“Миний том хүү л үнэнийг мэднэ”

Ийм явдал жил болгон, бараг л улс бүрт тохиолддог. Хэн нэг нь ажлаа, орон гэрээ, гэр бүлээ, өнгөрсөн бүх амьдралаа хаяхаар шийддэг. “Усанд хаясан юм шиг” гэж яриулахыг хүссэн хэн нэгэнд тусалдаг компаниуд Японд бий хэмээн ВВС бичжээ.

АНУ, Герман, Британид гээд ер нь хаана ч ийм зүйл болдог. Хүн гэнэт эргэн тойрон дахь бүхнээ хаяад, хэний ч мэдэхгүй өөр хаа нэг газарт очиж, шинэ амьдрал эхлэхийн тулд сураггүй болж байна. Японд үүнийг “зүхатсү” гэж нэрлэдэг. Энэ нь тайлбарлах аргагүйгээр алга болох, мартагдах гэсэн утгатай. Санаатайгаар ул мөргүй олон жил алга болох, заримдаа хэдэн арван жил байгаа газраа нуухыг хүссэн хүмүүст ийм үйлчилгээ тохирно.

“Би хүмүүстэй харилцахаас залхсан юм. Жижиг чемодан бариад, алга болохыг л хүссэн. Ер нь бол би зугтсан даа” гэж өөрийгөө Сүгимото хэмээхийг хүссэн, 42 настай эр дурсав. Төрж, өссөн хотхондоо гэр бүл нь том бизнес эрхэлдэг байсан учраас тэнд түүнийг мэдэхгүй хүнгүй. Тэр бизнесийг Сүгимото өвлөж, үргэлжлүүлэх ёстой байжээ. Гэвч энэ тухай ганц бодол түүнд хэцүү, муухай санагдсан тул тэрбээр нэг өдөр хаашаа явахаа хэнд ч хэлэлгүйгээр хотоо бүрмөсөн орхисон гэнэ.

Алга болох учир шалтгаан нь гэрлэлт бүтэлгүйтэхээс эхлээд дааж давшгүй өртэй болох хүртэл янз бүр байх нь мэдээж. Гэхдээ ямар шалтгаантайгаас үл хамааран энэ хүмүүс бодсоныг нь хэрэгжүүлэхэд тусалдаг компаниудад ханддаг гэнэ. Нууц ажиллагаа учраас “шөнийн хөдөлгөөнт үйлчилгээ” хэмээн нэрлэдэг аж. Өнгөрсөн амьдралаасаа ул мөргүй, бүрмөсөн алга болохыг хүссэн хүмүүст тусалж, нууц газар орон байр олоход эл үйлчилгээнийхэн тусалдаг юм байна. “Жирийн үед нүүдэл нь их сургуульд элсэх, шинэ ажилтай болох, эсвэл гэр бүлтэй болох зэрэг ямар нэг эерэг зүйлтэй холбоотой байдаг. Гэхдээ их сургуулиас хөөгдөх, ажилгүй болох, эсвэл таныг мөрдөж мөшгөж буй хүнээс ангижрахын тулд гунигтай алхам хийдэг” гэж Японд эдийн засгийн ноцтой хямрал нүүрлэсэн 1990-ээд онд шөнийн хөдөлгөөнт үйлчилгээний компаниа үүсгэн байгуулсан Сё Хатори өгүүлжээ.

Мөнгө, санхүүгийн асуудал л хүмүүсийг зугтахад хүргэдэг цорын ганц шалтгаан болдог гэж тэрбээр анх боддог байв. Гэтэл нийгмийн өөр олон шалтгаан байдгийг мэдсэн гэнэ. “Шинэ амьдрал эхлэхээр шийдсэн хүмүүсийг дэмжин, туслах ажил бид эрхэлж байна” гэж Сё Хатори ярилаа.

Социологич Хироки Накамори 10 гаруй жил зүхатсү үзэгдлийг судалж буй. Түүний хэлснээр ийм нэр томьёог 1960-аад онд алга болсон хүмүүст хэрэглэж байжээ. Японд гэр бүл салалтын хувь хэзээд бага, одоо ч тийм хэвээрээ. Нэг хэсэг нь гэрлэлт цуцлах урт хугацааны үйл явцыг эхлүүлэхийн оронд нөхрөө, эсвэл эхнэрээ орхиод хаа нэг тийш явах нь хялбар гэж үздэг.

“Японд алга болох нь амархан. Эрүү үүсээгүй, эсвэл осол гараагүй л бол цагдаагийнхан ийм хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй. Алга болсон хүний гэр бүл их хэмжээний мөнгөөр хувийн мөрдөгч хөлслөх, эсвэл хүлээхээс өөр арга байхгүй” гэж Хироки Накамори тайлбарлав. Тус улсад нууцлалын эрхийг хүндэтгэж, чанд хамгаалдаг учир мөнгөний машинаас хүн хэдийг ч авах боломжтой бөгөөд үүнийг хэн ч анзаарахгүй. Гэр бүлийн гишүүд ажиглалтын камерын дүрс бичлэгийг үзэх боломжгүй.

“БИ ЦОЧИРДСОН”

Хайртай хүндээ ийм байдлаар хаягдсан хүмүүст эрэл хайгуул нь тэвчихийн аргагүй шаналал болдог. “Би цочирдсон. Хүү минь хоёр ч удаа ажилгүй болсон. Үүнээс болоод ирээдүй нь түүнд хэцүү санагдсан байх” гэж 22 настай хүү нь сураггүй болсон, нэрээ хэлэхээс татгалзсан эмэгтэй ярьжээ. Хүүгээ амьдарч байсан газар, хөрш дүүргүүдээр хайж, хүрээд ирэх байх хэмээн гэрийнх нь үүдэнд машинд суугаад удаан хүлээсэн ч нэмэр болоогүй аж.

Амиа хорлосон гэсэн сэжүүр байсан бол эрж хайхад нь оролцох байлаа гэж цагдаагийнхан түүнд хэлсэн байна. Үхэхийн өмнө ямар нэг бичиг үлдээгээгүй учир тэд юугаар ч туслах боломжгүй гэнэ.

“Бусдыг мөшгөдөг хүмүүсийг би ойлгож байна. Тэд мэдээллийг урвуулан ашиглаж болзошгүй. Тиймээс Хувийн амьдралыг хамгаалах тухай хууль байх нь зөв юм. Гэхдээ гэмт хэрэгтэн болон хүүхдээ хайж буй эцэг, эхэд яаж адилхан хандаж болдог байна вэ? Өнөөгийн хуулиар мөнгөгүй миний бие олдсон цогцсыг хүүгийнх мөн, эсэхийг л тогтоохоос өөр юу ч хийж чадахгүй нь” гэж дээрх ээж гайхшрав.

СУРАГГҮЙ БОЛОГСОД

Сураггүй бологсдын олонх нь харуусал, гунигтай удаан амьдардаг. “Ямар нэг буруу зүйл хийсэн мэт мэдрэмж надад үргэлж төрдөг. Хүүхдүүдээ харалгүй бүтэн жил боллоо. Ажлаар удаан хугацаагаар явлаа гэж би тэдэндээ хэлсэн” гэж эхнэр, хүүхдүүдээ орхисон, бизнес эрхлэгч Сүгимото өгүүлжээ.

Хүүхдүүд л түүний харамсдаг ганц зүйл. Тэрбээр одоо Токиод аж төрж байна. Түүнд шөнийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлсэн компанийг мөн л нэрээ нууцлахыг хүссэн Сайта гэдэг эмэгтэй удирддаг. Тэр эмэгтэй өөрөө зүхатсү болоод 17 жил болжээ. Тэрбээр хүчирхийллээр дүүрэн харилцаагаа зогсоохыг тулд ийхүү “ууршжээ”. “Ямар нэг утгаар би одоо ч сураггүй бологч” гэж тэрбээр ярьсан юм.

“Янз бүрийн үйлчлүүлэгчтэй таарч байлаа. Хэн нэг нь гэр бүлийн аймшигт хүчирхийллээс зугтсан, нөгөө нь хувиа хичээн, өөрийн ашиг сонирхолд хөтлөгддөг. Би хэнийг ч буруушаахгүй. “Таны тохиолдол хангалттай шалтгаан биш” гэж би хэзээ ч хэлдэггүй. Хүн бүр өөрийн гэсэн бэрхшээлтэй байдаг” хэмээн Сайта өгүүлсэн байна. Сүгимото нарт Сайтагийн компани хүндрэл бэрхшээлээ даван туулахад тусалдаг. Хэдийгээр тэрбээр сураггүй болж чадсан ч хуучин амьдрал нь түүнийг зовоодоггүй гэсэн үг биш гэнэ. “Зөвхөн миний том хүү л үнэнийг мэднэ. Одоо 13 настай. “Аавын гаргасан шийдвэр бол түүний л амьдрал. Үүнийг би өөрчилж чадахгүй” хэмээн хүү минь хэлснийг би хэзээ ч мартахгүй. Тэрбээр надаас илүү сэтгэсэн байгаа биз?” гэж Сүгимото ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)