М.БӨХБАТ: ЖҮДОЧИД ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛСЭН

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхиий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай уулзаж ярилцсанаа сонирхуулья.

-Лондон хүрэх зам хэр урт байв?

-Лондон хүрэх зам нэлээн адал явдалтай байлаа. Баг тамирчид маань 2008 оны олимпийн дараагаас эхлэн тэмцээнд орж эхэлсэн. Дандаа бүтэн багаар тэмцээнд явж байсан. Тэгээд энэ олимпод есөн тамирчинтай орж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн жүдогийн төрөлд багаараа 15-р байрт орлоо.

Миний хувьд Лондонд ирсэн зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Түвшинбаяр маань алтын дайтай мөнгөн медаль авлаа. Монголын ард түмэн бүгдээрээ үзэж харсан байх. Бас ОУХМ С.Ням-Очир маань үнэхээр сайхан барилдаан үзүүлж, хүрэл авлаа. Даваа бүрт хүндхэн, их л аз туршсан барилдаанууд хийсэн. Цаашдаа бокс, чөлөөт бөх гээд гол төрлүүд маань медаль авах байх аа.

-Түвшинбаярт монголчууд их санаа зовж байна. Гэмтэл нь хэр хүнд байгаа бол, хэзээ бүрэн эдгэх бол гээд л...

-Бид тэмцээний дараа яаралтай түргэн тусламжийн унаагаар хүргүүлж, тосгоны нэгдсэн эмнэлэг дээр очсон. Тэндээ шинжилгээ хийлгэж, зураг авахуулсан. Мөн өвдөг дагнасан мэргэжлийн эмчид үзүүлсэн. Ер нь Түвшинбаярын бэртэл нэлээн хүндэвтэр талдаа орно. Гэхдээ залуу хүн байна. Эмчилгээ хийлгээд эдгэрэх бүрэн бололцоотой.

-Барилдсан бусад бөхийнхөө талаар юу хэлэх вэ?

-Манай тамирчид түвшин, арга барил, ур чадварын хувьд ямар ч бөхтэй ойролцоо гэж бодож байна. Зарим нэг тамирчин яльгүй алдаа, сэтгэл санаанаас болж ялагдсан тал бий. Хэн илүү дайчин, зоригтой, өөртөө итгэлтэй барилдсан нь ялдаг юм байна. Дээр нь дандаа залуу тамирчид энэ олимпод түрүүллээ. Тэгэхээр залуу тамирчдын наадам болж байна гэж дүгнэж болно.

-Цагаанбаатарт Монголын ард түмэн бүгд найдаж байсан боловч санасанд хүртэл барилдсангүй. Юунаас болсон юм бол? Та өөртэй нь ярилцсан уу?

-Цагаанбаатар монгол түмнийг олон жил төлөөлж амжилттай барилдсан, яах аргагүй манай шилдэг бөхчүүдийн нэг. Бүх л тэмцээнээс медаль авсан цорын ганц тамирчин шүү дээ. Энэ тэмцээнд өөрөө их том зорилго тавьж ирсэн. Харамсалтай нь эзэн орны бөхөд цаг дуусах мөчид хожигдсон. Мэдээж уралдаан тэмцээн юм чинь нэг нь ялж, нэг нь ялагдана. Олимп Цагаанбаатарын хувьд хатуу байлаа.

-Тэмцээний шүүлт мэргэжлийн хүний нүдээр дүгнэхэд ямархуу байв?

-Шүүлт харьцангуй дажгүй болсон гэж бодож байна. Бусад спорттой харьцуулахад жүдогийн шүүгчдийн түвшин өндөрт хүрсэн. Видео дүгнэлт хийж, барилдааныг дахин харж байна. Дээрээс нь давхар давхар шалгаж байгаа болохоор шүүлт гайгүй болсон. Гэхдээ хүн шүүж байгаа л юм чинь алдаа гаргах тохиолдол байсан л даа.

-Жүдогийн тэмцээнд уран гоё барилдаан цөөрсөн юм уу гэж олимп үзэж байх үед санагдлаа. Энэ нь юутай холбоотой бол?

-Энэ талаар мэргэжлийн багш, дасгалжуулагчидтай ярилцаж, санал бодлоо солилцсон. Олимпод хамгийн дээд түвшний тамирчид ирсэн. Дээрээс нь бие биенийхээ барилдааныг дэндүү их судалсан. Тийм болохоор зарим барилдаан цаг сунгах, торгуулах, хантэйгаар ялагчийг тодруулах байдлаар өндөрлөсөн. Дэлхийн цом, ДАШТ-д харьцангуй олон тамирчин оролцдог, дээрээс нь залуу тамирчид ирдэг болохоор уран сайхан барилдаан олон гардаг байх. Харин олимпийн хвьд шилдгийн шилдгүүд барилдаж байгаа болохоор хэн илүү шатрын нүүдэл нүүнэ, тэр тамирчин ялах магадлал их байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Энэ дамшрамд хэлэхэд жүдог дэмжиж тусалсан их л олон хүн байгаа. Тэдэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. Бид ямар ч байсан нэг даваа давлаа. Цаашид илүү хичээж ажиллах болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)