Машин жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээнэ

УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.

 Уг хуулийн зарим хэсэгт Ерөнхийлөгч хориг тавьсан ч хоригийг УИХ-аар хэлэлцсний дараа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хуулийн байгууллагууд хийж байгаа аж.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад заалтыг яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон юм.

Тэгвэл тус Өршөөлийн хуулиар долоодугаар сарын 2-ноос өмнө машин жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх ёстой юм.

Энэ талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим хүн байна. Эдгээр иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүл гэх чиглэл өгсөн”  гэв.

Хуульд өршөөлийг үзүүлэхэд ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд  цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийх гэнэ.

Түүнчлэн Өршөөлийн хуулиар хорих ангид ял эдлэж буй 1700 орчим хүн суллагдах бол  4200 орчим хүнд Өршөөлийн хууль үйлчлэхгүй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)