МИАТ компанийн хувьчлалыг УИХ удахгүй хэлэлцэнэ

МИАТ компанийн удирдлагуудыг гэмт хэрэгт шалгаж эхэлсэн дуулианы ард тус компанийг хувьчлалыг түргэтгэх санаархал нуугдаж буй талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Иргэний агаарын тээвэрлэгч компанийн хувьчлалыг яаруулсан улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн санаархал эхнээсээ хэрэгжиж, УИХ тун удахгүй энэ асуудлыг хэлэлцэхээр болж байна. Өчигдөр хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Иргэний нисэхийн салбарыг хөгж үүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүд дуулиан шуугианы талбар болж буй МИАТ гэх “аймаар” газрыг шалавхан хувьчлах нь зөв гэж үзсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд МИАТ ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэнийг нь хувьчилна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байсан ч энэхүү дуулианаас өмнө энэ тухай асуудал хөндөгдөөгүй байв. Байнгын хороогоор хэлэлцсэн УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсыг чиглэсэн нислэгийг дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тусгажээ. Ямар тооцоо судалгааг үндэслэсэн нь мэдэгдэхгүй энэ өсөлт биелэх боломжтой юу гэсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн асуултад Ажлын хэсгийнхэн “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын иргэний агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар заасан, үүнд хүрэхийн тулд том зорилт тавьж байгаа” гэсэн бүрхэг хариу өгч байх юм. Түүнчлэн С.Одонтуяа гишүүн МИАТ компани “Чингис бонд”-ын мөнгөнөөр дөрвөн онгоц авах хүсэлт тавьсан. Бондын мөнгөөр онгоц авах гэж байгаа энэ үед компанийг хувьчлах асуудлыг ярихаа хойшлуулах нь зөв биш үү” гэв. С.Бямбацогт гишүүн МИАТ компанийг олон улсын нэр хүнд бүхий авиа компанид менежментийн хувьчлалаар өгөх нь зүйтэй” гэж байна.

Харин Ц.Даваасүрэн гишүүн “Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа бодох ёстой. Тийм учраас агаарын хөлгийн тоог нэмж, ачаа тээврийг хөгжүүлэх нь зөв. МИАТ компанийн удирдлагаар муу дарга нарыг томилсон нь төрийн алдаа. Энэ компанийг гадныханд хувьчилж хэрхэвч болохгүй. Би хүний морь унаж явтал тэр хүн морио авчихвал явган хоцорно. Хүний юм хүниийх л байдаг. Энэ компанийг төр хувьчлах юм бол өөртөө 51 хувийг биш бүр 70 хүртэл хувийг авах ёстой” хэмээв. Энэ бүгдийн эцэст Зам, тээврийн сайд А.Гансүх “МИАТыг хувьчлах асуудлыг одоо ярьж буй юм биш. Одоо хэлэлцэж буй тогтоолын төсөлд төрийн эзэмших хувийг 51-ээс доошгүй хэмээн тусгасан. Энэ нь компани дахь төрийн мэдлийн хувь 51-ээс дээш хэд ч байж болно. Асуудлыг УИХ-ын гишүүд хэлэлцэж шийдэх байх” гэсэн юм.

Тун удахгүй үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой агаарын тээвэрлэгч компанийн далд эзэн болохоор яарч буй бүлэглэл үүд “МИАТ компанид үндсэн хөрөнгө гэж байхгүй болсон, цалин, түрээсээ төлж чадахгүйд хүрсэн, аюулгүй ажиллагаандаа анхаарахгүй байна” зэрэг зохимол дуулиан дэгдээж эхэлбэл гайхах хэрэггүй бололтой. Эхний зорилгоо биелүүлсэн бүлэглэлүүд компанийн хувьчлах хувийг тун багаар үнэлүүлэх гарц хайх биз ээ.

Д.ОТГОНЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)