Мах экспортлох зөвшөөрөлтэй компаниуд квотоо зарсан гэв үү

Засгийн газар мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжийг эрэлхийлж, ОХУ, БНХАУ, Японд мах экспортлохоор болсон. Тухайлбал, 2019 онд БНХАУ руу нийт 30 мянган тонн адууны мах экспортлохоор тооцоод буй билээ. Улмаар ХХААХҮ-ийн сайдын А/18 дугаар тушаалаар байгуулсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн өнгөрсөн есдүгээр сарын 18-ны шийдвэрээр энэ оны есдүгээр сараас 12 дугаар сарын хооронд стратегийн хүнс болох 16 мянган тн гаруй адууны мах экспортлох тусгай зөвшөөрөл 18 аж ахуйн нэгжид олгосон юм.

Уг тусгай зөвшөөрлийг авахын тулд өндөр шаардлага хангасан байх ёстой аж. Тухайлбал, экспортлогч болон импортлогч улс хоорондоо Мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг тохирсон байх, Монгол Улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг зайлшгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан байх, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь импортлогч улсын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэж, тухайн улсад мах, махан бүтээгдэхүүн импортлох магадлан итгэмжлэл авсан байх гэх зэрэг шаардлагыг давсан байх зэрэг шалгуур тавьдаг гэнэ. Тэгвэл сонгон шалгаруулалтад тэнцсэн уг 18 компани хамгийн багадаа 15, түүнээс дээш 2100 тн хүртэл хэмжээгээр адууны шинэ, хөргөсөн, хөлдүү, ястай, ясгүй мах өмнөд хөрш рүү гаргах зөвшөөрөл аваад буй аж. Тэгвэл энэ 18 аж ахуйн нэгж дунд Засгийн газраас авсан квотоо “Эмээлт” зэрэг газарт мах бэлтгээд хадгалж буй хятад, монгол хүмүүст борлуулж байж болзошгүй гэх мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагынхан шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар зарим аж ахуйн нэгж нь авсан квотынхоо нэг кг тутамд 10 юань нэмж эрхээ зарж байгаа гэх мэдээллийн мөрөөр шалгалт хийж байгаа гэнэ. Шалгалтаар өөрсдийн үйлдвэргүй атлаа адууны мах бэлтгэж, хил давуулах тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж ч байсан нь тодорхой болжээ. Тухайлбал, цагдаа, тагнуулынхны шалгалтын явцад “Грийнгрэсс ланд” гэх, энэ онд 1200 тн адууны мах экспортлох тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь мал төхөөрөх, мах боловсруулах өөрийн гэсэн үйлдвэргүй байсан нь илэрсэн гэнэ. 

Тэгсэн атлаа тус компанийнхан 2017 онд 5000 гаруй, 2018 онд 2000 илүү, энэ жил 2800 тн түүхий мах экспортлох зөвшөөрөл авсан байх юм. БНХАУ-ын иргэн Сүн гэх хүний үүсгэн байгуулсан эл компанийг манай улсын бүртгэлд 2009 онд бүртгэсэн бөгөөд улсын хилээр үржлийн үхэр, хонь, ямаа импортлох, үржлийн адуу, үхэр, хонь, ямаа экспортлох, мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа явуулдаг юм байна. “Грийнгрэсс ланд” ХХК-ийнхан 2015 онд 700 гаруй толгой амьд адуу, 2016 онд хонины 94, ямааны 74, адууны 2200 гаруй тн мах экспортолсон гэнэ. Хамгийн сүүлд буюу энэ оны аравдугаар сарын сүүлчийн байдлаар 1800 гаруй тн адууны мах хилээр гаргасан аж. Энэ мэт мэдээлэлд үндэслэн өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Мах худалдан авч хадгалж, ханшийн хөөрөгдөл бий болгоод буй хятад, монгол наймаачдад квотоо кг тутамд нь 10 юань нэмж зарж буй гэдэг нь баталгаатай бол уг 18 аж ахуйн нэгж хэдэн зуун сая, тэрбумаар нь ашиг олж байгаа бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)