Цувралд өрсөлдөгч маань илт илүүрхлээ. Урт үргэлжилсэн өрөгт алдаа гаргахгүй нүүвэл надад боломж гарна гэдгийг мэдэж байсан болохоор тэр тал дээр их бэлдсэн. Гэвч гараа, дунд үед гайгүй байснаа төгсгөл дээр л алдчихаад байлаа. Тавдугаар өрөгт яг ингэж алдаад үүний дараанаас бүр муудсаар байлаа. Үнэндээ өөрийнхөө тоглолтод сэтгэл гонсгор байна. Магнуст баяр хүргээд, намайг дэмжиж байсан бүх хүмүүсээс уучлалт хүсье" гэж өгүүлжээ.

Үүний дараа Карлсен сэтгэгдлээ хуваалцахдаа "Лондонд ч, энд ч надад маш хэцүү байлаа. Дэлхийн аварга болохын тулд ихээхэн хөлс хөдөлмөр зарцууллаа. Виши бол агуу аваргуудын нэг. Түүнтэй тэмцэлдэн дэлхийн аварга болсондоо баяртай байна. Анандыг ирэх жил өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд оролцоно гэж найдаж байна. Миний бодлоор гурав, дөрөвдүгээр өрөг чухал үүрэг гүйцэтгэлээ. Гурав дахь тавилд би багагүй сандарсан ч Ананд надаас дутахгүй сандарч буйг мэдэрсэн. Харин дөрөвдүгээр өргийн дараагаас бүрэн тайвширч, тэмцэлд бэлэн болсон. Тэгээд л өөрийнхөө чаддаг тэр шатрыг тоглож эхэлсэн. Миний хувьд дунд үе, төгсгөлд өөрийгөө муугүй гэж боддог тул гарааны бэлтгэл ихэвчлэн хийсэн. Намайг халуун дулаанаар хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Тэмцээн ийм байдлаар өндөрлөсөнд уучлаарай" гэж энэтхэгчүүдээс уучлалт хүссэнээр үгээ өндөрлөлөө.

Ийнхүү долоохон хоногийн дараа 23 нас хүрэх Карлсен төрсөн өдөртөө дэлхийн аварга цолоор бэлэг барилаа. Тэрбээр 22 нас 357 хоногтойдоо аваргалснаар хамгийн залуудаа дэлхийн аварга болсон жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болов. Алдарт Каспаров 1985 онд Карповыг халз тоглолтод ялж, 22 нас 211 хоногтойдоо дэлхийн аварга болсон нь дээд амжилтад тооцогддог юм. Харин сод авьяаст Михайл Таль 1960 онд 23 насандаа шатрын хаан титмийг хүртэж байжээ. Түүнчлэн Карлсен рейтингээ 2872 оноонд хүргэж, дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Халз тоглолтод ялсан тэрбээр шагналын сан 2.24 сая “ногоон”-ы 60 хувь болох 1.3 саяыг халаасалжээ. 

ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГУУД

1.Вилгельм Стейниц (Австри-Унгар, АНУ)                            1886-94

2.Эмануэль Ласкер (Герман)                                                 1894-1921

3.Хосе Рауль Капабланка (Куба)                                            1921-27

4.Александр Алёхин (Хаант Орос, Франц)                             1927-35, 1937-46

5.Макс Эйве (Голланд                                                           1935-37

6.Михайл Ботвинник (ЗХУ)                                                    1948-57, 1958-60, 1961-63

7.Василий Смыслов (ЗХУ)                                                    1957-58

8.Михайл Таль (ЗХУ)                                                             1960-61

9.Тигран Петросян (ЗХУ)                                                       1963-69

10.Борис Спасский (ЗХУ)                                                     1969-72

11.Роберт Фишер (АНУ)                                                       1972-75

12.Анатолий Карпов (ЗХУ, ОХУ)                                           1975-85

13.Гарри Каспаров (ЗХУ, ОХУ)                                              1985-93

14.Владимир Крамник (ОХУ)                                                  2006-07

15.Вишиванатан Ананд (Энэтхэг)                                          2007-13

16.Магнус Карлсен (Норвеги)                                                 2013 оноос

Тайлбар: Дэлхий дахин аль 1475 оноос шилдэг шатарчнаа тодруулж ирсэн түүхтэй ч Австри-Унгарын эзэнт гүрний шатарч Вилгельм Стейницийн түрүүлсэн 1886 оны ДАШТ-ийг анхны албан ёсны тэмцээн хэмээн үзэх болжээ. FIDE-тэй таарамж муутай Гарри Каспаров 1993 онд Мэргэжлийн шатрын холбоог байгуулж, 2000 он хүртэл өөрсдийн хувилбараар дэлхийн аваргыг тодруулж байв. Олон улсын шатрын холбоо ч үүнийг зүгээр хараад суусангүй ДАШТ-ээ хэд хэдэн удаа нокаут системээр зохиоход Анатолий Карпов (ОХУ), Александр Халифман (ОХУ), Вишиванатан Ананд (Энэтхэг), Руслан Пономарёв (Украин), Рустам Касымжанов (Узбекистан), Веселин Топалов (Болгар) нар түрүүлсэн түүхтэй. 2006 онд хоёр холбоо нэгдэж, “жинхэнэ дэлхийн аварга”-ыг тодруулах халз тоглолтыг Крамник-Топалов нарын хооронд зохиоход Оросын их мастер ялж, дэлхийн 14 дэх аваргаар тодорсон бөг өөд жилийн дараа тэрбээр титмээ Энээтхэгийн Виши Анандад алджээ.

 

Р.МАНЛАЙ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)