МИАТ-ийг эхлээд либералчлах уу, хувьчлах уу

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ агаарын тээврийг либералчлахын төлөө ханцуй шамлан “зодолдоно” гэж сүүлийн үед мэдэгдэх болов. Саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулганы эхний хэлэлцүүлгээр Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлалаа. Энэ бодлогын хүрээнд 79 төсөл хэрэгжүүлнэ гэж яригдаж буй. Эцэслэн батлаагүй байгаа эдгээр төслийн нэг нь агаарын тээврийг либералчлах аж.

Агаарын тээврээр Монголыг зорих жуулчдын тоог нэмж, эдийн засгаа тэтгэхийн тулд Засгийн газар ийм шийдвэр гаргажээ. “Зодоон хийх”-ээр адгаад буй Ж.Бат-Эрдэнэ танхимаасаа бодлогын дэмжлэг авчихсан гэсэн үг. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг удахгүй танилцуулна. Түүнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын тээврийг либералчилна” гэсэн өгүүлбэр байвал гайхах хэрэггүй.

Ж.Бат-Эрдэнийн дараагийн алхам Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг өөрчлүүлэх гэнэ. Уг баримт бичигт “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэлийг хангах зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд (Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар) хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн зах зээлийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтална” гэж заасан.

МИАТ компанийн хамгийн ашигтай ажилладаг чиглэлүүдийг хамгаалах энэ бодлогыг Ж.Бат-Эрдэнэ сайд “задлах” гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлүүдэд гадаадын авиа компани нислэг хийхийг зөвшөөрнө гэсэн үг. Ингэхээр тийзний үнэ хямдарна гэж сайд хэвлэлд ярилцлага өгчээ. Бодлогыг “задалбал” МИАТ гадаадын компанитай үнээр өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрэх нь мэдээжийн хэрэг. Ингэхийн тулд МИАТ-д бараа материал өндөр үнээр шахдаг бизнесийг зогсоох, катерингийн үйлчилгээг багасгах замаар үргүй зардлыг нь бууруулах арга хэмжээ авах гэнэ.

МИАТ компанийн менежментийг сайжруулах хүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Баттөрийг тодруулаад байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Тамирын албан үүргээ гүйцэтгэх гэрээний хугацаа ирэх сарын 16-нд дуусна. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ сайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Т.Тамирыг чөлөөлөх санал оруулжээ.

Гэвч Т.Тамир ажлаасаа чөлөө авсан учраас уг хурлаар асуудлыг хэлэлцээгүй гэнэ. Юутай ч үйл явдлын өрнөлөөс Зам, тээврийн хөгжлийн сайд яарч буй нь илэрхий байна. МИАТ компани 2016 онд 1.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тэгвэл өнгөрсөн жил 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт нь боллоо. Менежментийг нь илүү сайжруулна гэхээр үүнээс ч илүү ашигтай ажиллуулна гэсэн ойлголт төрүүлж байгааг анхаараарай.

...Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийн МИАТ-ийг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд шууд оруулах бодлогын сонголт зөв үү. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг өөрчлөх хэлэлцүүлгийг өрнүүлэхээр ийм асуулт эрхгүй тавигдах нь ойлгомжтой.
Зам, тээврийн сайд МИАТ компанид “шахааны бизнес” цэцэглэж, олон хүн ажиллаж, тансаглал нь хэрээс хэтэрсэн учраас гүйцэтгэх захирлыг нь солих болсноо зарласан. С.Баттөрийг МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилоод, 800 ажилчнаас нь хэдийг цомхтгоод, удирдлагуудынх нь цалинг хасаад, “шахааны бизнес”-ийг цэгцэлчихээр өрсөлдөөнд ялах хүч чадалтай болчихно гэж эндүүрэх хэрэггүй...

МИАТ ӨРСӨЛДӨӨНД ЯЛАХ УУ

МИАТ-ийн монополийг задлахад ядах зүйлгүй. Засгийн газраас төсөл боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлж, батлуулаад гүйцээ. Харин МИАТ өрсөлдөөнд ялж чадах, эсэх нь өөр хэрэг. Эл компанийг чөлөөт өрсөлдөөнд ялна гэж итгэх хүн цөөн байна. Учир нь олон сая ам.долларын өртэй, тавхан онгоцтой жижиг компани 500 хүртэл агаарын хөлөгтэй аваргуудтай өрсөлдөөд дийлэх үү. Аялал жуулчлал хөгждөг юм байж, МИАТ компани өрсөлдөөнд ялагдаад, зах зээлээс арчигдвал хэрхэх вэ.

Агаарын тээврээ либералчлаад өрсөлдөөнд ялагдсан Гүржийн бодит түүхийг МИАТ компанид олон жил ажилласан, ерөнхий захирлын албыг нь хашиж явсан Х.Александр эшилжээ. Гүржийн ерөнхийлөгч Саакашвили “Хямд нисэж чадахгүй бол чаддаг гадаадынхан нисэг” гэсэн шийдвэр гаргаж, агаарын тээврээ чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд оруулжээ. Гэтэл 10 жилийн дараа зорьсноос нь өөр үр дүн гарсан байна. Гүржийн 17 авиа компанийн гурав нь л тэсэж үлдэж, ойр зуурын нислэг үйлддэг болжээ.

Харин ашиг орлого сайтай чиглэлүүдэд нь туркүүд эзэн суусан байна. Тэд нисэх буудалд нь хүртэл хөрөнгө оруулснаар давуу байдлаа улам баталгаажуулсан аж. Нэгэнт зах зээлд нь эзэн суусан туркүүд тийзний үнээ дураар нэмэх болсон байна. Ингээд хямд үнээр нисэх гүржүүдийн мөрөөдөл талаар болжээ. Бусдад тохиолдсон гашуун түүх биднийг тойрох уу, дайрах уу гэдгийг бодох л хэрэгтэй.

Агаарын тээврийг либералчлах нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Харин цаг хугацааны тохиромжтой нөхцөл чухал ажээ. Үндэсний агаарын тээвэрлэгч нь зах зээлдээ хөлөө олсон, хэнтэй ч өрсөлдөхөөр олон агаарын хөлөг, үйлчилгээтэй бол айх зүйлгүй гэж энэ салбарынхан ярьж байна.

Дахиад дурдахад, МИАТ гэж дэлхийн аваргуудтай харьцуулахад хөл дээрээ тэнцэж ядаж буй жижиг компани өрсөлдөөнд ялагдаад, “өнхөөрөөд өгнө” гэж тэд айж суугаа. Орлогынхоо дийлэнхийг бүрдүүлдэг чиглэлүүдийг бусдад найр тавиад өгчихвөл бүр ч баларна гэж балмагдаж байгаа. Товчхондоо, энэ салбарын зарим мэргэжилтэн агаарын тээврийг либералчлах цаг нь болоогүй гэж бодож байна.

ХУВЬЧЛАЛ ЯЛАЛТ АВЧРАХ УУ

Агаарын тээврийг либералчлах бодлогын араас МИАТ компанийг хувьчлах шийдэл заавал хөндөгдөнө гэх хардлага бий. Зам, тээврийн хөгжлийн сайд “МИАТ-ийг хувьчлах нь зөв” гэж байр сууриа илэрхийлсэн нь ч хардлагыг улам лавшруулав бололтой. Энэ компанийн үе үеийн удирдлагуудын ажлын арга барил гологдож ирсэн гэхэд хилсдэхгүй. Улс төрийн нөлөөн дор ажиллаж ирсэнтэй ч холбоотой биз.

Төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсний дараа өнгө ороод, үйл ажиллагаа нь мэдэгдэм сайжраад явчихдагийг иргэд мэднэ. Тэгэхээр хувийн хэвшлийнхнийг МИАТ-ийн менежментэд оролцуулбал өрсөлдөх чадвар нь нэмэгдэх нь дамжиггүй. Гэхдээ яаж хувьчлах вэ гэдгийг сайтар бодох учиртай. АН-ынхан МИАТ-ийн хувьцааны 49 хувийг хөрөнгийн зах зээлд арилжих талаар ажил эхлүүлсэн удаа бий. Гэхдээ үр дүнд хүргэж чадаагүй.

МИАТ-ийн хувьцааг 100 хувь хувийн хэвшилд шилжүүлэхийг улстөрчид хүчтэй эсэргүүцдэг. Тэд “Монгол Улсын төр өөрийн гэсэн унаатай байх ёстой” гэж үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарладаг юм. Тэгэхээр уг компанийн хувьцааны хяналтын багцыг төрийн мэдэлд үлдээгээд, тодорхой хэсгийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар хувьчилбал улстөрчид дэмжих магадлалтай.

Сүүлийн үед мэргэжилтнүүд хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалж, МИАТ-ийг өөд нь татаж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх хэрэгтэй гэж ярих болжээ. Олон нийтэд арилжих хувьцааных нь тодорхой хувийг иргэний агаарын тээврээр мэргэшсэн, туршлагатай компанид арилжиж, тэднийг менежментийнх нь багт ажиллуулах хэрэгтэй ч гэж үзэх хүн бий.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд барилга байшин барих, онгоц худалдаж авах гээд МИАТ компанид хөрөнгийн хэрэгцээ байгаа. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоод барилга байшин бариад, хувийн хэвшлийн менежментийн арга барил нэвтрүүлээд ажиллах нь МИАТ компани өрсөлдөөнд ялах нэг хөшүүрэг болох нь дамжиггүй.

БОДЛОГЫН СОНГОЛТ ЗӨВ ҮҮ

Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийн МИАТ-ийг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд шууд оруулах бодлогын сонголт зөв үү. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг өөрчлөх хэлэлцүүлгийг өрнүүлэхээр ийм асуулт эрхгүй тавигдах нь ойлгомжтой. Зам, тээврийн сайд МИАТ компанид “шахааны бизнес” цэцэглэж, олон хүн ажиллаж, тансаглал нь хэрээс хэтэрсэн учраас гүйцэтгэх захирлыг нь солих болсноо зарласан.

С.Баттөрийг МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилоод, 800 ажилчнаас нь хэдийг цомхтгоод, удирдлагуудынх нь цалинг хасаад, “шахааны бизнес”-ийг цэгцэлчихээр өрсөлдөөнд ялах хүч чадалтай болчихно гэж эндүүрэх хэрэггүй. Хямд үнэтэй үйлчилгээнээс гадна зах зээлдээ эзэн байх, байр сууриа хадгалах тамир тэнхээ хэрэгтэй. Тус компанийн удирдлагууд “Манай тийзний үнэ бусад авиа компаниас 70-80 мянган төгрөгөөр хямд” гэж ярьдаг. Уг нь үнийн өрсөлдөөнд МИАТ ялаад байгаа юм бус уу.

Тэгэхээр тамир тэнхээ, чадал чансааг нь нэмэхийн тулд хувьчлаад хөрөнгө оруулалт татаж, хүчин чадлыг нь нэмээд, менежментийг нь өөрчилсний дараа өрсөлдөөнд оруулбал ямар вэ гэсэн асуулт “ургана”. Өөрөөр хэлбэл, залуу бөхийг аваргуудтай барилдуулахын тулд бэлтгэл сургуулилалт сайн хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Бэлтгэл сайтай бөх аваргыг хаяна, бяргүй бол унана.

Үндэсний агаарын тээвэрлэгчээ хөрөнгө оруулагчидтай хамтарч өөд татаад, өрсөлдөөнд оруулах уу, байгаа чигээр нь барилдуулах уу гэдэг бодлогын сонголтын аль нь зөв бэ? Агаарын тээврийг либералчлах, МИАТ-ийг хувьчлах нь нарийн тооцоо судалгаа хийж, долоо хэмжиж нэг огтлох шийдэл яах аргагүй мөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)