МИН ЖИ ХЮК: Уран бүтээлчид үзэгчдээ хүндэлдэг байх ёстой

“Уран бүтээлч” буландаа загвар өмсөгч, жүжигчин Мин Жи Хюкийг урилаа. Тэрбээр БНСУ-ын Хосео их сургуулийг төгсжээ. Загвар өмсөж урлагт хөл тавьсан тэрбээр өдгөө дэлгэцийн урлагт уран бүтээлээ ид туурвиж байна. 

Телевизийн олон ангит кинонуудаас гадна “Хайрын хичээл”, “Өдрийн тэмдэглэл”, “Өндөрт нис”, “Гүйгч эр”, “Хөлдүү цэцэг”, “Пандора” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосноор нь Монголын үзэгчид түүнийг андахгүй. Түүнийг манай улсад зочлоод байхад нь ярилцсанаа хүргэе.

-Монголд анх удаа зочилж буй гэсэн. Манай улсын талаар хэр мэдэх вэ?

-Монголын тухай баримтат кино болон нэвтрүүлэг үзэж байлаа. Мөн хүмүүсээс сураг сонсож байсан. Гадаадад үзүүлдэг дийлэнх баримтат кино, нэвтрүүлэгт хөдөө тал, монгол ахуйн тухай өгүүлдэг. Яг тийм л төсөөлөлтэй ирсэн дээ. Гэтэл Улаанбаатарт газардахад тэр бодол үгүй болсон.

-Даарч байна уу?

-Анх удаа 35 градусаас дээш хүйтэнд ажиллаж, амьдарч үзлээ. Хэдийгээр даарсан ч Монголын уран бүтээлчдийн ажиллаж буйг хараад тэгж хэлэхээс ичсэн. Яг ижил нөхцөлд бусад хүн ажиллаж болоод байхад надад шалтаг хэлэх эрх байхгүй шүү дээ.

-Монголд бүтээж буй кинонд тоглуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Наашаа ирэх шийдвэр гаргахад юу нөлөөлөв?

-Энэ уран бүтээлийн саналыг аваад нэлээд бодсон. Зургийг нь Монголд авна гэдэг нь их сонирхолтой санагдсан. Өмнө нь очиж байгаагүй улсад, тэр дундаа хүсэж байсан газартаа ажиллах боломжтой байсан учраас зөвшөөрсөн. 

Дээрээс нь БНСУ-ын жүжигчин И Сол Гү ах тус уран бүтээлд зуучилж, зөвлөгөө өгсөн болохоор татгалзах шалтгаан байгаагүй.

-Манай уран бүтээлчидтэй хамтран ажиллах ямар санагдав. Зураг авхуулах явцад хэл нэвтрэлцэхээс эхлээд цөөнгүй бэрхшээл тулгарсан байх.

-Мэдээж хэл нэвтрэлцэхэд бэрхшээлтэй байсан ч даваад гарсан. Найруулагч, бусад уран бүтээлч надаас юу хүсэж, ямар дүр гаргуулахаа маш сайн ойлгуулсан болохоор ажиллахад тийм ч төвөгтэй байсангүй. Кино уран зөгнөлт, адал явдалт төрлийнх учраас найруулагч хэтрүүлэгтэй тоглохыг надаас хүссэн. 

Тэр нь их сонирхолтой байлаа. Би Монголд ирээд сар гаруй болж байна. Миний зураг авхуулах хугацаа хойшлогдож, 10 гаруй хоног хүлээсэн. Хурдхан л зургаа авхуулмаар санагдаад л. Яагаад ч юм өөр орчинд, маш хүнд нөхцөлд зураг авхуулна гэж бодохоор догдолсон. Ажлынхаа амтанд орсон хүний л шинж байх.

-Өмнө нь гадаад найруулагчийн кинонд тоглож байсан уу?

-Хонконг болон Япон, БНХАУ-д телевизийн олон ангит болон бүрэн хэмжээний кинонд тоглож байсан.

-Та загвар өмсөн олны танил болж, улмаар дэлгэцийн урлагт хөл тавьсан юм билээ. Анх ямар кинонд тоглож байв?

-2002 онд “Эх орны далбаа” кинонд тоглож гараагаа эхэлсэн. Тэгэхэд Солонгосын алдартай олон жүжигчинтэй хамтран ажилласан минь дараа дараагийн уран бүтээлдээ тоглоход их хөшүүрэг болсон гэж боддог. Түүнээс хойш дэлгэцийн 20-иод уран бүтээлд тоглосон байна.

-Монголд зураг авхуулсан кино тань уран зөгнөлт, адал явдалт төрлийнх гэсэн. Түүнчлэн хар шид, бөө мөргөлийн талаар ч өгүүлдэг гэж сонслоо. Өмнө нь ийм төрлийн кинонд тоглож байсан уу?

-Солонгосын түүхэн, адал явдалт, тулаант кинонд нэлээд тоглосон. Уран зөгнөлт төрлийн богино хэмжээний кинонд тоглож байсан. Бүрэн хэмжээнийх гэвэл энэ удаагийнх анхных.

-Та шүтлэгтэй юү. Далдын хүч, бөө мөргөлд итгэдэг үү. Ийм сэдэв хөндсөн кинонд тоглох сонирхолтой байх?

-Би шүтлэггүй. Гэхдээ шашны бүх урсгалыг үгүйсгэдэггүй. Шүтэх, эс шүтэх нь хүний эрх.

-Аливаа уран бүтээлд тоглохдоо оногдсон дүрээ хэрхэн гаргахыг хичээдэг вэ?

-Хэрэв би энэ дүрийн оронд байсан бол яах вэ гэж их боддог. Тэгээд аль болох өмнө тоглосон дүрээсээ ялгаатай байлгахыг хичээнэ. Тэгэхгүй бол тухайн дүр биш, Мин Жи Хюк л харагдана.

Энгийн, амархан дүр гэж бодож болохгүй. Туслах дүр байсан ч хичээж тоглох хэрэгтэй. Эцэст нь миний л нэр гарна шүү дээ.

-Найруулагч нар танд ихэвчлэн ямар дүр санал болгодог вэ?

-Баян айлын өв залгамжлагч, дурлалт эр, бусдын хайрыг татсан залуугийн дүр их санал болгодог байлаа. Ихэнхдээ л эерэг дүр.

-Одоо загварын шоунд оролцдог уу?

-Оролцож байгаа. Энэ ажилдаа ч их дуртай.

-Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг өмсөн зургаа авхуулж, тайзан дээр алхдаг байсан болохоор дэлгэцийн урлагт хөл тавих амархан байсан уу?

-Амархан гэхгүй. Гэхдээ тайзан дээр гарч, нүүр хагарсан учраас арай дөхөм байсан.

-Дэлгэцийн уран бүтээлд загвар өмсөгчийн дүрд тоглох завшаан гарч байв уу?

-Азтай нь, тийм завшаан гарсан шүү. 2005 онд загварын ертөнцийн тухай олон ангит кинонд тоглосон.

-Та аль нэг студи, агентлагт харьяалагддаг уу, эсвэл чөлөөт уран бүтээлч үү?

-Зургаан жилийн өмнөөс чөлөөт уран бүтээлч болсон.

-Шинэ уран бүтээлийн санал хэр авдаг вэ. Жилд хэчнээн кинонд тоглож амждаг вэ?

-Чөлөөт уран бүтээлч болсноос хойш илүү олон санал ирдэг болсон. Уран бүтээлийн тоо жил бүр харилцан адилгүй.

-Кинонд тоглуулах санал ирэхэд хэрхэн шийддэг бол?

-Эхлээд мэдээж зохиолыг нь уншдаг. Зохиол нь таалагдвал хэн найруулахыг нь асууна. Мөн хамтран тоглох жүжигчид их чухал.

-Ямар төрлийн кинонд тоглож үзээгүй вэ?

-Төрөл бүрийн кинонд л тоглож үзлээ. Гэхдээ сэтгэл ханаагүй л байна. Би Холливудын алдарт жүжигчин Лиам Нийсоны тоглосон “Хулгайлагдсан нь” шиг адал явдалт, тулаант кинонд тоглохыг хүсэж байна.

-Та хүмүүст Мин Жи Хюк гэж хэн байснаар дурсагдаж үлдэхийг хүсдэг вэ?

-Үлгэр жишээ, нүдэнд дулаахан хүн гэж дурсаасай гэж хүсдэг. Уран бүтээлчийн хувьд чадварлаг жүжигчин гэж хоногшихыг хүсэж байна.

-Одоо нутаг буцаад ямар уран бүтээлд ажиллах вэ. Гэрээ хийсэн төсөл бий юү?

-Гурван киноны санал ирсэн. Ажиллах, үгүйгээ хараахан шийдээгүй байна. Нутаг буцаад уулзаж, ярилцаж байж шийднэ.

-Жүжигчин байхын юу нь сайхан бэ?

-Олон төрлийн хүний дүрд хувирч, өөр өөр мэргэжил, орчинтой танилцдаг болохоор их сонирхолтой.

-Таныхаар уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?

-Маш хичээнгүй, тууштай байх ёстой гэж боддог. Мөн хүн өнгөрсөнд хэн байснаа санаж, үргэлж өөрийгөө дайчлан, урагш ахих ёстой гэж боддог доо.

-Та одоо 41 настай. Өмнө нь баян айлын өв залгамжлагч, дурлалт эр, бусдын хайрыг татсан залуугийн дүр оногддог байсан гэж түрүүн хэлсэн. Нас ахихаар найруулагч нарын таныг харах өнцөг өөрчлөгдөж байна уу?

-Нас ахихаар хүний харц өөрчлөгддөг. Хэчнээн залуу харагдсан ч харц насыг нь илчилчихдэг. Сүүлийн жилүүдэд эсрэг дүрийн санал их тавьж байгаа нь үүнтэй холбоотой байх.

-Монголд жүжигчид нас ахихаараа бие даан кино хийж, найруулагч болох нь олонтоо. Танд тийм бодол бий юү?

-Мэдээж байлгүй яах вэ. Тэр талаар төлөвлөсөн зүйлс ч бий. Кино зохиол оролдож, хэд хэдэн киноны туслах найруулагчаар ажиллаж үзлээ. Гэхдээ бие дааж хийх цаг хараахан болоогүй.

-Загвар өмсөгч, жүжигчин хүн болохоор гадаад төрх, биеийн жиндээ их анхаардаг байх, тийм үү?

-Ажлын шаардлага шүү дээ. Түүнээс биш маягтай, шаардлага өндөртэйдөө биш. Хэд хэдэн гоо сайхны брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан болохоор тэдгээр бүтээгдэхүүнээ хэрэглээд дадчихсан. Тэгээд ч олны нүдэнд ил харагддаг ажил хийдэг болохоор биеэ сайхан авч явахаас аргагүй. 

Би ер нь тийм ч хурдан таргалдаг хүн биш. 30 нас хүртлээ элдэв дэглэм барьдаггүй байлаа. Харин 40 хүрснээсээ хойш дэглэм барьж, спортоор их хичээллэдэг болсон. Усан спортод их дуртай. Чихрийн шижинтэй болохоор хоолны дэглэм барьж, биедээ анхаарахаас өөр замгүй. Аль болох амьдралын зөв хэвшилтэй байхыг хичээдэг.

-Солонгосын телевизийн цуврал, хөгжмийн к-поп урсгал зэргээр дамжин Монголд Солонгосын соёл их нэвтэрч буйг та анзаарсан байх. Харин манай улсын соёл, зан заншлаас танд юу нь таалагдав?

-Монголд ирсэн даруйдаа залуусын хувцаслалт, хэв маягийг хараад анзаарсан шүү. Хүйтэрсэн үед ирсэн болохоор гадуур тухтай зугаалж, хүмүүстэй танилцаж чадаагүй. Гэхдээ ажиглах нь ээ, монголчууд баялаг түүхтэй, түүгээрээ үргэлж бахархаж, дараа үедээ өвлүүлж чаддаг нь их таалагдсан. 

Өмнө нь Монголд ирсэн хүмүүсээс хоол нь их хурц гэж сонсож байсан юм. Гэтэл надад монгол хоолнууд их таалагдсан. Ялангуяа хорхог. Би энд амьдарч чадахаар юм шиг л санагдаж байгаа шүү. Нээрэн, шөнө хөдөө явахдаа дээрээс асгарах гэж буй мэт одод харсан. Ямар гайхамшигтай байсан гээч. Жаахан хүү шиг л нүдээ салгаж чадахгүй байсан.

-Та гэрлэсэн үү?

-Үгүй ээ. Одоо ч ганц бие.

-Ажих нь ээ, солонгос залуус ихэвчлэн 30 нэлээд гарч, 40 нас дөхөж байж гэр бүл зохиодог. Энэ нь санхүүгийн хүндрэлээ эхлээд шийдэх гэсэнтэй холбоотой байх. Та бас тэгж бодсоор өдий хүрчихэв үү?

-Гэр бүл төлөвлөхдөө сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж болохгүй. Нөгөөтээгүүр, одоо болтол ганц бие байгаагийн шалтгаан нь мэргэжилтэй минь холбоотой.

Аль нэг студи, агентлагт харьяалагддаггүй учраас сар бүрийн тогтмол орлого надад байхгүй. Кинонд тоглох, загварын шоунд оролцохдоо л хөлс авна. Тийм болохоор гэр бүлийн өмнө хариуцлага хүлээхэд арай л бэлэн биш санагддаг.

-Солонгосын фэнүүд их нүүрэмгий мэт санагддаг. Шүтэн биширдэг хүндээ бэлэг өгөхөөс авхуулаад гэрийнх нь гадаа хүлээж, хонох нь ч бий. Харин манайд эсрэгээрээ, их бүрэг. Та бэлэг сэлт их авдаг уу?

-Жүжигчин Вон Бин бид хоёр дотно нөхөрлөдөг. Вон Бин Солонгост төдийгүй Япон, БНХАУ-д маш нэр хүндтэй. Тэр байнга маск зүүж, малгай өмсөж явдаг болохоор хүмүүс тэр бүр таньдаггүй. 

Харин надаас гарын үсэг авах гээд хүрээд ирдэг. Инээдтэй шүү. Гэтэл Вон Бин чинь од. Эхэндээ Вон Бинийг хажууд байхад хүмүүст гарын үсэг өгөхөөс санаа зовдог байлаа. Гэхдээ бид үзэгчдээ хүндэлж, эелдэг байх ёстой шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)