Меган Ян Дэлхийн мисс боллоо

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан өнгөрсөн бямба гаригт Индонезийн Бали аралд болж өндөрлөлөө. Энэ удаагийн ялагчаар Филиппин улсын гоо бүсгүй Меган Ян тодорсон юм. Тэрбээр “Miss world 2013” тэмцээний турш ямар нэгэн төрөлд тэргүүлээгүй ч үзэгчдийн сонголтоор эцсийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болсон юм. Өмнөх жилүүдийн дэлхийн гоо бүсгүйчүүдтэй хамт дуурийн дуу дуулж авьяасаа гайхуулсан Меган Ян 23 настай бөгөөд телевизэд нэвтрүүлэгч хийдэг аж.

Уралдааны удаах байрт Франц, Гана улсын миссүүд шалгарсан. Дэлхий нийтийн эв санааны нэгдэл, хүмүүнлэг үйлсийг алдаршуулах нь энэ уралдааны зорилго юм. 127 орны гоо бүсгүйчүүдийг нэгэн дор цуглуулж, авьяас, чадварыг нь сорьсон тэмцээнд улс бүр үндэсний ялагчаа тодруулан оролцуулдаг уламжлалтай. Харин монголчууд хараахан энэ шалгуурт тэнцээгүй ч улсаа төлөөлөх оролцогчийг жил бүр илгээсээр байдаг юм. Ирэх жилийн “Дэлхийн мисс-2014” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордост болох аж.


 С.СЭРГЭЛЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)