"Минск дэх гааль дээр ломбо тавиагүй улмаас манай улс руу ачигдах 20 тэрбум төгрөгийн бараа гацчихсан"

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулиудыг баталлаа 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Тус хэлэлцээгээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг нийт 7 сая еврогийн зээлээр санхүүжүүлэхээр тохиролцсон байна.  Уг зээлийн жилийн хүү 2 хувь, хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх юм байна. Энэ сарын 08-ны өдөр Байнгын хороо хуулийн төслийг батлахыг дэмжсэн байна. 

Төслийн хэрэгжилтийг үр ашигтай болгож, олон улсын түвшинд хүрэхүйц сургуулийн хотхонтой болгоход тал бүрээс анхаарч ажиллах ёстойг гишүүд сануулав.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь дэмжснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотооддоо бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хууль батлагдав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар таницуулав. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон ч одоогоор хоёр төсөл хэрэгжиж байгаа гэв. Тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацаа 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Батлагдсан төслүүдийг хэрэгжүүлж дуусгахын тулд хэлэлцээрийн хүчинтэй хугацааг нэг жилээр сунгах, мөн төсөл хэрэгжих тэргүүлэх салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэх үүднээс хэлэлцээрт нэмэлт оруулах хавсралтыг байгуулаад байгаа аж. Уг хавсралт нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаас заавал соёрхон батлуулах олон улсын гэрээ болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа дурдсан. 

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 71.4 хувь нь дэмжив. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хууль батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. 

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг батлав 

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах горимын саналаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэн тул нэгдсэн хуралдаан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 33 нь дэмжиж 78.6 хувийн саналаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль батлагдав. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгээр батлагдсан юм. 

Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулахаар шийдвэрлэлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан юм. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна Улаанбаатар-Манжуурын чиглэлд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлддэг байна. Аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог бөгөөд цаашид улам өсөх хандлагатай байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдсан. Түүнчлэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар дамжиж Манжуурт зорчиж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэж үзжээ. БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээн ажиллуулснаар тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно гэлээ. Манжуур хот дахь Консулын газрыг 3 орон тоотойгоор байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ. Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцсэн байна. Энэ үед Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Я.Санжмятав нар Монгол Улсыг төлөөлж хилийн чанадад ажиллаж байгаад хаагдсан, түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон зарим Дипломат төлөөлөгчийн газрын цаашдын төлөв, нөхцөл байдлын талаар, гадаадын зарим улс орнуудад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд нарыг томилохгүй удах нь Монгол Улсын гадаад харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болох тул Элчин сайд нарыг томилох асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагын талаар санал хэлсэн гэлээ. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Гадаад харилцааны сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Консулын газрыг байгуулахтай холбоотой зардлыг энэ оны улсын төсөвт суулгасан байгаа хэдий ч Улсын Их Хурлаар өнөөдөр шийдвэр гаргаж байгаа, төсөв нь гүйцэтгэлгүй гэдэг үндэслэлээр холбогдох хөрөнгө, мөнгийг Сангийн яам буцаан татах эсэхийг тодруулж байв. Түүнчлэн Монгол Улсын иргэд Манжуур хот руу аялаж байгаа шиг хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг судлах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа нар хэлж байлаа. 

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь нь дэмжив. Ийнхүү Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр батлагдан, тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан юм.  

Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээх асуудлыг шийдвэрлэв

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Д.Цогтбаатар сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Цогзолмаа гишүүн тус тус танилцуулсан. 

Бүгд Найрамдах Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс гэдгийг танилцуулгын эхэнд онцолсон. Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо бий гээд энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж бий хэмээн үзжээ. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг төслийн танилцуулгад дурдсан юм. Бүгд Найрамдах Беларусь Улсад Монгол Улс Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Гадаад харилцааны сайд мэдээлсэн. Минск хот дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна. 

Европоос Монгол Улсад хийгдэж буй нийт худалдааны 90 орчим хувь нь Бүгд Найрамдах Беларусь Улсын боомтуудаар дамждаг бөгөөд өнөөдрийн байдлаар Минск дэх гааль дээр ломбо тавиагүй улмаас манай улс руу ачигдах 20-иод тэрбум төгрөгийн бараа гацчихсан. Монголын импортлогч, худалдаа эрхлэгчдэд хохирол учрах эрсдэл үүсээд байгааг Д.Цогтбаатар танилцуулаад “Ийм асуудлыг цаашид гаргахгүй, холбогдох асуудлыг тухай бүр шийдээд явах нь Монголын татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэд үр ашигтай гэж тооцож байна. Гурван хүн ажиллах хэдий ч транзит тээвэрт хамгийн чухал зангилаа цэг болох Брестийн боомт дахь асуудлуудыг шийдвэрлэх юм” гэлээ. Мөн тэрбээр Б.Баттөмөр гишүүний тодруулсны дагуу Гадаад харилцааны яамнаас ажилтнууд, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гадаад худалдааны бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хариулт өглөө. Ц.Мөнх-Оргил гишүүн Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)