Миний мэдэх нийтийн бүжиг буюу Салса гэр бүл

Анх бүжгэнд ирээд миний Салса гэр бүлд өгсөн нэр юу гээч? “Хэрцгий өгзөгтнүүдийн цугларалт”. Яг үнэндээ бүжгээс хол өссөн миний хувьд эхэндээ баахан бишүүрхмээр санагдаж билээ. Тэгээд бүжгийнхээ үдэшлэгт заримдаа очно, заримдаа очихгүй их удна. Удсан ч дахиад л ирнэ. Эрч хүчтэй салса, мэдрэмжээрээ урсах  кизомбо, хамтрагчдаа нэгдэн уусах шиг бачата, бас хамгийн галзуу байж болно гэж үү гэмээр регитон. Эд бүгд миний бүжигт хандах хандлагыг дахин бүрдүүлсэн юм.

Эхэндээ бүжгээ сураагүй болохоор тэр бүр уригдаад бүжиглээд байхгүй. Гэхдээ Салса гэр бүлийн намайг татсан зүйлүүдийн нэг намайг залуус нь урьдаггүй байсанд ч байж болох юм. Энэ гэр бүлд нэвтэрэхэд тодорхой хэмжээний босго байдаг гэж хардаг. Ууж идэх, зугаацахаас илүү бүжгээ гол болгодог залуустай болохоор  энд аймар уучихсан ч юм уу охин үзээгүй юм шиг шүлэнгэртсэн залуу бараг байхгүй дээ. UBCOMEDY-н хөтлөгч хүртэл танай залуус шүлэнгэртсэн биш шүншигтэй юм аа гэж байсан. Бүжгийнхэн маань хааяа "халбага" пиво уудаг ч хэтрүүлдэггүй, чи бүжиглэхгүй байна гэж хэлэхээс биш, уусангүй барьсангүй гэж хэлдэггүй нь амар байдаг юм. Өнөө үед уухгүй л бол сэтгэлээсээ ярилцаж чаддаггүй өөрөөрөө байж чаддагүй болчихсон мэт. Харин  тэдний цусанд нь спирт байдаг юм биш биздээ гэж бодмоор ус, ундаа  уугаад байгаа мөртлөө л уучихсан юм уу гэж хэлүүлэх энүүхэнд. Бусад газрыг муулмааргүй байна л даа. Гэхдээ өөр газрууд түр зуурын, амархан, үнэ цэнэгүй санагддаг. Миний хувьд янз бүрийн  газраар очиж үзээгуй Салса гэр бүлтэйгээ учирсан. Үүндээ ч баяртай байдаг.

Энэ бүжиг эрэгтэй эмэгтэй хүний төрөлх мөн чанар үүргийг санагдуулам. Нэг аяны турш залуу урьсан бүсгүйгээ өөрийн удирдлагаар авч явна. Хүмүүс эхэндээ энэ бүжигт залуугийн үүрэг маш бага гэж хардаг бол харин ч эсэргээрээ аяа сонсоно, эмэгтэйгээ удирдана гээд гол үүрэгтэй хүн. Харин эмэгтэй нь анхааралтай дагангаа чимхлүүр зүйлсийг нэмэн бүжгийг утга учиртай сайхан болгоно. Бүжиглэж буй залуугийн хувьд царай зүс, нийгэмд эзлэх байр суурь гээд юу ч сонин биш удирдлага нь л үнэлэгдэнэ. Сайн удирдлагатай залуутай бүжиглэхэд энэ хүн амьдрал дээрээ ч гэсэн эмэгтэй хүнийг газардуулахгүй байхдаа гэсэн итгэл үнэмшил төрүүлдэг. Харин бүжиглэж буй охид үнэхээр энхрий ялдам. Би хайрлагдах эрхтэй хайрлагдсан бүсгүй шүү гэж байгаа мэт. Харин хайрлагдсан хүнийг бүгд л харах дуртай байдаг. Бусадтай л адилхан хөдөлгөөн хийж байгаа мөртлөө хөдөлгөөн бүр нь өөрийнхөө гоо сайхныг тодотгох мэт. Тэд хөөрхөн болохоороо бүжиглэдэг юм бол уу?  бүжиглэдэг болохоороо хөөрхөн юм бол уу? би ойлгохгүй л байгаа.  Харин манай залуус харсаар байгаад дөжирчихсөн. Хэр баргийн охин дээр уулга алдахгүй дээ. Манай залуус бол яах вээ сармагчнаас үл ялиг царайлаг аа царайлаг. Гэхдээ тэдний удирдлага таныг дахиад бүжиглэмээр санагдуулах вий.

Миний бодлоор бүжиг үгээрээ ч илэрхийлэх боломжгүй зүйлийг ойлгуулж чадахаар хүчирхэг зүйл. Шекспирийн зохиолд Ханхүү Гамлет Орших уу? Эс орших уу? Энэ асуултын хариултыг бүжгэн жүжгээс олж авдаг. Аавыг нь алсан этгээдийг илрүүлэхэд түүнд тус болсон зүйл бол дайн самуун биш зүгээр л бүжиг байсан. Биеийн хэлэмж заримдаа үгнээс ч хүчтэйгээр  санаагаа хүргэдэг. Бүжгийн талаар янз бүрийн л сэтгэгдэлтэй хүмүүс байдаг. "Залуу нь шон юм уу хаашаа юм", "хэвтээ хүслийн босоо илэрхийлэл" байна гэх зэргээр урлаг талаас нь харалгүй ярих олон хүнтэй тааралдаж байсан. Гэтэл энэ бол задгай цагаан шиг л хүн бүр сурч болохоор нийтийн бүжиг шүү дээ. Хүмүүсийн таашаах өнцөг өөр  болохоор юу ч гэхэв дээ. Ер нь хүн таашаалтайгаа цуг төрдөг гэдэг тэр л үнэн байх

 Багш минь хэлж байж билээ. Хэдий би өөр залуутай бүжиглэж байгаа ч тэнд сууж байгаа нөхөртөө зориулж бүжиглэдэг гэж. Ер нь энэ бүжгийг хайртай хүндээ зориулж  бүжиглэвэл хамгийн сайхан харагддаг.  Хэдий хоёр мундаг бүжигчид бүжиглэсэн ч сүлэлдэхгүй тохиолдол байдаг бол, огт чадахгүй хүнтэй бүжиглэсэн ч нэг аяны турш ганц ч алдуулалгүй сайн авч явах тохиолдол ч байна. Хүмүүс сайн ойлголцож бүжиглэдэг хамтрагчаа ирж үү гээд л хайгаад, ирээгүй бол хаалга руу хараад байдаг юм байна лээ.  Ер нь байнга хамт явдаг ихэрийн өрөөснөө гээчээд эрж байгаа юм шиг.

Салса гэр бүлийг харах өнцөг минь өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр л. Харин одоо миний салса гэр бүлд өгөх нэр юу гээч? "Биеийн хэлээр ярилцагсад", "Хэл яриагүйгээр биесээ ойлголцогсод" ч юм уу.  Бид нэг ая, нэг тайзан дээр юу ч ярилгүйгээр ойлголцож чаддаг. Энэ л хамгаас сайхан. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)