Миний мэдэх Ц.Намсрай сайд

ЦЭНДИЙН НАМСРАЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД

Би 1985 онд БНМАУ-аас БНАГУ-д суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдоод, Берлин явах болов. Миний мэдэхээр, тэр үед Берлин дэх ЭСЯ-ны хамт олны нийт ажил гайгүйд тооцогддог боловч дотоод уур амьсгал нь сайнгүй байсан тул ЭСЯ-ны улс төрийн харилцаа болон оюутан, сурагчдын асуудал эрхэлсэн ажилтныг эх оронд нь эгүүлэн татах дээрээ тулчихсан, шинэ Элчин сайд томилогдож очоод удаагүй үе таарсан юм.

Берлин дэх ЭСЯ-ны тийм таагүй нөхцөл байдал өмнөх Элчин сайд Ц.Давгасүрэнгийн үеэс эхтэй гэх бөгөөд дараагийн Элчин сайд Ж.Дулмаа, түүнийг буцсанаас хойш ЭСЯ-ны хэргийг түр хамаарагчаар нэлээд хугацаанд тэргүүлэн ажилласан Г.Базарсүрэн нарыг дамжин олон жил ужгирч лавшраад байсан юм билээ. Тэр үед би Гадаад явдлын яамандаа болон Варшав дахь ЭСЯ-нд нийтдээ 13 жил ажиллачихсан, яамныхаа эвлэл, олон нийтийн байгууллагад сонгуульт ажил хийж “өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин” гэх тодотголтой болсон цаг.

Юуны учир өөрийн тухай сүрхий “тордорхойлолт” дурдаж энэхүү цомхон дурдатгалаа эхлэв хэмээн Та гайхаж магадгүй. Тэгвэл ийм учиртай юм. Манай улсын хувьд Европын ах дүү орнууд хэмээн тооцогдож байсан тэр үеийн социалист гүрнүүдийн дотор улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, хэмжээ далайцаар БНАГУ тэргүүн түнш байсан учраас ажиллагсдынхаа тоогоор ч Берлин дэх ЭСЯ маань бусад оронд суугаа ЭСЯ-даас толгой цохидог байлаа.

Гэтэл тэнд ажиллаж байсан дипломат болон бусад ажилтан хоорондоо эв түнжин сайнгүй, хамт олных нь уур амьсгал тааруу, энэ нь улмаар ажилд нөлөөлөх хандлагатай болж төр, засгаас итгэж даалгасан ажлын үр дүн шаардлагын хэмжээнд хүрэхгүй болсон учраас тус ЭСЯ-ны удирдлага, дипломат бүрэлдэхүүний нэлээд хэсгийг солих шаардлага тулгарчээ. Яг ийм үед нам, улсын удирдах ажлын баялаг туршлагатай шилдэг боловсон хүчин Ц.Намсрай гуайг БНМАУ-аас БНАГУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон байдаг.

1960-аад оны дундуур МУИС-д элсэн орж, нийслэл хотын барааг анх харсан мань мэтийн хөдөөгийн хүүхэд бол Намсрай гуайг “Үнэн” сонины эрхлэгч, нэртэй сэтгүүлч гэдгээр нь л мэдэхээс цаашгүй. Гэхдээ би хожим МУИС-иас Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд шилжиж, тэнд Намсрай гуайн охин Шүртэй хамт сурч байсан болохоор арай илүү мэддэг болсон юм.

Ц.Намсрай гуай Монгол Улсаа төлөөлж БНАГУ-д Элчин сайдаар ажиллахаасаа өмнө зөвхөн нам, төрийн болон хэвлэл мэдээллийн салбарын удирдах хариуцлагатай ажилд зүтгэж явсан юм биш. Түүний хувьд гадаад харилцаа, дипломат үйл ажиллагааны салбар цоо шинэ зүйл байгаагүй. Тэрбээр аль 1961 онд буюу БНМАУ-ыг НҮБ-д хууль ёсны байр сууриа эзлэн, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсны дараахан Гадаад явдлын яамны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

Тэр үед ГЯЯ-ны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын газрыг цоо шинээр байгуулахдаа анхны даргаар нь Ц.Намсрай гуайг томилсон нь бас учиртай байж. Юуны өмнө цомхон, чадварлаг хамт олон илүү ихийг хийж бүтээх боломжтой хэмээн тус яамны тэр үеийн удирдлага үзэж, орон тоогоо 20.8 хувиар багасгасан төдийгүй ажлын зохион байгуулалт, үр бүтээл, чанарыг сайжруулахад гол анхаарлаа хандуулснаар зохих үр дүнд хүрч байгаа гэж ГЯЯ-ны 1962 оны тайланд дүгнэсэн байдаг.

Тэр үеийн ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын газар нь хяналт шалгалт, боловсон хүчин, гэрээ эрх, мэдээлэл, төлөвлөгөө тайлан, бичиг хэрэг , ГЯЯ-ны коллегийн үйл ажиллагаа зэрэг олон асуудлыг зангидан хариуцаж байсныг үзвээс одоогийнхоор бол наанадаж Бодлого төлөвлөлт, Дотоод аудит, Гэрээ эрх, Төрийн захиргааны удирдлага зэрэг 4-5 газрын ажлыг хамтад нь хариуцан, гүйцэтгэдэг байж.

Энэхүү далайцтай, шинэ ажлыг Ц.Намсрай гуай амжилттай сайн удирдан зохион байгуулж байсан юм билээ. Үүний зэрэгцээ тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн удаа дараагийн чуулганд оролцсон төдийгүй хожмоо Монголын томоохон сонины байгууллагыг удирдаж байхдаа Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр хүртэл сонгогдон ажилласан хүн. Удирдан зохион байгуулах ажлын ийм баялаг туршлагатай түүнийг Монголын төр, засаг хэрэг дээрээ Берлин дэх ЭСЯ-ны ажлыг сайжруулахаар томилон явуулж байжээ гэж би одоо боддог юм.

Намайг 1985 оны тавдугаар сарын 5-нд гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт галт тэргээр Берлинд очиход Ц.Намсрай гуай гэргийтэйгээ, ЭСЯ-ны хамт олонтойгоо угтан авч байсныг одоо ч тодхон санаж байна. Тэр өдөр миний бага хүүгийн таван насны ой тохиож байгааг ЭСЯ-ны хамт олон аль хэдийнэ мэдчихсэн, баяр хүргэн тэмдэглэсэн юм даг. Манай гэр бүлийнхэн Берлин хотноо анх хөл тавьсан тэр цаг мөчөөс би Намсрай гуайг эдийн засгийн ухааны доктор, Төрийн шагнал хүртсэн, нэрт сэтгүүлч зэрэг бичиг эрдмийн үлэмж чадвартай агуу хүн төдийгүй хамт ажиллаж буй хүмүүстээ их анхаарал тавьдаг, ялангуяа миний мэтийн залуу ажилтны хувьд эцэг мэт халамж, түшигтэй нэгэн юм байна даа гэж бодсон юм. Тэр бодол дүгнэлт минь зөв байсан гэдгийг дараа нь түүний удирдлагад ажилласан цаг хугацаа харуулсан.

Намсрай гуайг анх 1984 оны долдугаар сард Берлинд томилогдон очиход хоёр орны харилцаа зохих түвшинд хөгжиж байсан боловч ЭСЯ-ны хамт олны дотоод уур амьсгал нь туйлын тааруу, бие биедээ итгэдэггүй, нэгнээ өөчилж өөнтөгчилдөг, талцаж хуваагдсан байдалтай, амиа хичээсэн, бугшмал болсон байсан учраас хамтарч ажиллах сэтгэл, эрмэлзэл маш сул буюу 1984 оны есдүгээр сард ЭСЯ-ны дипломат ажилтны зөвлөгөөн дээр Ц.Намсрай гуайн дүгнэн хэлснээр “Хөгцөрсөн, үмхий байдалтай” байсныг нэн даруй засаж өөрчлөх зорилгоор зарим ажилтны ажлыг шалган, түүнд тусалж зөвлөхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь бодит баримтад тулгуурлан биечлэн анхааруулж, нэн даруй засаж сайжруулах хатуу шаардлага тавиад богино хугацаанд засралыг эс олсон зарим ажилтныг эх оронд нь буцаах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авсан байдаг юм. Тийнхүү нутаг буцсан хүмүүсийн нэгнийх нь оронд би томилогдон очсон хэрэг. Мөн оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичгийн даргаар МАХН-ын Төв хороонд ажиллаж байсан, өмнө нь БНАГУ-д техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан Г.Лхагвааг төвөөс томилон ирүүлсэн юм.

Элчин сайд Ц.Намсрай хүмүүст зарчимч шаардлага тавьж “Дутагдал гаргах зүрхтэй юм бол түүнийгээ ухамсарлан хүлээж, засаж залруулах зоригтой байх ёстой” гэж хэлсэн байдаг. Энэ бол ажлын хариуцлагыг өндөрт тавьдаг, хатуу зарчимч хүнээс л гарах үг. Гэхдээ тэрбээр юуны өмнө хатуурхахыг зорилго болгодоггүй, харин ч хүмүүс дутагдлаа ойлгож засахад нь туслах, бүтээлчээр ажиллах бололцоо, ажлын нөхцөлийг нь сайжруулах зорилгоор хөдөлмөрийн хуваарийг хянан үзэж ажил ачааллыг нь тэгш тэнцүү хуваарилах, ажилтан бүр зөвхөн өөрийн хариуцсан ажлаар явцуурах биш, бусдадаа туслах, хамтран ажиллах, одоогийн хэллэгээр бол багаар ажиллах ухамсар, чадварыг хэвшүүлэхэд юуны өмнө анхаардаг байсан.

“Боловсон хүчний өсөлт, төлөвшилтөд хувь хүний мэдлэг боловсрол, зүтгэл чармайлтаас гадна тухайн хамт олны нөлөө, ил тод байдал, зарчимч шударга хандлага маш чухал байдаг юм шүү” гэж Элчин сайд маань надад үргэлж анхааруулан зөвлөдөг байсан. Өөрөө ч үүнийгээ ажил дээрээ үлгэрлэн харуулж чаддаг хүн байлаа. ЭСЯ-ны шинэ хамт олныг бүрдүүлсний дараа тэрбээр ажилтан бүртэй тулж ажиллахын зэрэгцээ амжилт, дутагдлыг хамт олноор нь дүгнүүлэн, хэлэлцүүлэхэд онцлон анхаардаг байсан.

Тухайлбал, залуу ажилтнуудын ажлыг биечлэн шалгаж зөвлөгөө, хугацаатай даалгавар өгөхийн зэрэгцээ сонсголыг нь ЭСЯ-ны дипломат ажилтны зөвлөгөөнөөр ээлж дараалан хэлэлцүүлж тухайн хүний ажлын ололт, дутагдлыг хамт олноор нь дүгнүүлж урамшуулан сайшаах, халамжлан туслах зэрэг арга хэлбэрийг тогтмолжуулсан юм. Чингэснээр ажилтнуудын ажлын идэвх сайжирч, урам зориг нь сэргэхийн зэрэгцээ ЭСЯ-ны нийт ажлыг сайжруулахын төлөө гэсэн өөриймсөг, халуун дотно уур амьсгал бүрэлдсэн гэж би боддог.

Зөвхөн ЭСЯ-ны хамт олны дотоод уур амьсгал төдийгүй тэр үед БНАГУ-д сурч байсан оюутан, ТМС-ийн сурагчдын сурлага, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх асуудал ч хойшлуулшгүй зорилтуудын нэг болсон байв. Оюутнууд сурлага, сахилга батаар доголдон сургуулиас хасагдах, хэрэгт орооцолдох, тэр ч байтугай ТМС-ийн багш, аспирант зэрэг бусдаасаа арай ахмад хүмүүсийн дунд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж үлгэргүй байдал гаргах, дамын наймаа хийх, ЭСЯ-нд баримт нотолгоогүй хов жив хэлж “алтан хушуу өргөх” явдал ч гардаг байсныг таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авсан.

Юуны өмнө ЭСЯ-ны дипломат ажилтнуудад монгол оюутан сурдаг хотуудыг хуваарилан өгч, тэнд сурч буй залуусыг халамжлан хүмүүжүүлэх үүрэгтэй болгосноор хүн бүртэй тодорхой ажиллах, үлгэр дуурайл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Мөн жил бүр оюутны нэгдсэн зөвлөгөөн хийх, тэднийг хамарсан олон нийтийн болон урлаг, спортын арга хэмжээ зохиох ажлыг тогтмолжуулсан. Чингэснээр тэр үед БНАГУ-д сурч байсан 500 гаруй оюутан, сурагчтай ажиллах явдал дан ганц оюутан хариуцсан дипломат ажилтны үүрэг бус, ЭСЯ-ны хамт олны багаар ажиллаж үр дүнд хүрэх чадварын шалгуур болж хувирсан хэрэг.

Түүнчлэн БНАГУ-д боловсон хүчин бэлтгэх асуудлаар тусгайлан судалгаа гаргаж санал боловсруулан төвд явуулсан нь аливаа ажилд өнгөц хөнгөн бус, буурь суурьтай, судалгаа дүгнэлттэй ханддаг, алсын хараатай хүний л бүтээлч санаачилгын илрэл гэлтэй. Эдгээр ажлын үр дүнд 1984-1985 оны хичээлийн жилд сурлагын доголдлоор сургуулиас хасагдсан хүн гараагүй бөгөөд 1985 оны арваннэгдүгээр сард БНМАУ-ын ДТДБУХ-ноос шалгалтаар очсон тус хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Болд оюутан, сурагчидтай ажиллах талаар зохих ахиц гарч байгааг ЭСЯ-ны дипломат ажилтны зөвлөгөөн дээр үнэлэн тэмдэглэсэн байдаг.

Элчин сайд Ц.Намсрай БНАГУ-д ердөө нэг жил, дөрвөн сар ажиллаад, харамсалтай нь, эрүүл мэндийн шалтгаанаар эх орондоо бүрмөсөн буцсан боловч энэхүү богинохон хугацаанд ЭСЯ-ны хамт олныг эрүүл саруул уур амьсгалтай, ажилсаг, гар нийлсэн баг болгоод явсан төдийгүй хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын зэрэг бүх салбарт нийт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санаачилга, үр дүнтэй ажилласан билээ.

Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх үед манай талаас МАХН-ын Төв хорооны УТТ-ны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Цэрэндашийн Намсрай, Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн, нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, төрийн зарим яамны орлогч сайд, удирдах хүмүүс болон МҮЭ-ийн Төв зөвлөл, Энх тайван найрамдлын байгууллагын удирдлага зэрэг албан ёсны төлөөлөгчид БНАГУ-д айлчилснаас гадна БНАГУ-ын талаас ГНСН-ын УТТ-ны гишүүн, Берлин хотын намын хорооны дарга К.Науманн, ҮБХЯ-ны орлогч сайд Х.Штехебарт болон олон нийтийн зарим байгууллагын төлөөлөгчид Монголд айлчилсан.

Мөн БНМАУ, БНАГУ-ын залуучуудын анхдугаар их наадмыг Шверин хотноо зохион байгуулах талаар тохиролцон бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм. Аливаа дээд, өндөр зиндааны айлчлалыг хэрэгжүүлэхийн өмнө болон айлчлалын үеэр ЭСЯ-ны хамт олонд, ялангуяа Элчин сайдын хувьд бичиж боловсруулах, хоёр талдаа тавьж шийдвэрлүүлэх дорвитой асуудлуудаас гадна зохион байгуулалтын, техник ажлын зэрэг цаг хүч, заримдаа ур ухаан, зориг тэвчээр шаардсан хэчнээн их чимхлүүр ажил тулгарч, хүч бололцоогоо шавхан дайчлах шаардлага гардгийг энэ салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс андахгүй мэднэ дээ.

Хоёр орны худалдаа, бараа гүйлгээ нэмэгдэж 1984 оны байдлаар 31.2 сая рубльд хүрсэн бөгөөд харилцан бараа нийлүүлэх тухай 1984 оны протокол 107.2 хувьтай гарч, давж биелсэн байлаа. Бороогийн алтны орд газар, Борнуурын сангийн аж ахуй, Улаанбаатарын Мах консервын комбинат зэрэг тухайн үедээ улсын хэмжээнд томоохонд тооцогдож байсан хамтын ажиллагааны төслийн зарим нь эхэлж, заримыг нь тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх томоохон зорилт тулгарч байсан тэр үед Элчин сайд маань ЭСЯ-ны хамт олны хүчийг дайчлан удирдаж хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байсан юм.

ЭСЯ-ыг Ц.Намсрай гуай тэргүүлэн ажилласан богинохон хугацаанд БНАГУ-ын 22 хотын их, дээд сургуулиудад 90 гаруй мэргэжлээр 360 гаруй оюутан, тусгай мэргэжлийн есөн сургуульд 210 сурагч суралцаж байсан бөгөөд хөнгөн хүнсний үйлдвэр, барилга, нийтийн аж ахуй, үйлчилгээ болон хүн эмнэлгийн салбарын шугамаар 400 гаруй хүн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байдаг.

Соёл, урлагийн салбарт ч багагүй амжилт гарсан даа. Берлинд болсон социалист орнуудын Ардын урлагийн их наадам, Дрездений олон улсын эстрадын дуучдын их наадам зэрэг томоохон арга хэмжээнд манай орны төлөөлөгчид маш амжилттай оролцож байсан юм даг. Залуу дуучин, эдүгээ Гавьяат жүжигчин болсон Х.Төмөрбаатар Дрездений их наадмаас тусгай шагнал хүртсэн шиг санаж байна. Эдгээр арга хэмжээнд амжилттай оролцоход манай ЭСЯ-ны хамт олон эрвийх дэрвийхээрээ тусалж дэмжиж байсны дотор Элчин сайд Ц.Намсрай, түүний гэргий Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа гуай нар үнэхээр сэтгэл гаргасан билээ.

Л.Цогзолмаа гуай манай ЭСЯ-ны залуучуудын хувьд ёстой л “өндөр ээж” байсан бөгөөд маш сайхан дуулна, бидэнд гайхалтай сонин сайхан зүйл ярьж өгнө. Тэрбээр миний ээжтэй нас чацуу байсан юм билээ. Ээж минь Берлинд бидэнтэй хамт байсан болохоор хааяа Цогзолмаа гуайтай уулзаж, хууч хөөрснөө их л баярлаж олзуурхан бидэнд гайхуулдаг байсан юм даг.

Ер нь Ц.Намсрай гуайнхан манай ЭСЯ-ны залуучуудын хувьд үнэхээр сайхан монгол гэр бүлийн хамгийн тод үлгэр жишээ болж байсан юм. Тэр чанараараа ч ЭСЯ-ны ажлын таатай уур амьсгал буй болгож, гар, сэтгэл нийлсэн хамт олныг зөв бүрдүүлэхэд бүхий л талаар нөлөөлсөн гэж би боддог. Тэднийх амралт, чөлөөт цагаараа залуучууд биднийг гэртээ урьж, гарынхаа цай, хоолоор дайлж, хөзөр мэтийн нийтийн тоглоомоор олуулаа тоглож наадах их дуртай байж билээ. Бид ч тэр хоёрын урилгыг хүлээдэг болчихсон, очихоороо их л олон цагаар дуу шуу, тоглоом наадам болцгоох дуртай байж. Настай хүмүүс гэхэд Намсрай гуай, Цогзолмаа гуай хоёр их л тэвчээр гаргадаг байсан байх даа гэж одоо боддог юм. Тэр чөлөөт цагийн зугаа наадмын үед тэр хоёр маань залуучууд бидэнд их сайхан хууч дурсамж ярьж өгч, олон зүйлийг ухааруулж хэлдэг байсныг нь би одоо ч марталгүй чин сэтгэлээсээ талархан дурсаж явдаг юм.

Л.УДВАЛ

ГХЯ-ны Ахмадын хорооны дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)