Миний бурхан-Намсрай эрхлэгч

Зүүн гар талаас “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай, орлогч эрхлэгч Д.Цэрэндагва, хэлтсийн дарга Д.Дорждулам, утга зохиолын ажилтан М.Долгорсүрэн. 1980 он, “Үнэн” сонины 60 жилийн ойгоор


Ойн талаар хэлэх цөөн үг

Эх орныхоо хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, Төрийн шагналт, гарамгай орчуулагч, төрийн сайдаас эхлээд ууган хэвлэл “Үнэн” сонин, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг хорь гаруй жил удирдахдаа ард түмнээ соён гэгээрүүлэхэд төдийгүй улсынхаа төр, нийгмийн байгууламж, хөгжил, цэцэглэлтийг гадаадад сурталчлан таниулах нүүр царай болж явсан манлай сэхээтний нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, парламентын туршлагатай гишүүн Цэндийн Намсрай агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Эрхэм хүмүүний тэгш ойг тэмдэглэхээр Засгийн газар тогтоол гаргаж, ойг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулан, тусгай төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа. Ойг өргөн тэмдэглэхээр холбогдох яам, газар, олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүний удирдлагад олон жил ажилласан улстөрчид, сэтгүүлчид, гэр бүл, үр ач, ахан дүүс нь хичээнгүйлэн ажиллаж байна.

Ц.Намсрай гуайн хань, үр хүүхэд, ач зээ нар нь түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Жаргалант суман дахь Намсрайн нэрэмжит арван жилийн дунд сургуулийн дэргэд сүрлэг том, боржин хөшөөг нь бүтээн сүндэрлүүлж, сум, сургуулийнх нь тохижилтод зориулан хандив өргөх зэргээр ойн хүрээний ажлыг үндсэндээ 2017 оны зун түүчээлсэн юм.

Түүний ажил, амьдралын түүхэн замналыг тал бүрээс нь тодотгон харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, ном товхимлын түрүүч ч бэлэн болжээ. Төрсөн сум, орон нутагт нь Ц.Намсрайн бүтээл туурвилаас сурталчлах, соёл, урлагийн тоглолт үзүүлэх, түүний нэрэмжит бэсрэг наадам хийх, нийслэл хотод онол, практикийн бага хурал зохион байгуулах зэргээр ажлын цар хүрээ улам өргөн дэлгэр болж, ид дундаа явж байна.

Хүний хорвоод мэндлээд бурхны оронд одох хүртлээ Ц.Намсрайн туулсан амьдрал, улс орноо хөгжүүлэх, ялангуяа ард түмнээ соёлжуулан гэгээрүүлэх нөр их ажилд насан туршдаа зүтгэхдээ оруулсан үнэт хувь нэмрийг түүхэн баримтаар тодотгосон “Цэндийн Намсрай” хэмээх “дээлтэй судар”-ыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, доктор, профессор Д.Цэдэв ахлагчтай түүх, улс төр судлаач, эрдэмтэн, сэхээтнүүд бүтээж байна.

Амьдралынхаа дөрөвний нэгээс илүү хугацааг зориулсан “Үнэн” сонин, Монголын өдөр тутмын сонинуудыг манлайлагчийн нэг, Ц.Намсрай гуайн зээ охин Балдоржийн Нандинтүшиг эрхлэгчтэй “Өнөөдөр” сонинд оны эхнээс Ц.Намсрай гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан тусгай булан нээж, түүнийг сайн мэдэх ойрынх нь хүмүүс, сэтгүүлчид үзгээ авч, үгээ хэлж, дурсамж, дурдатгалаа нийтэлж эхэлсэн билээ. Уг буланг Ц.Намсрайн зээ охин, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Балдоржийн Номинтүшиг нээж, “Үзээгүй өвөө”-гийнхөө тухай бодрол сурвалжилгаар эхэлсэн нь оносон, бэлгэдэлтэй гэхээс илүү сэтгүүл зүйн бичлэгийн шинэ хэлбэр, өнгө аясыг харуулсан.

Намсрай эрхлэгчийн удирдлагаар цөөнгүй жил ажиллахдаа ажлын арга барил, туршлага, хүнлэг, энэрэнгүй чанараас нь суралцсан, суралцсаар яваа нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт Х.Цэвлээ, эрхлэгчийнхээ шийдвэрээр спортын сурвалжлагчаар дагнан мэргэшиж, түүнд тоогддог итгэлт сурвалжлагч нь болсон Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун нарын нэр төртэй сэтгүүлчдийн сайхан дурсамж цуварсаар байгаа билээ.

ӨТӨЛ ЭМГЭНИЙ ӨЧИЛ ҮГ

Эглээс эгэл атлаа ижилгүй нинжин сэтгэлтэй, холч ухааны туйл, эрдэмтэн эрхлэгчийнхээ тухай дурсамж бодлоо хамгийн түрүүнд тэрлэх хүний нэг нь би билээ. Гэвч энэ их хүмүүний тухай үүнээс өмнө бичсэн сэтгүүлчдээс илүүг бичиж чадахгүй, бусдын бичсэнийг тоть мэт давтах нь бас зохимжгүй. Нэг үгээр хэлбэл, би гэдэг хүн хэрээ мэдэж, бядаа таних нь зөв хэмээн сэтгэж, “дотор хүнтэй”-гээ зөвлөөд доорх шийдвэрт хүрснээ өчсүгэй! Тэгтлээ их шүтлэггүй ч бурхны шашинтай монгол эх хүний хувьд бусдын жишгийг даган эрхлэгчийнхээ хойтын буянд зориулан 108 зул өргөж, маанийн ерөөл тэргүүтэй хэдэн ном айлтгуулахаар Дашчойлин хийдэд очив оо, би.

Тэнд хурсан сүжигтний олонх нь эд баялгийн эзэн-баян Намсрай бурхан тахиулж, даллага авахуулж байв. Хүмүүст эд баялгийг бэлэглэдэг Намсрай бурхан гэж байдаг юм чинь, эрдэм ном, энэрэнгүй, нинжин сэтгэлийг насан туршдаа ард түмэндээ түгээсэн гавьяатай Намсрай эрхлэгчийнхээ хөргөөр бурхан бүтээлгэж, нийт олондоо эрдэм номын буян үйлдье гэсэн санаа толгойд ороод ирэв ээ.

Бодлоо хэлж, барьж явсан зургаа үзүүлбэл “болно” гэсэн хариу сонслоо. Эрхлэгчийнхээ хөргөөр бурхан бүтээлгэн аравнайлуулж “амилуулаад” авав. Нэг их ч хугацаа орсонгүй, өртөг хөлсийг нь төлөөд номоо хуруулахаар дугаараа хүлээлээ. Миний өмнөх бүсгүйн ээлж ирж, хувраг хоёр залуугаар хэргээ бүтээлгэсэн бүсгүй арц хүжээр ариулах болов.

Моринд тохмоор том хүрэн богцноосоо гялгар том түрийвчээ гаргаж дэлгээд намайг, гэр бүлийг минь, үр хүүхдүүдийг минь их мөнгөтэй, баян чинээлэг болгож хайрлаач хэмээн танхимд суугаа бүх хүнд сонсогдохоор, хүчтэй чангаар давтан давтан сүжиглэх ажээ. Түүний зүг бүхний анхаарал, хараа чиглэв. Номоо айлтгуулсан бүсгүй хоёр хуврагийг мянга мянган төгрөгөөр зэдлээд, эгч нь дараа долоо хоногт та хоёрыгоо залж Намсрай бурхнаа гэртээ тахиулна аа гээд гарч явлаа.

Шашин шүтэх, эс шүтэх нь иргэний эрх. Гэхдээ бидний амьдран буй энэ нийгэмд чинь эрдэм номоос илүү эд хөрөнгийг бурханчлан шүтдэг, булингартсан тархитай нь олшроод байгаа юм биш үү! Үүнээсээ болоод монгол хүний тусч энэрэнгүй, холч ухаан хумигдаж, зүрх сэтгэл нь цэвдэгшээд байгаа юм биш буй заа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн билээ. Ийм үед хөгшин миний бодол зөв гэж хатуу шийдээд, эрдэм номыг олон түмэнд түгээгч, нигүүлсэнгүй сэтгэлт Намсрай бурхнаа тахиулахаар хоёр хуврагт учирлан бурхнаа харууллаа.

“Эмээ! Энэ чинь Намсрай бурхан биш байна шүү дээ. Бид танд жинхэнэ Намсрай бурхны айлдвар хурж, даллага аваад өгье. Та наад зургаа цүнхэлчих” гэх нь тэр! Хувраг залуустай маргалдаад нэмэргүйг ойлгосон би “Үгүй ээ, хүүхдүүд минь, баян Намсрай бурхны айлдвар чинь бороо, цас шиг тэнгэрээс асгарч, ургамал ногоо шиг газраас ургаагүй, эрдэм номтой мундаг ухаантнууд л зохиосон юм гэдэг шүү.

Эрдэм ном, энэрэнгүй нинжин сэтгэлийг олон түмэнд түгээж явсан Намсрай эрхлэгчийг маань сайн таньж мэдэх Шаравын Сүрэнжаваас эхлээд үүнийг зохиож чадах чадалтай мундагчууд манай Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар зохиолчдоос олдоно” гэсэн итгэлээр хийдээс би гарсан билээ. Гэхдээ 108 зул өргөж, хэдэн ном айлтгуулж, эрхлэгчийнхээ хөргөөр эрдэм номыг даллан дуудагч бурхан бүтээлгэсэн ч миний сэтгэл амарсангүй. Намсрай эрхлэгчийнхээ ачийг хариулж чадаагүй ч түүний тухай бодож санаж явдаг олон олон дурсамжаасаа бусдынхтай давхардсан ч яадаг юм, бодол санаагаа илчилсэн хэдэн өгүүлбэр хэлхмээр санагдаад өчүүхэн хоёр дурсамжаа энд сийрүүлсэн минь энэ ээ.

ТЭР АРД ТҮМНИЙ ЭЛЧ БАЙВ

Он удаан жил удирдуулж, ач ивээлд нь багтан, ажил, амьдралаа залгуулж явсан “Үнэн” сонины нэгэн үеийнхэн, Монголын сэтгүүлчид Намсрай эрхлэгчийгээ “манай” хэмээн өмчлөх дуртай. Гэвч орчуулагч, Гэгээрлийн сайд, дипломатч, парламентын гишүүн, Олон улсын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбооны дэд ерөнхийлөгч гэхчилэн хашиж явсан албынх нь зах зухаас бичихэд нэгэн хуудсанд багтамгүй баян түүх намтартай Цэндийн Намсрай гэдэг хүн зөвхөн сэтгүүлч бидний төдийгүй Монголын нийт ард түмний элч болсон томоохон сэхээтэн байсан гэхээс аргагүй билээ.

1947 оноос МАХН-ын Их хуралд долоон удаа төлөөлөгчөөр оролцож, дөрвөн ч удаа Намын төв хорооны гишүүн, 1948-1951 онд Улсын бага хурлын гишүүн, 1963-1981 онд Ардын их хурлын депутатаар сонгогдон, төр, засгийн бодлого, шийдвэрийг түмэн олондоо сурталчлан хэрэгжүүлэхээр олон үндэстэн, ястны дунд ажиллаж байсныг нь алс хязгаарын Баян-Өлгий аймгийн казахууд, өмнийн цэнхэр говийн тэмээчин, малчид өнөө ч дурсан санагалзаж, “Манай депутат” хэмээн хүндэтгэн ярьцгаадаг юм. Тэр Ардын их хурлын депутатын хувьд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист урт, богино хугацаагаар ажиллаж, үй олон ажил амжуулаад зогсохгүй парламентын бүлгэмийн даргын хувьд дэлхийн улс орнуудад Монголын парламентын элч болж, олон улсын асуудлыг шийдэлцэж явсан нэгэн билээ.

Хаврын хавсарга хавирга нэвт салхилсан 1982 оны дөрөвдүгээр сард билээ. Эрхлэгч алс холын Африкийн Нигер улсын нийслэлд болсон ОУПХ-ны 69 дүгээр чуулганд оролцож ирээд “Хахир хатуу, цастай, шуургатай ч гэсэн эх орон минь ямар сайхан юм бэ. Одоо Нигерт чинь өдөр, шөнөгүй л нэмэх гучин хэмээс буухгүй юм. Мабос хот нь хог, тоосондоо дарагдаж, ус, гол нь хүртэл бохироор дүүрчихсэн газар байна. Ядаж л голд нь ганц шумбаад сэрүүцчих арга алга.

Би Монголын парламентын гишүүдийг ахалж дэлхийн 20 гаруй оронд очсон доо. Ийм орныг үзсэнгүй. Тиймээс л байгаль орчны бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх хурлыг зориуд Нигерт зохион байгуулсан байж л дээ. Харин өөрсдийнх нь бохир завааныг гадаадынхан шүүмжлэхээр тэд их дургүй юм. Баян орнууд бидэнд тусал! Мөнгө өгөх хэрэгтэй гэж өөдөөс шаардах юм аа. Өөрсдөө баян, хоосон, хар, цагаанаараа талцаад, төвийг сахисан орны саналыг олж авах гээд үзэлцээд салдаггүй дээ.

Африкийн үндсэн хүн ам чинь хар, бор арьстнууд. Сүүлд ирж суурьшсан цагаан арьстнууд нь баячуул байдаг болохоор хар, цагаанууд бие биеэ үзэхгүй ээ. Ямартай л зоогийн газарт “хар” арьстан, нохой хоёр орохыг хориглосон байх вэ дээ. Арьсны үзэл гэдэг чинь наад захын юман дээр ч ингэж илэрч байх юм” гээд тамхиа нэрж суусан сан.

Хэрэв Намсрай эрхлэгч маань өдийд биднийхээ дунд байсан сан бол Нигерийн Мабос шиг хог, утаандаа дарагдсан Улаанбаатар хот, бохироор дүүрсэн Туул, Сэлбэ голоо хараад маш ихээр харуусах

байсан даа. Дөчөөд жилийн тэртээ байгалийн бохирдлыг бууруулах асуудлаар Мабост болсон ОУПХ-ны 69 дүгээр чуулганд оролцоод ирэхдээ хэлэлцсэн асуудлын талаар манайд хэрэглүүштэй оновчтой санал, дүгнэлт Намсрай гуайн илтгэх хуудсанд тодорхой тусгасан л байж таараа. Хэрэв түүнийг архиваас аваад хардаг ухаарал өнөөдөр манай төр, засгийнханд байдаг сан бол Улаанбаатар хот, Туул, Сэлбэ голоо аврах оновчтой мэргэн санаа байгаад эргэлзэх юун билээ.

УУЧИЛЖ ЭНЭРЭХ, УРАМ ХАЙРЛАХ УХААН

Хүнийг, тэр тусмаа ажилтнаа уучилж ухааруулах, итгэж энэрэх нь Намсрай эрхлэгчийн удирдах арга барилын гол цөм байсан гэж боддог. Энэ талаар манайхан бүгд мэднэ. Ингэж ч бичдэг. Өдөр тутмын сонинд их, бага алдаа мадаг гарах, нийтлэлийн, ялангуяа шүүмжлэлт материалын талаар зарга заалхай гарч, эрхлэгчийн чихийг халууцуулахыг алийг тэр гэх вэ. Тэр тоолонд ажилтнаа буруушаан зэмлэхээс илүү учрыг олж, хужрыг нь тунгааж биднийгээ хамгаална.

Олон цагаар сууж ядрахдаа бидний зарим нь алжаал тайлж, зуун грамм уучихаад хэл аманд өртөх асуудал ч гардаг байв. Ийм нэг жишээ хэлье. 1967 оны Октябрийн баярын үеэр юм даг. Манай Ц.Гайтав (Соёлын гавьяат зүтгэлтэн), А.Чойжилжав, Д.Шагдарсүрэн нар ажлын дараа өрөөндөө жаахан уучихаад халамцуу гарч яваад сэргийлэхэд баригдчихжээ. Тэр үед сонины газар, сэргийлэх хоёр хөрш байсан цаг.

Маргааш нь манай сонины Дэлэг эрхлэгч рүү сэргийлэхээс утасдаж, болсон явдлыг анхааруулжээ. Өглөө нь биднийг сониноо ярихаар эрхлэгчийн өрөөнд ороход Дэлэг гуай маш их уурлаж, нөгөө гурвыг эрхлэгчийн өрөөнд дуудан оруулав. Намсрай эрхлэгч тэр талаар сонсоогүй юм шиг дуугарсангүй. Бид сониноо ярьж дуусаад өрөөнөөс нь гарлаа. Тэр гурав зогсоод үлдсэн. Үдийн завсарлага болтол эрхлэгч тэдэнд нэг ч үг хэлэлгүй байсаар цайндаа гараад явчихжээ.

Тэд ч эрхлэгчийг иртэл өрөөнд нь зогсож л байж. Сониныхоо маргаашийн дугаарыг ярилцахаар өдрийн гурван цагт бид эрхлэгчийн өрөөнд дахиад цуглав. Дугаараа ярьж дуусаад гарах болоход Намсрай эрхлэгч “Энэ гурвын байж байгааг, хор идсэн шаазгай шиг. Идэж, ууснаа ч шингээж чадахгүй. Заавал сэргийлэхийн урдуур салганаж явж байгаад баригдчихдаг нь. Явж ажлаа хийцгээ” гээд гаргаж билээ. Үүнтэй төстэй явдал Шарав-Иш гуайд маань нэлээд олон удаа тохиолдсон юм даг. Шарав-Иш гуайг олох даалгавар нэг удаа надад тохиов. Арайхийж олоод ирлээ. Эрхлэгч түүнийг өрөөндөө оруулаад олон юм ярьж үглэж загнасангүй. “За Шарав-Иш минь, бурантаг чинь тасарсан шүү. Үүнээс хойш яахаа чи өөрөө мэдээрэй л...” гээд гаргасан.

Бурантаг тасарснаа бүрэн ойлгосон Шарав-Иш гуай маань ч үнэхээр засарсан, энэ хоёрхон баримтаас аваад үзэхэд хүнийг уучилж, ухааруулах, энэрэн нигүүлсэх ухаан гэж үүнээс өөр юуг хэлэх билээ хэмээх бодол сэтгэлд буудаг юм. Манай сониныхон алдаа гаргавал аврах хүн дэргэд байдаг гэж даварч байгаагүй ээ. Ахин алдахгүйн төлөө эрхлэгчийнхээ итгэл, найдварыг биелүүлэхийн төлөө нэгэн сэтгэл, зүтгэлээр л ажилладаг байсан юм.

Эрдэм, ачлалыг нь хамгийн их авсан хүн шүү, би. Намсрай гуайг “Үнэн” сонины эрхлэгчээр 20 гаруй жил ажилласан хугацаанд үүдний жижүүрээс эхлээд түүний орлогчид хүртэл Намсрай гуайн ач тусыг аваагүй хүн үнэндээ байгаагүй юм шүү. Энэ хүний ач ивээлээр гадаад, дотоодод сургуульд явж мэргэжил боловсрол эзэмшсэн, эрдэмтэн мэргэд болсон, эмчлүүлж, сувилуулж эрүүлжсэн хүнийг нэрлэвэл тоймгүй олон билээ. Тэдний нэг нь би.

Хөдөө нутагт жирийн л нэг малын эмч байсан намайг аймгаас 1963 онд “Үнэн” сонинд авч ажиллуулсан. Хэдэн жил ажиллаад Намсрай эрхлэгчийн шийдвэрээр би Москвад Коммунист намын дээд сургуульд сурч, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Хүнд өвчтэй байсан үед ч эрхлэгч маань миний аминд орсон. 1972 онд миний элэг муудаж, “элэгний цирроз” онош тавигдаж, үхлээс өөрийг бодохгүй болсон байлаа.

Тэр үед манай сониныхноос миний тухай эрхлэгчид дуулгажээ. Хожим сонсоход Шарав-Иш гуай л хэлсэн юм билээ. Нэг өдөр эрхлэгч намайг дуудлаа. Ажил ярих нь гэж бодоод дэвтэр, үзгээ аваад оров. Гэтэл шууд л “Чиний элэг тийм муу байгаа юм уу” гэж асуулаа. Би үнэнээ л хэлэв. “Элгийг Германд л сайн эмчилдэг юм гэнэ. Би Германы сэтгүүлчдийн холбоотой ярья. Тэнд явж эмчлүүл” гэв. “Би гадагшаа явмааргүй байна, эрхлэгч ээ” гэлээ.

“Тэгээд голио зам дээр хэвтэж азаа үздэг шиг хаашаа ч явж эмчлүүлэхгүй үхэх юм уу” гэв. “Үгүй ээ, би нутаг руугаа яваад ирмээр байна” гэж намайг хэлтэл “Чи нутаг руугаа явж яах гэсэн юм бэ” гэхээр нь “Би тарваганы цөс залгимаар байна, хүмүүс сайн гэх юм” гэж үнэнээ л хэллээ. “Тэгээд заавал Баянхонгорын тарваганы цөс хэрэгтэй юм уу” гэхээр нь “Үгүй ээ, хотын ойролцоо таних айл байхгүй болохоор л нутаг руугаа явах гэсэн юм” гэж би бодох санах юмгүй хэлчихлээ.

Эрхлэгч хонхоо дарж, нарийн бичгийн даргаа оруулж ирээд “Дамбажав, Шарав-Иш хоёрыг дуудаад ир” гэлээ. Би ч гайхаад л зогсож байв. Гэтэл эрхлэгч Дамбажаваас “Хотын ойролцоо тарвага агнах газар бий юү” гэж асуув. Дамбажав жаахан гайхсанаа “Хотоос хойш 20-30 км явбал байгаа л даа” гэж байна.

Гуравдугаар сарын сүүлч, тарвага ичээнээсээ гарчихсан үе байж таарсан л даа. “За тэгвэл та хоёр миний хөдөө явдаг машинаар энэ Дорждуламыг хагас, бүтэн сайн өдөр авч яваад тарваганы цөс залгиулаад ир. Алангуутаа л шууд цөсийг нь авч залгиулдаг юм гээ биз дээ. Шарав-Иш, чи түргэн өвчиж чадах уу, ус авч яваарай” гэв. Би бүр баярлаж, гайхаад нүдний нулимс бөмбөрч, “Баярлалаа” ч гэж хэлж чадалгүй өрөөнөөс нь гарч билээ. Би гурван удаа хагас, бүтэн сайн өдрөөр явж, цөс залгисан. Бас тэр үедээ Гунын фермээр орж сурвалжилга бичээд ирж байсан даа. Тэр эмчилгээ надад үнэхээр тус болж, аминд орсон. Өнөө хүртэл амьд мэнд, хорвоогийн тоос хөдөлгөж яваа нь энэ ачтай хүний буян гэж залбирч явдаг билээ.


Бэлтгэсэн: Д.Дорждулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)